Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Энэ тэмдэглэлт өдрийг угтан бид та бүхэнтэй маргааш буюу гуравдугаар сарын 06-нд “Хүн театр”-т өөрийн бие даасан дөрөв дэх тоглолтоо толилуулах гэж буй ёочинч Ч.Марал-Одыг танилцуулж байна.
Өөрийг тань Ховд аймгийн Эрдэнэбүрэнгийн хүүхэд гэж дуулсан. Танай нутгийнхан, тэр дундаа Ховдын ард түмнийг хэзээнээсээ л дуучин, хөгжимчин хүмүүс байдаг гэлцэх юм. Үүнтэй санал нэгдэх үү?
-Тэгэлгүй яахав. Манай Ховдын ард түмэн их авьяаслаг хүмүүс. Тэнд олон ястан үндэстэн амьдардаг. Өндөр уул, оргил ихтэй нутаг учир эрэгтэй тенор хоолойтой дуучид төрөн гарсан байдаг. Зон олон нь урлагт хайртай, залгамжилж ирсэн учир урлагийн хүмүүс олноор төрсөн гэж боддог.
Ёочин хөгжмөөр дагнадаг уу?
-Анх 2002 онд Хөгжим бүжгийн коллежид элсэн суралцсан цагаасаа хойш тасралгүй 22 жил энэ хөгжимтэйгөө нөхөрлөж байна.
Яаж яваад энэ хөгжимтэй нөхөрлөчхөв?
-Ээж минь миний анхны багш. Түүнийг Дарьсүрэн гэдэг. Төрөлх нутагтаа олон жил дуу хөгжмийн багш хийсэн хүн дээ. Ховд аймгийнхан түүнийг минь андахгүй дээ. Би багадаа дуулдаг, бяцхан миссийн тэмцээнд орчихдог охин байлаа. Тухайн үед “Яргуй” наадам, “Би Эстрадын дуучин” зэрэг тэмцээнүүд болдог байсан. Тэр болгонд ээж маань бэлдэж оролцуулдаг байлаа. Би ч их амжилт гаргадаг байж. Ер нь аав, ээжийн мөрөөдөл намайг дуучин болгох байсан байх. Тэгээд багаас минь хөгжмийн боловсрол олгож, хөгжимтэй найзлуулсан хэрэг.
Хөгжмөөр дагнасан бие даасан тоглолт гэхээр сонирхол төрж байна л даа?
-Өмнө нь би гурван удаагийн бие даасан тоглолтоо хийсэн. Энэ удаад бүх зүйл өөр байх болно. Хамгийн сүүлд 2021 онд “Vivace” нэртэй тоглолтоо тавьсан. Гурван жилийн ар дээр ээлжит тоглолтоо толилуулах гээд бэлтгэл ажилдаа орчхоод явж байна.
Яагаад заавал ёочин гэх хөгжим юм бэ. Бусад зэмсгээс юугаараа өөр болоод таны сэтгэлийг татав?
-Ёочин бол Монгол үндэстний таван гол хөгжмийн нэг. Төгөлдөр хуурыг дэлхийд даяар хаан хөгжим гэдэг шүү дээ. Үүнтэй адил ёочин нь Монголын хаан хөгжим юм л даа. Үндсэн тав дотор морин хуур, ёочин, лимбэ, шанз, ятга багтдаг. Эдгээр дундаа хамгийн гол хөгжмийг нь би тоглодог. Ёочин хөгжим нь дуугаралтын цараатай, хөгжимчнөөс өндөр ур чадвар шаардсан, цоглог хэмнэлтэйгээрээ онцлог. Гэхдээ бүх хөгжим л ур чадвар шаардана. Харин ёочин бол нүдний хараа, хурд зэргийг дээд зэргээр шаарддаг. Ер нь бол ээж маань ёочин тоглодог байсан учир өөрийн мэдэлгүй л энэ хөгжмийг сонгосон доо.
Та тэгвэл соёлын өв тээгч юм байна?
-Нэг талаараа тийм гэж хэлье. Яагаад гэвэл би бахархалт энэ хөгжмийн зэмсгээ бүрэн эзэмшээд, тоглоод явж байгаа шүү дээ. Яах вэ, дэлхий нийтэд энэ хөгжим янз бүрээр дэлгэрчихжээ. Бас бид дотооддоо энэ хөгжмийг үйлдвэрлэж чадахгүй байгаа ч Монгол арга барилаараа л тоглож яваа.
-Одоо хийх тоглолт тань өмнөх гурваасаа юугаараа өөр байх бол?
-Тоглолтоос тоглолт болгонд л улам хичээж, нямбайруулж байгаа. Энэ удаагийн тоглолт гурван хэсэгтэй. Эхнийх нь ёочин хөгжим үндэсний хэв маяг, ардын дуу, лимбэ хөгжимтэй хэрхэн хоршдогийг харуулна. Удаах хэсэгт сонгодог, мэргэжлийн уран бүтээл, “beatbox”-той хэрхэн хосолж болохыг харуулах бол гурав дахь хэсэгт орчин үеийн залуусын сонирхолд нийцсэн уран бүтээл тоглож болдгийг харуулахыг зорьсон.
-Тоглолтын нэр “Strings 144” шүү дээ. Магадгүй ёочин хөгжмийн утас, чавхдас 144 ширхэг байдаг уу?
-Зөв таамагласан байна. Манай ёочин 144 төмөр чавхдастай. Үүнийг хүмүүс танилцуулах үүднээс энэ нэрийг сэтгэсэн. Өмнөх тоглолтын “Vivace” нь хөгжмийн түргэн, цоглог хэмнэлийг илтгэх үг л дээ. Тоглож буй хөгжимтэй минь зохицох учир бас тэгж нэрлэсэн.
Ёочин хөгжим таны хувьд хэн нэгэн байж чадах уу?
-Охин минь санаанд орж байна даа. Хайрлаж, нандигнамаар, хамгаалмаар санагддаг зүйл учраас шүү дээ.
Хөгжмөө хүүхэд шиг ээ л хайрладаг байх нь?
-Тийм шүү.
Бөхчүүд зодог, гутал илээх гэж ярьдаг шүү дээ. Таны хувьд төдийгөөс өдий хүртэл хэдэн ёочин илээв?
-Сонин асуулт байна шүү. Анх Хөгжим бүжигт ороход хөгжмөө хайрлах тухайд суралцсан. Хэмжээний хувьд том, гитар шиг дуртай нь барьж аваад тоглочихдог эд ч биш. Хамгийн анхны ёочинг наймдугаар ангид байхад ах маань “Улам сайн сураарай” гэж ерөөгөөд бэлэглэж байлаа. Тэрнээс хойш гурав дахь хөгжмөө тоглоод явж байна. Ер нь бол удаан эдэлж, өдөр бүр хөглөж гэмээн хөглөгдөж, сайхан дуугарч байдаг хөгжим юм л даа. Тийм болохоор цөөхөн хөгжим элээсэн. Хоёр хөгжим элээгээд, гурав дахиа тоглож байгаа гэж ойлгож болно.
Өмнөх хоёроо яасан юм бол?
-Байж л байгаа. Сүүлийн үед өөр нот нэмэгдэж үйлдвэрлэгдэх болсон учир жаахан хоцрогдсон доо. Бусдаар зүв зүгээр ажиллаж байгаа. Хайртай шүү, тэдэндээ.
Гитар гэхэд л зургаахан утастай. Гэвч 144 утас таньж цохино гэдэг бас л хүнд биз?
-Тэгэлгүй яахав. Толгойг ч ажиллуулна, хөгжимчнөөс өндөр чадвар шаардана. Гэхдээ дэндүү олон жил энэ хөгжмөө тоглосон болохоор одоо нүдээ аниатай байсан ч алдахгүй тоглож чадна шүү. Цаашдаа улам сайн болохын төлөө хичээж байгаа.
Анх энэ хөгжимтэй танилцаж байх үеийн Марал-Од одоогийн Марал-Одыг таних уу?
-Маш олон зүйл өөрчлөгдсөн. Би 2010-2020 оныг хүртэл 10 жил “Улаанбаатар чуулга”-д ажилласан. Хөгжим бүжигт байсан Марал-Од, ажлын байран дээр гарсан үеийн Марал-Од гээд жишээлэхэд тэс ондоо юм байна шүү. Ганцхан адил зүйл нь өдөр бүр хичээж, сайжрахын төлөө байдаг зан нь л юм шиг байна.
Хөгжимчний авьяас төрмөл үү, олж авдаг зүйл үү. Энэ тухайд таны бодол ямар вэ?
-Аль аль нь л байдаг байх. Нэг хувийн авьяас, 99 хувийн хичээл зүтгэл гэдэг дээ. Гэхдээ төрмөл авьяастай байсан ч маш их хөдөлмөрлөх хэрэгтэй. Юу хэлэх гээд байна вэ гэхээр, бүгд л хөдөлмөрлөж байж амжилтад хүрдэг шүү.
Таны хувьд хүртэхийг хүсдэг шагнал, эсхүл хөгжимтэйгөө гарч үзэхийг хүсдэг тайз бий л байх?
-Шагналын тухай боддоггүй. Харин гарч үзэхийг хүсдэг том тайз бий. Гэхдээ хэлмээргүй байна. Хэлчихвэл утгагүй байж магадгүй болохоор тэр тайзан дээрээ гарсныхаа дараа л гарчихлаа гэдгээ харуулъя.
Та чинь 2018 онд Соёлын тэргүүний ажилтан болсон юм байна шүү дээ?
-Тийм ээ. Тухайн үед “Улаанбаатар чуулга”-аас тодорхойлолт бичиж, шагнал хүртэж байлаа. Тэр үед өөрийгөө авах болоогүй, хэтэрхий балчир байна гэж ихэд голсон доо. Бас их ичиж байсан. Байгууллагын томоохон тоглолт, өөр бусад тэмцээн, уралдаануудад олон удаа оролцож, удаа дараа шагнал хүртсэн болохоор манайхан намайг үнэлсэн байх гэж боддог. Гэхдээ одоо ч гэсэн өөрийгөө Соёлын тэргүүний ажилтан гэж дуудуулах арай болоогүй гэж бодоод, ичдэг шүү.
Жаахан хүү тоглолтоо хийгээд л СТА цолтой болчихсон уу, яав. Ер нь тан шиг хөгжимчин хүн энэ цолонд ямар замыг туулж байж хүрдэг юм бэ?
-Маш их хичээл зүтгэл, цаг хугацаа, дотоод сэтгэлийн хүчин зүйлсийг зольж байж бид ХӨГЖИМЧИН гэх алдар нэрийг олж авдаг. Бас бүгдээрээ энэ ажилдаа дуртай, хайртай.
Хаа газрын хөгжимчид аливаа зүйлээс гадуур орхигдох хандлага ажиглагддаг. Цалин, хөлс муутай гэх мэт... гэвч бид огт шантардаггүй, бас урвадаггүй.
Одоо та Баянзүрх дүүргийн соёлын ордонд ажиллаж байгаа. Яагаад чуулгаасаа гарсан юм бэ?
-“Улаанбаатар чуулга”-даа 10 жил тасралтгүй зүтгэсний эцэст хувиараа уран бүтээл хийе гэж зориглоод өөрийн хүсэлтээр гарч байлаа. Гэхдээ ажлаасаа гараад л шууд цар тахлын үетэй нүүр тулсан. Гэвч шантралгүй сууж, тоглолтоо сайжруулсаар л байсан даа. Удалгүй 2021 онд өмнөх тоглолтоо хийсний дараа одоогийн ажлаас минь санал ирсэн. Хүмүүсийн сайн мэддэгээр “Жанжин клуб”-тээ хоёр жил ажиллаж байна. Уг нь бол Баянзүрх дүүргийн соёлын ордон шүү дээ. Энэ сайхан газар маань энэ онд 100 жилийн түүхэн ойгоо тэмдэглэх гэж байгаа. Би бас ойгоор нь бэлэг барьж, өөрийн тоглолтоо толилуулж байгаа юм аа. Урлагийн ууган байгууллагуудын нэг дээ. Энд олон мундаг залуучууд төрөл бүрийн дугуйлан хичээллүүлдэг.
Хөгжим тоглож байхдаа та юуны тухай ихэвчлэн боддог вэ. Хөгжим тоглоход тухгүй, таагүй үе гэж байдаг болов уу?
-Хөгжим тоглоход таагүй үе гэж байхгүй. Эсрэгээрээ хөгжим тоглож байхдаа уур бухимдал, сэтгэлийн муу муухайгаа хаяж, хөөж явуулж чаддаг шүү. Амьдрал л юм чинь янз бүрийн үймээнт үе бий. Тэр болгонд хэн нэгэнтэй ярилцах гэж хичээлгүйгээр хөгжмийнхөө ард суугаад хоёр, гурван ардын дууг чин сэтгэлээсээ тоглочихоор сайхан болчихдог.
Танд өөрийн зохиосон дуу бий юу?
-Үе үе зурсхийн орж ирдэг аязууд бол бий. Дуу бол байхгүй. Гэхдээ аав, ээж хоёроос минь хүмүүс их асуудаг байсан гэдэг. Тэднийхээ хийгээгүйг хийж, дуу зохиох бодол байгаа.
Багш нартаа талархлаа илэрхийлэх хормыг танд үлдээж байна?
-Хөгжим бүжгийн коллеж, СУИС-д хоёр сайхан багш минь бий. Хөгжим бүжгийн сургуулийн Саран, СУИС-ийн Уранбилэг багш нартаа баярлалаа гэж хэлье. Тэднээсээ маш их үлгэр дуурайлал авдаг даа. Бас өөрөөсөө ах, эгч, дүү хэн бүхнээс л сурах зүйлээ сураад явж байна.
Та өөрийн тоглолтыг үзэх шалтгааныг хүмүүс хэлж өгөөч?
-Гуравдугаар сарын 06-нд миний хөгжмийн 144 чавхдас эгшиглэнэ. Та бүхэндээ эдгээр чавхдасаар өөртөө байгаа бүхий л мэдрэмжээ илэрхийлэх болно. Мөн олон хамтлаг, уран бүтээлчид тоглолтод маань оролцож байгаа шүү. Тэдэнтэйгээ хамт хөгжмөөс мэдэрч болох бүх сайхныг хүрэлцэн ирсэн хүмүүст мэдрүүлнэ гэж хэлмээр байна. Бас ёочин гэх хөгжмийг хүмүүст таниулахыг маш их хүсэж байгаа. Та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирж, таашаал эдлээрэй.
Л.Сайнаа