ЮНЕСКО 1999 онд жил бүрийн 2 дугаар сарын 21-ний өдрийг "Олон улсын эх хэлний өдөр" хэмээн тунхаглан дэлхийн олон улс орон энэ өдрийг тэмдэглэх болжээ. Бангладеш улсын иргэд 1952 онд өөрсдийн эх хэл Бангла (Бэнгали хэл гэж ч нэрлэгддэг) хэлээ авч үлдэхийн төлөө тэмцэл өрнүүлсэн байна. Улмаар Бангладеш улсад 2 дугаар сарын 21-ний өдрийг Эх хэлний өдөр болгожээ. Түүнээс улбаалан олон улсын эх хэлний өдөр үүсэлтэй гэж үздэг аж.
Эх хэлний олон улсын өдөр нь соёлын ялгаа, дэлхий дээрх бүх эх хэлийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх өргөн хүрээний зорилт дэвшүүлжээ. Монгол улсын хувьд эх хэл (Монгол хэл)-ний өдөртэй. Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 онд ийм өдөртэй болох зарлиг гаргасан ( 8 дугаар сарын 25-ны өдөр Дугаар 25) байдаг. Тус зарлигт:
1.Жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласугай.
2.Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, бүх шатны сургалтын байгууллагууд “Эх хэлний өдөр”-ийг жил бүрийн энэ өдөр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлсүгэй гэжээ. Харин хамрах хүрээг нь “Бүх нийтээр монгол хэлний хэм хэмжээг дагаж мөрдөх, төрийн болон захиргааны албан бичиг хэрэг хөтлөлтийг монгол хэлний зөв бичих дүрэм, орчин цагийн утга зохиолын монгол хэлний хэм хэмжээнд нийцүүлэх, монгол хэл бичиг, кирилл үсгийн дүрмээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар санаачилга гарган ажиллах” хэмээн тодорхойлж өгсөн байна. Тэгэхээр жил бүрийн 9 дүгээр сарын 1-нд бол Монгол улсын эх хэлний өдөр. Харин жил бүрийн 2 дугаар сарын 21 нь олон улсын эх хэлний өдөр юм.
Энэхүү өдрийг тохиолдуулан монгол хэл, эх хэлний тухай алдартай 8 шүлгийн хэсгээс толилуулж байна.
1.
...Өсөхөөс сурсан үндэсний хэл
Мартаж болшгүй соёл
Үхтэл орших төрөлх нутаг
Салж болшгүй орон. Д.Нацагдорж "Миний нутаг" найраглалаас
2.
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж
Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтмуу би... Б.Ринчен “Монгол хэл” шүлгээс
3.
...Хэл бол
Эвдрэх бүтэх хоёр,
Салах нийлэх хоёр,
Тархах хурах хоёр,
Тасрах үргэлжлэх хоёр,
Хөдлөх зогсох хоёр,
Эсрэг тэсрэг талын нэгдэл юм. Академич Ш.Лувсанвандан
4.
...Аялгуу содон Монгол үгээр хүмүүс ярьж л байвал би амьд явна!
Тэр хэлэнд би хачин их хайртай!
Ариун нь мөнх Монголоор дэлхий дутаж л байвал би амьд явна!
Тэр оронд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!
Бие цуг орчлонд мөнх амьдрах шалтгаантайдаа
Би яагаад ч үхэхгүй ээ!... Д.Урианхай "Мөнхийн шалтгаан" шүлгээс
5.
...Түүхээ өмөөрөх зөн совингийн
Түйрэн болсон хэдэн хүн минь
Түймрийн өмнө нь ухаан нь хүчгүй
Түүдэг болсон хэдэн ном минь
Үсэг болгон эрдэнийн шинжтэй
Үе болгон эрдмийн шимтэй
Соёл мандлын буурал тэргүүн
Соёмбын өвөг таныгаа яах вэ? С.Дулам "Хүмүүн бичиг" шүлгээс
6.
...Хурдны морьдын туурайгаар шидэгдсэн чулуу
Хуурын хоёр жавхдасаар амилсан дуу
Зууч болж өвгөдтэй минь уулзуулсан эх хэл
Зуун дамнасан алтан гүүр- эх хэл минь
Хайраа илчилсэн ятга минь эх хэл
Хар нүдэнгээсээ сонссон шидэт эгшиг-эх хэл минь
Хаана ч, хэзээ ч амин сүнс минь - эх хэл
Ханашгүй яруу ардын дуу минь - эх хэл... О.Дашбалбар “Эх хэл минь” шүлгээс
7.
...Загас, сармагчин хоёртой хэлээ ололцолгүй
Зовж, хэлмэрч хайж 1600 үеийг туулахад
Зуслан эсвэл өвөлжөө рүүгээ нүүх аятайхан санагдаад,
Арслан Заан агнаж, агуйд амьдрах аягүй санагдаад 1200 үе өнгөрлөө
Монголын радио хятадаар мэндлэхэд би үхнэ... Д.Галсансүх Англи хэлтэнд итгэж зориулав шүлгээс
8.
...Эрчис мөрөн бодол болон урсах нь хөөмийн задгай аялгуу юм
Элэг тэмтрэх энгэр задгай хөөмий нь өвгөн бүргэдийн дуудлага юм
Өд нь бууралтсан бүргэд шувуу бөөрөх нь эцгийн алтан гэрээс юм
Өвөг дээдсийн чандлан захисан гэрээс нь миний монгол хэл юм аа... Д.Болдхуяг “Монгол хэл” шүлгээс /Энэхүү шүлэг нь “Болор цом – 2011” наадмын тэргүүн шүлэг юм/
М.Жаргал
Сэтгэгдэл (4)