"Ямагт биднийг учруулдаг яруу найраг мандтугай" гэдэг үг, яагаад бид яруу найрагт дурлаад буйгаа үл ойлгодог тухай бодлууд үргэлж л тархи дотор түчигнүүлнэ. Хариултыг нь хэзээ ч олж чадахгүй байгаа нь хамгийн зөв хариулт мэт. "Яруу найраг угтаа л яруу байдаг" гэдэг шиг хүний сэтгэл ч уг гүндээ хамаг сайхнаа нуучихдаг гэмтэй. Залуу байхын сайхныг өтөлсөн хойноо л мэдэрдэг байх. Залуу насанд гэвч, гэнэн бас тэнэг амьдардаг улс шүү дээ бид. Тийм байх нь ч амар мэт. Энэ нь л насыг хөглөж, хөгширсөн ч эргээд залуу болгох шидийг яруу найраг гэдэг юм аа...
Манантай хотын найрагчдыг үе үе цуглуулдаг ганцхан уншлага байсан нь "Fat Cat" жазз клубт болдог "Poetry Night" байлаа. Байлаа ч гэж одоо тэнд бүгдээрээ цугладаг хэвээр. Өөр илүү сонирхолтой нэгэн уншлага зохиогдох болсон нь "Манант хотын мөртүүд" юм. Хэсэг нөхөд яруу найраг ярин тамхилж суухдаа ийм зүйл сэдсэн хэрэг. Сэддэг хүн олон, хийдэг нь харин цөөхөн. Тэд гэвч хийгээд эхэлчихсэн.
Өнгөрсөн мягмар гараг, Хайрын баярын өмнөх өдрийн үдэш Улсынхаа их дэлгүүрийн долоон давхарт "New York Empire" ресторанд саатаж, ганц хоёр шил шал айраг цааш нь харуулав.
"Нэгэн лам бүсгүйд дурлаад" гэж ирээд л ярьдаг "янаг" түүхтэй өдрийг угтаж, "Дэндүү хайртай даа" яруу найргийн уншлагыг өнөөх залуус зохиож байгаа нь энэ. Угталтын дарс, электро хөгжим намайг угтсан нь анхнаасаа л сонирхол татав.
Арга хэмжээнд Монголын зохиолчдын эвлэлийн болон “Алтан-Өд” шагналт зохиолч, яруу найрагч, СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн багш Ойдовын Содномпил, зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Р.Эмүжин нар хүндэт зочноор уригдан өөрсдийн шүлгээс уншив. Олон ч зочин ирсэн. Ирсэн зочид бүгд сэтгэгдэл дүүрэн буцсан даа...
Тэдгээрээс гадна Болор цомын эзэн яруу найрагч Б.Жамбалдорж, С.Начин нарын тэргүүтэй 14 залуу уран бүтээлч шүлэг, яруу найргаа толилуулсан юм. Ш.Бадам, С.Бэрцэцэг, Ж.Оргил, Ч.Ууганбаяр, Ө.Үлэмжтөгс, Б.Чандмань, Б.Алтанхуяг, А.Ерөөлмаа, С.Батзориг, Т.Соёмбо нарын залуус зочин яруу найрагч нь байлаа.
Онцлох хамгийн залуу, галтай найрагч нь өдгөө 73 насыг зооглож буй Ойдовын Содномпил гэмээр санагдав. Хамгийн ахмад зочин авч түүний зүрх хэтэрхий залуу билээ... Тэр 10 настайгаас эхлэн 60 гаруй жилийн турш тасралтгүй цуглуулсаар өдгөө 30 мянган номын цор ганц хувийг цуглуулж, баялаг сантай болсон гэдэг.
Гоо сайхнаас илүүтэй
Ашиг хонжоог бодсон
Гоомойхон үед амьд яваа даа
Гомдох шигээ
Гунигийг минь тайлах гэж
Бүсгүй иржээ.
Шулам гэдгийг би яаж мэдэх юм
Гунигийг минь тайлах гэж
Дарс авч иржээ
Хор гэдгийг би яаж мэдэх юм
Бүсгүйг бүсгүй
Дарсыг дарс гэж
Эцгийн минь үед нэрлэдэг байсан
Эртээ урьд цагт... гэж ирээд л нандин гэгч нь бичсэн хэд хэдэн шүлэг дуудаж энэ үдшийг өндөрлүүлсэн юм.
Эртнээс л таних учир дээрх шүлгийнх нь тухай хэсэг ярилцахад, "Би шүлгүүдээ 70-аад онд бичсэн юм. Олон ч биш дээ. Аавын минь үед бүсгүй хүн бүсгүй л байсан. Харин одоо бол шулам гэдгийг нь яаж мэдэх юм бэ? Гоомойхон үе ирчихжээ. Тухайн үед шүлгүүдийг маань хүмүүс тоодоггүй байлаа. Харин одоогийн залуус намайг үнэлж, шүлгийг минь уншиж явдагт талархдаг" гэв.
Яруу найраг угтаа энгийн амьдралын дуу хоолой гэж би боддог. Ж.Оргил гэж яруу найрагт дурлагч хүн бүхэн л шүлгийг нь мэддэг, даруухан эрхэм энэ газар саатав. Миний мэдэх хамгийн энгийн, элдэв чимэггүй үгээр эвтэйхэн биччихдэг, сайн яруу найрагч бол тэр. Сайхан шүлэг олныг уншсан ч хүмүүсийн сэтгэлийг госойлгов. Учир нь хүмүүс түүгээр,
Намрын ой
Адил сэтгэлд тань
Түлээчин шиг
очсоныг уучлаарай.
Нар салхины
үнэрт согтоод
Хаа буйгаа мэдсэнгүй.
Ширхэг өвсийг тань хөндөж
Анирыг эвдэхгүй гэхдээ
Сэмээрхэн явсан минь
Гэмтэн шиг санагдуулсан байх.
Уйлахдаа чи
Улам үзэсгэлэн нэмэх ч
Уйтгарлан дүнсийх чинь
Сүүдрийг хүртэл жиндээх юм.
Өөрөөс минь болж
Өвөл болохыг чинь тэвчихгүй ээ.
Тэнгэрээс олс унжуулаач дээ
Тэгвэл чамд үнэнчээ үзүүлье
Хайрт минь... гэх тэртээ 2007 онд бичсэн энэ шүлгийг нь уншуулахыг хамгийн ихээр хүсчээ. Одоо тэр эхнэрийнхээ сэтгэлд түлээ бэлтгэхээ болиод, жимс түүж яваа гэж би итгэнэм.
Энэ үдэш шинэ залуу дуучидтай байлаа. Яруу найргийг хөгжилтэйгээр харуулсан меменүүдийг өргөн дэлгэцээр харуулсан нь олныг хэсэг ч болов элгээ даран инээхэд хүргэв.
Олон найрагчаар хүч хаяж, Т.Хулан зураачийн үзэсгэлэнгээр чимэг нэмсэн шинийн дөрөвний уншлага өндөрлөсөн ч зочид нь тэр газраас явахгүй, шөнө дунд хүртэл ширээ тойрч суугаад өчнөөнийг ярьцгаасан байна лээ. Утга зохиолд уруу татах их үйлсэд нь амжилт хүсье даа...
Л.Сая