Энэ сарын 13-нд Тайваньчууд Хятадтай харилцах харилцааг шинэчлэн тогтоох чухал өрсөлдөөнд ШИНЭ ерөнхийлөгчөө сонгох юм. Бээжин өөрийн засаглалтай Тайванийг салан тусгаарласан муж хэмээн тунхагласаар ирсэн бөгөөд 1996 онд болсон анхны сонгуулиас хойш тус арлын сонгууль эргэлзээ дагуулсаар ирсэн. Одоо харин чухал мөч тохиогоод байна.
Саналын хуудсанд эрх баригч Ардчилсан намаас одоогийн дэд ерөнхийлөгч, гол сөрөг хүчин Куминтанг буюу KMT-аас нэр дэвшиж буй цагдаагийн экс дарга, Тайбэй хотын экс дарга нарын нэр бий. Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй гурван эрхмийг танилцуулъя.
Ардчилсан нам - Уильям Лай Чинг-тэ
Өдгөө 64 настай дэд ерөнхийлөгч тэрбээр арлын өөрөө удирдах ёсны статусыг тууштай хамгаалдаг бөгөөд Хятадын төрийн мэдлийн "Global Times" сонин түүнийг Бээжингийн салан тусгаарлах тухай хуулийн дагуу яллахыг хүртэл уриалж байв. Нэг ёсондоо тэр Бээжингийн гол дайснуудын нэг.
2017-2019 онд Ерөнхийлөгч Цайг Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа Лай өөрийгөө "Тайваний тусгаар тогтнолын төлөөх прагматик зүтгэлтэн" гэж тодорхойлсон. Лайг хоёр настай байхад аав нь ослоор нас баржээ. Ээжийгээ зургаан хүүхэд ганцаараа өсгөж байгааг хараад тэр ажлын ёс суртахуунтай болсон гэдэг. Тэрбээр Харвардад эрүүл мэндийн боловсрол эзэмшсэн бөгөөд 1990-ээд оны дундуур Тайваньд төрийн албанд орохоосоо өмнө бөөрний эмчээр ажиллаж байжээ. Тэр эхлээд өмнөд хэсгийн Тайнан хотыг төлөөлөн хууль тогтоогчоор ажиллаж байсан. Дараа нь 2010 онд хотын даргаар сонгогдож, 2014 онд урьд өмнө үзэгдээгүй 73 хувийн санал авч энэ албан тушаалдаа үлджээ.
Лай ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Тайвань Хятадтай "нөхөрлөнө" гэж найдаж байна гэж удаа дараа хэлсэн. "Бид дайсан байхыг хүсэхгүй байна. Бид найзууд байж болно. Мөн бид Хятадыг... бидэнтэй адил ардчилал, эрх чөлөөг эдлэхийг харна" гэж тэр наймдугаар сард "Bloomberg"-т ярьжээ. Бээжин ч хариуд нь ноён Лайг " тэмцэл үүсгэгч " гэж нэрлэжээ.
Цагдаагийн дарга асан Хоу Ю-и
Хоу гахайчин айлын хүү байв. Хүүхэд насандаа тэр орон нутгийн зах дээр гахайн махны лангуунд тусалж гэр бүлийнхээ бизнесийг дэмждэг байжээ.
Өдгөө 66 настай түүний барьдаг байхдаа олж авсан ур чадвар нь цагдаа болоход нь тусалсан гэдэг. Тэрбээр 2004 онд экс ерөнхийлөгч Чен Шуй-бианыг хөнөөх оролдлогын гол мөрдөн байцаагч байсан бөгөөд олны анхаарлыг татсан алуурчдыг баривчлахад хамгийн чухал үүрэгтэн байлаа.
Цагдаагийн дарга асан Хоу 2010 онд улс төрд орж, 2018 онд Тайваний хамгийн олон хүн амтай Шинэ Тайбэй хотын захирагч болсон. 2022 онд тэрбээр дахин сонгогдсон. Хоу чадварлаг цагдаа, алдартай хотын дарга байсан нь түүнийг дэмжигчид олон гэнэ. Тайваний манлайллыг эргүүлэн авахыг эрмэлзэж буй сөрөг хүчний төлөөлөл түүнийг Тайваний ард түмэн ерөнхийлөгч болгох эсэх нь харин эргэлзээтэй байгаа. Хоу өөр нэг сөрөг хүчний нэр дэвшигч Ко Вэн Жетэй хамтрал болохыг оролдсон боловч бүтэлгүйтсэн юм. Хоу Тайванийн тусгаар тогтнолыг эсэргүүцдэг. Мөн энэ кампанит ажилдаа Хятадын талаар байр сууриа илэрхийлэхээс зайлсхийсэн. Энэхүү тодорхой бус байдал нь шүүмжлэлд өртөөд байна. Тэгэхээр тусгаар тогтнолынхоо төлөө дуу хоолой нэгтэй байгаа Тайваньчууд түүнийг дээш гаргахгүй гэж харж байна.
Ко Вэн Же
Тайбэй хотын даргаар ажиллаж байхдаа тэр оршин суугчдыг зөв хэвшилд уриалсан реп бичлэгийг цацаж байлаа. Тэр бас л эмч байсан. Одоо харин улс төрч. Тэр өөрийгөө Хятадтай холбоотой асуудлын наана, Тайваний тусгаар тогтнолын тухай асуудлын цаана суудаг. Тайваний Ардын Намын дарга тэрбээр залуу сонгогчдын дунд харин нэр хүндтэй нэгэн.
Нэгэн цагт гэмтлийн мэс засалчаар ажиллаж байсан Ко 10 жилийн өмнө цагаан хантаазаа улс төрийн төлөө тайлсан. Өдгөө 64 настай тэрбээр 2014 онд Хятад улсын нөлөө улам бүр нэмэгдэж байгааг эсэргүүцсэн жагсаал цуглааныг удирдан зохион байгуулсан "Наранцэцэгийн хөдөлгөөн"-ийг санхүүжүүлснийхээ дараа улс төрчийнхөө хувьд нэрд гарчээ.
Дараа жил нь тэр Тайбей хотын даргаар сонгогдов. Тэрбээр улс төрийн шинэхэн хүн байсан ч "Наранцэцэг хөдөлгөөн"-ий идэвхтнүүд болон АН-аас дэмжлэг авсан. Ко хотын даргаар найман жил ажиллахдаа тэр олон зүйлийг хийсэн гэдэг. Наад захын жишээ гэвэл Тайбэй хотыг эх газрын Хятадтай, ялангуяа Шанхай хотын захиргаатай найрсаг эдийн засгийн харилцаанд хүргэх гүүр болжээ.
Л.Сайнаа