Цагаан сарыг тохиолдуулан монгол түмний онцлог ур ухааны туурвилаас онцгойлон хүргэж байна.
Монголчууд мал маллах арга хийгээд амьтан гаршуулж, гэршүүлэх ухаанд нэвтэрснээрээ бусад үндэстнээс ялгарч онцгойрсон нүүдэлчид юм. Газарзүйн байршлаас хамаарсан байгалийн үзэгдэлд дасан зохицохын сацуу тэдгээрийг дуурайн урлагийн урын санг тэлсээр ирсэн. “Хоолойн лимбэ”-ийг сарлаг бөлбөөлөх зэрэг уриа дуудлагаас үүссэн гэх агаад олон зуун жилийн явцад бусад малын уриа дуудлагаас илт хөгжсөн нь харагдаж байна. Хэл тагнайгаар амьгалаа урлан “урлаг” болгон хөгжмийн зэмсэг мэт дууг гарган, хангай дэлхийн дэмээр хөгжүүлэн иржээ. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын өндөр настан, хоолойн лимбэч С.Бямбажав хэлэхдээ “Ямар нэгэн хүнээр заалгасан зүйл байхгүй. Зөвхөн өөрийн оролдлогоор малын захад, уул хаданд явахдаа хадны цуурайтай хамжин дуугаргаж сурсан Бидний цөөхөн Монголчууд төсөл, ярилцлагын хэсэг, 2019) гэсэн байна. Тэгэхээр ардын авьяастануудын урлан, багш, зааварлагч нь байгаль дэлхий ажээ.
“Хоолойн лимбэ”-ний тухай ойлголт, түүний онцлог, арга барил
Хоолойн лимбэний дуу авиа нь бодисын доргилтоос үүсдэг. Хоолойн лимбэний дуурьсал нь үүнтэй нэгэн адил. Бие эрхтний үүднээс авч үзвэл эрүү эгэм хүрэх дөрвөн хуруу зайнд хоолой, багалзуурын хэсгээр дуугардаг. Хамрын хөндий, тагнай, амны хөндий, хэл төвөнх, дууны хөвч зэргийн оролцоотойгоор лимбэдэж болдог.
Амьсгалын төрөл хэлбэр
1.Ил
2. Далд гэж хуваана. Ил амьсгааг цээжний, хэвлийн, цээж хэвлийн холимог гэж ангилдаг байна. Харин далд амьсгааг нь битүү амьсгаагаар лимбэдэхэд хэрэглэдэг бөгөөд амны хөндийн, цээжний, цээж бүсэлхийн холимог хэмээн оролцоогоор ангилдаг. Хоолойн лимбээр лимбэдэхэд амьсгааг зөв хуваарилах нь чухал юм. Амьсгааг урт богино, хурдан удаан, гүн гүехэн, хурд-хүчтэй зөөлөн гэж олон янз байдгаас эгшиглэгээний чанар, хүчдэлийн хэмжээний ялгаа үүсдэг.
Хоолойн лимбэний дуугаралтын хувьд өндөр уулархаг газар буюу Хөвсгөлд дээшээ хадааж, огцом үсрэлттэй, харин доод өнгө жигд, зөөлөн дуугарч байна хэмээн “Самгалдай”, “Шалзат баахан шарга” дууг лимбэдүүлснээр ялгааг олж харсан байна.
Лимбэ хөгжимд хуруугаараа хоолойн цохилгыг хийж байхад хоолойн лимбэ нь багалзуур, төвөнхөөр цохидгоороо онцлог.
Хамгийн даацтай, тослог, жигд дуугаралттай, манер сайтай, цохилго хаялга, нугалаа сайтай, уран нарийн оруулж лимбэтэй адил сонсогдох нь Өвөрхангайн өвлөн уламжлагч Д.Цэрэннадмидын хоолойн лимбэ байсныг судлаач Д.Наранцацрал, Б.Сүнжидмаа нар дурджээ.
Эгшиглэлтийн уртыг тодорхой заасан хэм хэмнэлийн хэмжээнд заавал тохируулан дуулах бус хоолойн лимбэчин өөрийн чадал, уран сэтгэмжээр аяныхаа зохиомжид зохицсон үргэлжилсэн эгшиглэнг гаргаж лимбэддэг. Хэмийн хувьд тэгш ба тэгш бус, хэмжээний хувьд дан, холимог, солигдмол гэхчилэн ердийн буюу нийлмэл хэмжээнүүд орсон байна.
Хоолой нь лимбэ нь хөөмий исгэрээнээс нэлээд ялгаатай боловч өгүүлэх эрхтнээр үйлддэгээрээ, дуугаралтаараа зарим зүйл нь ижил байх талтай. Хоолойгоороо лимбэдэхэд хоолойны булчингууд бүрэн ажиллаж, амьсгааны хагас түгжилтээр шингэн дуугаргахаас гадна хэл тагнайн ташилтаар аялгуулж болдог.
Өөрөөр хэлбэл хоолойгоор лимбэдэх үед багалзуурын хэсгийн булчин, төвөнх агшиж, сунах хөдөлгөөнд орон дууны хөвч чичирснээр авиа үүсдэг. (Б.Сүнжидмаа, Д.Наранцацрал, Соёлын биет бус өв: Хоолойн лимбэний судалгаа, УБ 2020 он, 46-73 тал)
“Хоолойн лимбэ” ба “Лимбэ” хөгжмийн ялгаа
Б.Цогтмагнай судлаач Д.Наранцацралтай ярилцсан ярилцлагадаа, “Хоолойн лимбэ ба Лимбэ хөгжим нь тембрээрээ төстэй учраас хоолойн лимбэ гэж нэрийддэг. Лимбэ хөгжмийг уруулаа жимийж, бүх биеэ суллаж тоглодог. Харин хоолойн лимбэ хөөмийг бодоход шахалт багатай, багалзуураас нааш тагнай, хамраас лимбэддэг” хэмээжээ.
Зэмсэг ашиглан гаргах лимбэний цохилго, өгүүлэхүйн эрхтний тусламжтайгаар цохилго, нугалаа юуг гарган хөгжимтэй адил дуугарах нь гайхалтай.
Өвлөн уламжлагчдын тухай
2019 оны байдлаар Завхан аймгийн Баянтэс сумын харьяат н.Баззаррагчаа, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум н.Эрдэнэбат, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын ахуй үйлчилгээний моторчин Ц.Цэрэннадмид, Хөвсгөл аймгийн харьяат МУСТА, ахмад уран сайханч О.Лхагваажий түүний шавь Ринчинлхүмбэ сумын харьяат Д.Хишгээ, Б.Нямбилэг. Улсын тэргүүний ардын авьяастан, өндөр настан О. Бямбажав, Өмнөговь аймаг Ханбогд сум Б.Бөгбаатар, Баянхонгор аймгийн Бууцагаан сум М.Дивуз түүний хүү Д.Түвшинтулга, хөөмийч С.Мөнхтогоо нарыг дурьджээ. (Б.Сүнжидмаа, Д.Наранцацрал, Соёлын биет бус өв: Хоолойн лимбэний судалгаа, УБ 2020 он, 9, 58-р тал)
Уг судалгааг зөвхөн өвлөн уламжлагчдад тулгуурлан хийсэн болохыг судлаач дурдсан байна. 1966, 1986 онд явагдаж байсан шиг Бүх ард түмний урлагийн наадмыг одоо сэргээн явуулбал тал талаас өвлөн уламжлагчид цуглахын сацуу, ард түмний дунд хоолойн лимбийг сонирхох, сурах эрмэлзэл төрж, түүнийг даган устах аюулаас холтгох боломжтой байна.
Төгсгөлд
Хоолойн лимбэ нь бидний “язгуур” мөн чанар, гоо зүйн мэдрэмж, байгаль, байгальд оршигч амьтдыг танин мэдэсний илрэл, тэдэнд ээнэгшсэн урлаг. Эрт үеэс уламжлалт мал хуйгаа өсгөн үржүүлж, шим шүлтийг нь хүртэж ирсэн нүүдэлчдийн хувьд адгуусан амьтдыг өөрсдийнх нь хэлээр уриалан дуудаж, түүнийгээ өгүүлэхүйн эрхтний оролцоотойгоор хөгжим болтол нь хөгжүүлж иржээ.
М.Дэвээ