Монгол Улсын аварга П.Бүрэнтөгсийн санаачлан хэрэгжүүлж буй “Бүрэн Монгол” төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Соёл урлагийн газарт зургаан ханатай өргөө цагаан гэр бэлэглэсэн билээ. Хөдөлмөрч, үлгэр жишээ гэр бүлд олгож буй энэхүү гэрээ Соёлын яамтай болсноос хойш улсдаа анх удаа Соёл урлагийн газрын байртай болж, соёл урлагаа түгээн дэлгэрүүлэх үйлсэд гар нэгдсэн тус газарт үндэсний өв соёл, уламжлалт ахуйг залуус, хойч үедээ таниулж, нийтэд сурталчлах зорилгоор олгосон юм.
Нээлтийн үеэр нутгийн иргэд хүрэлцэн ирж төслийн багт талархал илэрхийлсэн бөгөөд Сүхбаатар сумын нэгдүгээр сургуулийн сурагч Д.Нандин-Эрдэнэ энэхүү төслийг санаачлагч П.Бүрэнтөгс аваргад хүндэтгэл үзүүлж, зурсан хөргөө гардуулав. Монгол өв соёлоороо бахархдаг хойч үеийн төлөөлөл болсон авхаалжтай, сэргэлэн энэ охинтой цөөн хором ярилцлаа.
-Зураг хэзээнээс зурж эхэлсэн бэ? П.Бүрэнтөгс аваргын зургийг яагаад зурав?
-Би багаасаа зураг зурах сонирхолтой хүүхэд байсан. Цэцэрлэгт байхаасаа л зурж эхэлсэн. Зурах маш их сонирхолтой, бүр дурлаж зурдаг хүн л дээ. Тэгээд аваргыг ирэх сураг сонсоод энэ хүнийг ямар гайхалтай хүн бэ гэж бодож, монгол өв соёлоо 21 аймагт түгээж байгаагаар нь маш их бахархсан. Тэр бахархсан сэтгэл мэдрэмжээрээ аваргыг төсөөлж зурсан юм. Монгол гэр бол эртнээс уламжлагдаж ирсэн түүхтэй, өв соёлын нэг болсон гайхалтай зүйл шүү дээ. Тиймээс энэ үйл ажиллагааг хараад үнэхээр сайхан санагдаж, маш их бахархаж байна. Орж ирээд харахад үнэхээр гоё гэрийг гоё ч тохижуулжээ.
-Аваргатай өмнө нь таарч байв уу? Өөрт нь зориулсан бэлгээ гардуулахад ямар сэтгэгдэл төрөв?
-Аваргатай анх удаа уулзаж байна. Зураг дээрхээсээ хамаагүй ө ндөр, их том биетэй хүн юм. Босоод ирэхэд нь жаахан сүрдсэн /инээв/. Их л өндөр хүн байдаг юм байна. Фейсбүүк, интернэтээс аваргын зургуудыг хараад ийм хүн байдаг байх гэж төсөөлж зурсан. Уулзаад харахад үнэхээр бахархам, сайхан хүн юм аа. Зураг дээрхээсээ ч их царайлаг, ааш зан сайтай, их хөөрхөн инээдэг ах байна. Ер нь одооноос бөх сонирхдог болъё гэж бодлоо /инээв/.
-Хөргөөс гадна ямар төрлөөр зурдаг вэ?
-Олон төрлөөр зурахыг хичээдэг. Сая наадмаар хүүхдүүдийн нүүрэн дээр зураг зурсан. Наадам болохоор би нэг их тухтай байж чаддаггүй. Тиймээс нэг жижиг бизнес хийж үзье гэж бодсон. Сонирхлын дагуу ажил хийхээр их гоё санагддаг юм байна. Эхлээд хүүхдүүдийн нүүрэн дээр зураг зуръя гээд ээжид хэлтэл шууд дэмжээд түүнд нь маш их баярлаж, урам орсон доо. Өмнө нь яагаад ч юм ээжид хэлбэл бараг дэмжихгүй байх гэж бодсон учраас нааштай хүлээж авахад нь их баярласан.
-Хүүхдүүдийн нүүрэн дээр ямар зургууд зурсан бэ? Хүүхдүүд хэрхэн хүлээж авч байв?
-Ихэвчлэн жаахан хүүхдүүд ирж зуруулсан. Ээж аавыгаа дагуулж ирээд зурсны дараа “хөөх” гээд гайхан хүлээж авч байгаа нь хөөрхөн санагдсан. Охидын нүүрэнд голдуу цэцэг, шувуу, эрвээхий зурж өгсөн. Харин хөвгүүдийн нүүрэн дээр бар, арслан, бөмбөг зэрэг зүйлс зурж өгсөн. Эндээсээ урам авсан учраас цаашид бас ингэж зурна гэж бодож байгаа.
-Зураг зурах авьяасаа үндэсний өв соёлтой хослуулж ямар нэгэн зүйл хийе гэж боддог уу?
-Би монгол бичиг, уран зургийг хослуулж бүтээл хийнэ гэж боддог. Тиймээс өөрөө монгол бичгээ сайн сурч, уран бичлэгээр гоё бичиж сурахыг хичээж байгаа. Энэ гэрийн хананд хадсан монгол бичгийн уран бичлэгүүд нь маш гоё чимж өгч байна шүү дээ. Тэгэхээр улам хичээж байгаад монгол бичгээрээ уран бичиж, зурж сурна.
-Танай ангийнхан, ер нь Сэлэнгийн хүүхдүүд үндэсний өв соёлтойгоо хэр сайн танилцаж, мэдэж байна вэ?
-Ер нь сайн танилцдаг. Манай сургуульд гэхэд сар болгоны 8-нд үндэсний дээлээрээ гоёдог. Бас долоо хоног бүрийн нэг дэх өдөр төрийн дууллаа дуулж шинэ долоо хоногоо эхлүүлдэг. Сургуулийн маань хоёр давхарт монгол гэрийн загвар бүхий хэсэгтэй. Тэнд шагай наадгайгаас эхлээд янз бүрийн эдлэл хэрэгсэл өрөөстэй байдаг. Түүнийг нь хүүхдүүд, ялангуяа бага ангийнхан их сонирхож хардаг юм.
-Хүүхдүүдэд ийнхүү өв соёлоо танилцуулан сурталчилж байгаа нь чамд ямар санагддаг вэ?
-Ирээдүйд Монгол үндэстэн бат бөх байхын эхлэл маш жаахан зүйлээс эхэлнэ шүү дээ. Бидний үр хойч ч бас монгол гэрээ мэддэг, үүх түүхээ мэддэг болбол их гоё байна. Энэ үйл явдлыг Чингис хаан маань ч бас харсан бол бахархах байсан байх даа.
-Ярилцсанд баярлалаа.
Р.Батхишиг
Сэтгэгдэл (1)