Нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа иргэд "Би энд буумаар байна", "Өндөр настай хүн хол явж чадахгүй энд буулга", "Түгжрэл дунд хаана ч буулгасан яадаг юм бэ" гэх асуудал байнга гарч байдаг.
Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Х.Мөнх-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зургаадугаар бүлэгт тээврийн хэрэгслээр зорчигчийн үүрэг гэж байдаг. Нийтийн тээврээр зорчиж байгаа иргэд хууль, дүрэмд заасны дагуу үүрэг биелүүлдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Зорчигчийн үүрэг дотор юу гэж заасан байдаг вэ гэхээр тээврийн хэрэгслийг бүрэн зогссоны дараа зориулалтын талбай эсвэл явган хүний зам, хөвөө тал руу буухыг иргэнд үүрэг болгосон байдаг. Мөн зорчигчдын хориглосон зүйл нь тээврийн хэрэгслийн явдал дундуур тээврийн хэрэгслээс буух, суухыг хориглосон байдаг. Хэдийгээр нийтийн тээврийн хэрэгсэл замын түгжрэлд орж зогссон ч хөдөлгөөнд оролцож байна гэж ойлгох ёстой. Хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслээс бууж, суухыг хориглосон байдаг.
Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.53 дахь заалтад явган зорчигч болон зорчигч нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн бол 10 нэгж буюу 10.000 төгрөгийн торгууль оногдуулдаг. Иймээс нийтийн тээврийн зорчиж байгаа иргэд автобусыг зориулалтын зогсоолд зогссоны дараа бууж, суух шаардлагатай байна" гэв.