Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө.
Тэрбээр "Засгийн газрын мөрийн хөтөлбөрт олон улсын нилэгийн тоог нэмэгдүүлэх, Чингис хаан нисэх буудлыг олон улсын нислэгийн зангилаа болгох зорилт тусгагдсан байдаг. Мөн 2023-2025 онуудыг Монголд зочлох жил болгон зарласан. Аялал жуулчланы хөгжүүлэхэд агаарын тээвэр чухал үүрэгтэй. Иймд яамнаас арга хэмжээ аван ажиллаж байгаа. Тухайлбал, Өнгөрсөн 2022 онд 30 гаруй улс руу нислэг үйлдэж байсан бол энэ онд 50 гаруй улс руу нислэг хийхээр зорьж байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ руу айлчлал хийгээд ирсэн. Энэхүү айлчлалын үр дүн гарч эхэлж байна. Өөрөөр хэлбэл, БНСУ руу өдөрт 11 нислэг хийх боломжтой болж байна. Мөн ганц Сөүл хот руу нислэг үйлддэг байсан бол нийт дөрвөн хот руу нислэг үйлддэг болсон.
Өнөөдөр Катар, Кувейт зэрэг улсууд руу нислэг үйлдэх хэлэлцээр хийх ажил эхэлнэ. АНУ руу шууд нислэг үйлдэх бололцоо бүрдэж байна. Цаашлаад Автрали, Англи зэрэг улс руу шууд нисэх хэлэлцээр хийгдэнэ.
Монгол-Япон улс хоорондын долоо хоногийн нислэгийн датамж 26 байсныг 62 болгон нэмэгдүүлж байна. Энэ нь өдөрт 10 удаа нислэг үйлдэх боломжийг нээж байна. Монгол-Тайланд хооронд долоо хоногт 10 удаа нисдэг байсан бол 30 болгон нэмэгдүүлэхээр боллоо. Монгол-Турк хооронд долоо хоногт 6 удаа нисдэг байсан бол 34 болгож байна. Өдөрт 5 удаа нислэг хийнэ.
Мөн нислэгийн тоо нэмэгдсэнээр нислэгийн тизний үнэ буурч, үйлчилгээний чанар сайжирч байна.
2022 онд 500 мянга орчим иргэн зорчсон. Харин энэ жил 1,5 сая зорчигч тээвэрлэхээр төлөвлөж байна. Цаашид 3 сая зорчигчийг тээвэрлэх боломж бүрдэнэ" гэв.
Д.Батчулуун