“Хувьсал” продакшн уран бүтээл бүрдээ хувьсаж, Монголын кино урлагт хувьслыг авчирсаар байна. Үүний нэгэн жишээ бол хоёрхон хоногийн өмнө нээлтээ хийсэн “Ноён эмэгтэй” УСК юм. Уг кино 16-н гол дүртэй гэдгээрээ тун онцлог. 16-н эмэгтэй гол дүрийн амьдралаар эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөө, хүчирхийллийн эсрэг хүчтэй дугарч, хөндөж чаджээ. Киноны зохиолыг зохиолч С.Жаргалсайханы 20 жилийн өмнө бичсэн “Бид эрчүүдийг хүснэ” зохиолоос сэдэвлэн, зохиолч Г.Бямбасүрэн кино зохиол болгон буулгажээ. Ийнхүү уншигч та бүхэнд “Ноён эмэгтэй”-чүүдийн тухай киноны зохиолч, найруулагч, жүжигчдийн сэтгэгдлийг хүргэж байна.
У.Уранчимэг: “Ноён эмэгтэй” бол “Хувьсал” продакшны өмнөх кинонуудаас юугаараа ялгарах вэ хэмээн бодож, их хичээж хийсэн уран бүтээл
“Ноён эмэгтэй” киноны найруулагч, жүжигчин У.Уранчимэг “С.Жаргалсайханы 20 жилийн өмнө бичсэн зохиолоос сэдэвлэн Г.Бямбасүрэн зохиолч маань буулгасан. 2020 онд Дархан хотод хоёр сар киноны зураг авалтаа хийсэн. Ковидын нөхцөл байдлын шалтгаанаас болоод амжихгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Дөрвөн хүнтэй зохиолыг 16 гол дүртэй зохиол болгон задалсан. Болж өгвөл олонд танигдаагүй, кинонд тоглоогүй удсан жүжигчдийг хамруулахыг маш их хичээсэн. Тоглосон бүх жүжигчид мэргэжлийн жүжигчид бий. Мөн орон нутгийн жүжигчдийг хамруулсан.
Хувьсал продакшны өмнөх кинонуудаас юугаараа ялгарах вэ хэмээн бодож, их хичээж хийсэн уран бүтээл юм.
Бид “Team Hero” багтай хамтран зураг авалтаа хийсэн. Мөн кино зураг авалт хийсэн павильоныг зураачийн баг хоёр сарын хугацаанд барьж гүйцэтгэсэн. Уг киноны маш олон олны хэсэгтэй хэсгүүд бий.
Олны хэсэгт Дархан хотынхон бүгд хөдөлсөн. Нэг сценад 400-500 хүнийг зэрэг тоглосон.
“Хувьсал” продакшн энэ зун бүрэн хэмжээний уран сайхны кино хийсэн. Зураг авалт 100 хувь дууссан. Ирэх оны гуравдугаар сард нээх бодолтой байна. Бүх насныханд зориулсан нэгэн өвөрмөц кино болсон гэж бодож байна” гэв.
Б.Баатар: Монголчууд өөр юм үзэх цаг нь болсон
“Ноён эмэгтэй” киноны зураглаач Б.Баатар “Эмэгтэй хүмүүстэй ажиллах амаргүй байх гэсэн бодол хүн болгонд төрж байж магадгүй. Харин миний хувьд бол амар байсан. Тулааны хэсэг зэрэг хүнд зураг авалтуудыг бид маш сайн бэлдсэн учраас зураг авалт амжилттай болсон. Монголчууд өөр юм үзэх цаг нь болсон. Түүний төлөө бид зорьж явж байна.
Шоронгийн бүсгүйчүүдийн тухай энэ хүнд киног яаж үзэгчдэд хөнгөн хүргэх вэ гэдгийг их бодож ажилласан. Тийм учраас зураг авалтын өнгө, гэрэл, шийдлүүд маш шинэлэг.
Миний хувьд Хувьсал продакшны ирэх онд нээлтээ хийх кинонд хамтарч ажиллаж байгаа. Тэр киноноос Монголын үзэгчид үзэж хараагүй зүйлээ харах байх гэж бодож байна. Илүү шинэ түвшний бүтээл болж гарна гэдэгт итгэлтэй байна” гэв.
Г.Бямбасүрэн: Маш их судалгаа хийж зохиолоо бичсэн
“Ноён эмэгтэй” киноны зохиолч, жүжигчин Г.Бямбасүрэн “Зохиол нэг жилийн хугацаанд бичигдсэн. Энэ хугацаанд судалгааны ажил давхар явагдаж байсан. Кинонд 2000 оноос өмнөх цаг хугацааны үйл явдлыг харуулж байгаа. 2000 оноос өмнө цаг үе, нийгмийн байдал өөр байсан.
Шоронгийн амьдрал маш хүнд байсан гэдэг утгаар маш их судалгаа хийсэн. Судалгаан дээр үндэслээд киноны зохиолын цаг хугацааг 2000 оноос өмнөх үе болгож бичсэн.
ШШЕГ-ынхантай уулзаж ярилцаж байсан. Мөн ном зохиолуудыг маш сайн судалж, уншсан” гэлээ.
О.Дөлгөөн: Даралттай хүйтэн усаар шүршүүлдэг сцена хүндрэлтэй байсан
"Ноён эмэгтэй" киноны гол дүрийн жүжигчин О.Дөлгөөн “Хоёр жилийн өмнө тоглосон учир киноны зарим үйл явдлуудаа бараг мартчихсан байна. Киногоо үзэхэд зураг авалт, өнгө дүрс гээд маш шинэлэг байна. Мөн хамтарч ажилласан уран бүтээлчдээрээ маш их бахархлаа. Киноны ихэнх хэсгүүд сэтгэлийн хөдлөл шаардсан хэсгүүдтэй байсан. Бороонд авсан зураг авалт болон даралттай хүйтэн усаар шүршүүлдэг сценүүд хүндрэлтэй байсан.
Хамт олонтойгоо хамт, дээрээс нь дуртай ажлаа хийж байгаа учраас тийм ч хүндрэлтэй зүйл байгаагүй.
Эмэгтэй хүн бүрд байдаг олон зүйлсийн кинонд харууллаа. Хүн болгон үзээд нэгийг ойлгоосой, ухаараасай гэж бодож байна” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)