БАРИМТ 1
Бүгд Найрамдах Мали улс нь 1.240.192 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ба уг хэмжээгээрээ Африк тивдээ наймдугаар байранд, дэлхийд 24 дүгээр байранд жагсдаг. Баруун Африкийн бүсэд харьяалагддаг бөгөөд Мали улс нийт найман үндсэн бүс нутагт хуваагддаг.
БАРИМТ 2
Улсын нийт хүн ам нь 20.3 сая бөгөөд маш олон үндэстний хүмүүсээс бүрддэг. Иргэдийн ихэнх буюу 33 хувийг Бамбара хүмүүс харин үлдсэн хэсгийг Фула (13.3 хувь), Сонинке (9.6 хувь), Бва (9.6 хувь), Малинке (8.8 хувь), Догон (8.7 хувь), Сонгай (5.9 хувь) гэх мэт үндэстнүүд бүрдүүлдэг. Улсын албан ёсны хэлнүүд нь франц болон бамбара хэл.
БАРИМТ 3
Улсын хойд хэсэг нь Сахарын цөлийн төв хэсэгт хүрдэг тул хүн амын ихэнх хэсэг нь улсынхаа урд бүсээр суурьшин амьдардаг. Мөн энэхүү бүс нутгаар Сенегал болон Нигер голууд урсан өнгөрдөг. Улсын нийслэлийг Бамако гэдэг.
БАРИМТ 4
Мали улсын эдийн засгийг хөдөө аж ахуй болон уул уурхайн салбарууд голчлон бүрдүүлдэг. Тус улсын алтны нөөц маш их (улсын орлогын 80 хувь) ба Африк тивдээ гуравдугаар байранд эрэмбэлэгддэг хэдий ч дэлхийн хамгийн ядуу улсуудын дунд бичигдсээр байна. Мөн Мали улс нь алтны хажуугаар их хэмжээний давс олборлодог.
БАРИМТ 5
Малигийн Эзэн Гүрэн нь XII-XIII зууны үеийн Баруун Африкийн гурван эзэнт гүрнүүдийн (Ганын Эзэнт Гүрэн, Сонгайн Эзэнт Гүрэн) нэг байсан. Түүхийн оргил үедээ эдгээр эзэнт гүрнүүд нь улсынхаа газар нутгийг Африк тивийн баруун зах хүртэл тэлж Сахарын цөлөөр дамжин хийгддэг худалдаа наймааг хянадаг байв.
БАРИМТ 6
Гэвч XIX зууны үед тохиолдсон Баруун Европын орнуудын Африкийн орнуудыг колоничлох үйл ажиллагааны үеэр Мали улс нь Франц улсын мэдэлд орж Францын Суданы нэг хэсэг болоод байв. Улмаар 1959 онд Сенегал улсын нэг хэсэг болж нэг жилийн дараа салан тусгаарлаж тусгаар тогносон улс болсон. Мөн 1991 онд социалист улсаас ардчилсан улс болон өөрчлөгдөж үндсэн хуулиа баталсан.
БАРИМТ 7
Одоогоор Мали улс нь “Цэргийн Хунта” гэх зэвсэгт хүчний удирдагчдаар ахлуулсан нэгдмэл түр зуурын засгийн газартай. Тус улсын Ерөнхийлөгчийн үүргийг Ассими Гоита 2021 оны тавдугаар сараас хойш түр зуурын орлогчийн хувиар хашиж байна. Харин ерөнхий сайдын хувиар өмнө нь худалдаа болон үйлдвэрлэлтийн сайдын албыг хашиж байсан туршлагатай Шогель Кокалла Маиги ажилладаг.
БАРИМТ 8
Дулааны экватор Мали улс дээгүүр оршдог тул Мали улсад ган гачиг их тохиолдож бороо бага ордог. Мөн дэлхийн хамгийн халуун орнуудын нэгээр нэрлэгддэг. Тус улсын жилийн дундаж температур нь Цельсийн 21.09 хэм. Мөн газар нутгийн ихэнх хэсэг нь хуурай элсэрхэг тал нутгаар хүрээлэгддэг.
БАРИМТ 9
Нэгдсэн Үндэсний Байгууллагын энхийг сахиулагчид 2013 оноос эхлэн Мали улсад үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд 100 гаруй тооны цэргүүд амь үрэгджээ. Уг үзүүлэлт нь Мали улсыг НҮБ-ын цэргүүдэд хамгийн их аюул хор хөнөөлтэй орнуудын нэг болгодог. Мали гэх нэр нь “Хааны амьдардаг газар нутаг” гэх утгатай.
БАРИМТ 10
Мали улсад зэвсэгт халдлага элбэг тохиолддог бөгөөд 2015 онд найм болон арван нэгдүгээр саруудад хоёр өөр зочид буудал халдлагад өртсөн. Үр дүнд нь 39 хүний амь нас эрсэтсэн ба Мали улсын зочид буудлууд үүд хаалгаа хааж байсан удаатай. Ингэснээр тус улсыг зорих жуулчдын тоо эрс багассан. Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд мали улсын төв болон өмнөд хэсэгт исламын шинэ бүлэглэлүүд гарч ирэн тосгоны иргэдийг дээрэмчид болон Засгийн газрын авилгачдаас хамгаалж эгнээндээ элсүүлж эхэлсэн.
БАРИМТ 11
Мали улсын хүн амын ойролцоогоор тал хувь нь олон улсын ядуурлын зэрэглэлийг тогтоодог хэмжүүрийн доогуур амьдардаг. Маличуудын дундаж цалин нь жилийн 1,500 ам.доллар (4.3 сая төгрөг) бөгөөд дэлхийн 25 дахь ядуу орон юм. Мөн Мали улсын иргэдэд ундны ус хангалттай хүрэлцдэггүй.
БАРИМТ 12
Мали улсын төрийн далбаа нь ногоон, шар, улаан өнгөнүүдээс бүрддэг ба загварын хувьд Франц улсын далбаанаас санаа авсан гэгддэг. Ногоон өнгө нь газрын үржил шимийг, шар өнгө нь ашигт малтмалын баялгийг, улаан өнгө Франц улсын дарангуйллаас гарахын тулд урссан цэргүүдийн цусыг бэлгэддэг.
БАРИМТ 13
Мали улсын хүн ам маш хурдацтай өссөөр байгаа бөгөөд 2035 он гэхэд хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. Эрүүл мэндийн тусламж туслалцаа муутай мөн хараа хяналтгүй төрөлт ихтэй уг улсын эмэгтэйчүүд дунджаар зургаан хүүхэд төрүүлдэг. Энэ нь дэлхийд гуравдугаар байранд жагсах өндөр тоон үзүүлэлт юм.
БАРИМТ 14
Хөдөө орон нутагт газар тариалангийн аж ахуй эрхэлдэг маличууд хуурай улирал эхэлмэгц ажил олж хийхийн тулд суурин газрууд руу цагаачилдаг. Ийнхүү нийт хүн амын 10 хувь нь улирлын чанартай цагаачилдаг бөгөөд энэхүү үйл явдал нь ажилгүйдэл, дотоод зөрчилдөөн, ган гачиг, хүнсний аюулгүй байдал гэх мэт олон шалтгаантай.
БАРИМТ 15
1990 оноос эхлэн Мали улс нь хууль бус цагаачдыг дэмжиж эхэлсэн ба одоогоор Европын орнууд руу их хэмжээний маличууд хууль бусаар цагаачилдаг. Үүнтэй холбоотойгоор хүний наймаачдын хувьд бараагаа хил давуулах үйлдэл нь нэлээд хялбар болж Мали улсад энэхүү төрлийн гэмт хэрэг зогсолтгүй ихэссээр байна.
БАРИМТ 16
Маличууд өдөр тутмын амьдралдаа “Боубоус” хэмээх сул загвартай дээлийг ихэвчлэн өмсдөг. Энэхүү хувцсыг хийхдээ даавууг гараар нэхэж өнгө оруулан будахдаа шавар ашигладаг. Харин эмэгтэйчүүд дээлийнхээ өнгөтэй хослох толгойн алчуурыг мөн зүүдэг уламжлалтай.
БАРИМТ 17
Маличууд уламжлалт зан үйл, бүжиг, баяр наадмуудад тогтмол оролцдог. Багтай бүжиг нь маличуудын соёлын нэгэн чухал хэсэг бөгөөд Мали улсад амьдардаг догончуудад 75 төрлийн зан үйлийн баг бий. Мөн Мали улсын нутаг дэвсгэрт 146 төрөл зүйлийн мөхөх аюулд өртсөн ховор амьтад бүртгэгдсэн.
БАРИМТ 18
Мали улсын үндэсний спорт бол хөлбөмбөг. Хүүхэд багачууд ихэвчлэн гудамжинд хөлбөмбөг тоглож өдрийг өнгөрөөдөг бөгөөд мали улс нь 2002 оны Африкийн цомыг (хөлбөмбөг) зохион байгуулсан түүхтэй. Мөн сагсанбөмбөгийн спорт энэхүү улсад сайн хөгжсөн. Мали улсын эмэгтэйчүүдийн сагсанбөмбөгийн шигшээ баг “Бээжин 2008” зуны олимпын наадамд оролцож байсан удаатай.
БАРИМТ 19
Сургуулийн насны хүүхдүүдийн дөнгөж 61 хувь нь сургуульд сурдаг. Харин дунд сургуулийн насны хүүхдүүдийн 15 хувь нь л анги дэвшин суралцаж боловсролдоо анхаардаг байна. Зургаагаас дээш насны маличуудын бичиг үсэг тайлагдсан хувь нь 27-46% байдаг бөгөөд Мали эрчүүд эмэгтэйчүүдийгээ бодвол илүү өндөр түвшний боловсролтой байх хандлагатай.
БАРИМТ 20
Мали улс нь хүйсийн эрх тэгш байдлаараа дэлхийд доороосоо дөрөвдүгээр байранд эрэмбэлэгдсэн. Хэдийгээр Мали улсын үндсэн хууль эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тухай заасан байдаг хэдий ч эмэгтэйчүүдийг гадуурхсан хуулийн төслүүд маш их байдаг гэнэ. Хуулиас гадна Мали улсын нийгэм нь эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс үргэлж доогуур үнэлдэг.
БАРИМТ 21
Мали бүсгүйчүүд нөхөрт гарсан цагаасаа хойш дур мэдэн шийдвэр гаргах эрхгүй болдог ба нөхрийнх нь гадаад төрх гундуухан явах аль эсвэл хүүхэд нь зохисгүй зан үйлдэл гаргах үед ихэвчлэн эмэгтэйчүүд шүүмжлүүлдэг. Мөн эмэгтэйчүүдийг улс төрийн салбараас хол байх ёстой гэх ойлголт бий.
БАРИМТ 22
Мали улсын үндэсний хоолыг ихэвчлэн шар болон цагаан будааны хойд хэсэгт буйцай, газрын самар, баобоа гэх зэрэг хүнсний ногоонуудаар хийсэн сүмсийг хольж бэлтгэдэг. Мали улсад олон төрлийн шинэ жимснүүд байдаг боловч хэрэглэхийнхээ өмнө тэднийг цайруулагчтай усаар угаах хэрэгтэй. Мөн исламын шашинтай орон боловч ард иргэд нь согтууруулах ундаа хэрэглэх бүрэн боломжтой.
БАРИМТ 23
Мали улсад ЮНЕСКО-гийн дэлхийн үнэт өвөөр нэрлэгдсэн хоёр дурсгалт газар бий. Эхнийх нь 1906 онд баригдсан Жиннегийн их сүм бөгөөд гурван цамхаг, таван давхраас бүрдсэн энэхүү барилга нь олон нийтэд хаалттай байдаг. Харин хоёр дахь өв нь гурван том сүмийг агуулдаг олон зуун жилийн түүхтэй Тимбукту хот юм.
БАРИМТ 24
Хэдийгээр далайд гарцгүй орон ч загасчлалын салбар Мали улсын хоол хүнсний нэлээд их хувийг бүрдүүлдэг гэнэ. Ойролцоогоор 200 гаруй төрлийн загас Мали улсад байдаг бөгөөд тэднээс хамгийн алдартай нь Баруун Атлантын далайгаар ихэвчлэн үзэгддэг капитан гэх загас юм.