Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл дараах мэдээллийг өлөө.
Тэрбээр "Ухаа Худаг орд нь стратегийн ордод тооцогддог. Гэтэл 2008 онд Үйлдвэр худалдааны сайд "Энержи ресурс" ХХК-тай гэрээ байгуулан, энэ ордыг 100 хувь хувийн компанид эзэмшүүлжээ. Энэ шийдвэрийг сайд биш УИХ гаргах ёстой. Учир нь стратегийн орд юм. Өнөөдрийг хүртэл энэ гэрээг олоогүй байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын архиваас бид гэрээг олоогүй.
Засгийн газрын тухайн үеийн тэмдэглэлийг уншихад Ухаа Худагийн ордын хэдэн хувийг төрд эзэмшүүлэх талаар эргэж Засгийн газарт мэдэгдэх үүргийг Үйлдвэр худалдааны сайдад олгожээ. Энэ бол Эрүүгийн гэмт хэрэг мөн. Гэхдээ би шүүхийн өмнөөс ярьж болохгүй.
Яагаад энэ асуудлыг 17 жилийн турш огт хөндөөгүйг мэдэхгүй байна. Эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан сайдад заавал хариуцлага тооцно" гэв.