УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын бүрэлдэхүүны нэг УИХ-ын гишүүн М.Энхцэцэгээс дараах тодруулгыг авлаа.
Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар эрчим хүний реформ хийж, эрчим хүчний салбарыг шинэ шатанд гаргах зорилт тавин ажиллаж байгаа. Энэ хүрээнд олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, бид эрчим хүчийг БНХАУ руу экспортолдог больё гэх зорилтыг тавин ажиллаж буй. Энэ зорилтыг дэвшүүлээд, үүний хүрээнд олон ажлуудыг хийх шаардлагатай бий.
Эрчим хүчийг экспортлохын тулд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай. Тэр ч утгаараа УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан.
Эрчим хүч экспортлох бодлогыг Монгол Улс бодлогодоо тусгахаас гадна БНХАУ мөн бодлогодоо тусгах хэрэгтэй байгаа юм. Энэ үйл ажиллагаанд УИХ-ын даргын айлчлал маш ач холбогдолтой айлчлал боллоо.
Учир гэвэл, БНХАУ энэ онд ирэх таван жилийн төлөвлөгөөгөө гаргах юм байна. Энэ төлөвлөгөөндөө Монгол Улсаас эрчим хүч экспортолж авна гэдэг бодлогыг тусгаач гэх асуудлыг БНХАУ-ын талд тавилаа. Үүнийг бодлогодоо тусгана гэх хариуг өгсөн байгаа. Энэ бол маш том амжилт хэмээн үзэж байна.
Хоёрдугаарт, бид өнөөдөр Эрчим хүчний хүрээлэнд айлчиллаа. БНХАУ технологийн дэвшлийг маш өндөр түвшинд хөгжүүлж байгааг тус хүрээлэнтэй танилцах үеэр харлаа. Бид хамтарч мега төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй. Үүнээс гадна БНХАУ газрын асуудалтай байгаа хотууддаа барилгын дээвэрт нарны панелыг тавих ажил эрчимтэй хэрэгжиж байгаа юм байна. Бид дэлхийтэй хөл нийлүүлэн алхахыг тулд БНХАУ-тай хамтарч мега төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй" гэв.