Ф.М.Достоевский...“Гэм зэм”...Хэн бүхний барьж аваад байдаггүй Ф.М.Достоевскийг, “Гэм зэм”-ийг М.Батболд найруулагч өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монголын үзэгчдэдээ танилцуулсан. “Орфей” театр дэлхийн суут зохиолч Ф.М.Достоевскийн 200 жилийн ойд зориулан “Гэм зэм” жүжгийг Монголд анх удаа үзэгчдийн хүртээл болгосон билээ. “Гэм зэм” постдрамын жүжиг нь театрт дурлагчдын анхаарлыг татаж, судлаач шүүмжлэгчид болон үзэгчдийн сайшаалыг хүртсэн юм. Харамсалтай нь энэ жүжиг тайзан дээр цөөхөн хоног тавигдсанаас хүлээлт үүссэн байлаа. Тэгвэл “Орфей” театрынхан “Гэм зэм”-ийг ирэх гуравдугаар сард дахин үзэгчдэд танилцуулахаар болсон сайхан мэдээг өнөөдөр дуулгалаа. “Гэм зэм” ирэх гуравдугаар сарын 3-наас 27-ныг дуустал үзэгчдийн хүртээл болох юм. Айсуй гуравдугаар сар “Гэм зэм”-тэй байх нь ээ. Жүжгийн ерөнхий найруулагчаар М.Батболд, уран сайхны удирдаачаар Х.Отгонтуяа ажилласан гэдгийг уншигч Та мэдэх байх. Харин энэ удаа тайзнаа тавигдах “Гэм зэм”-ийн дүрүүдэд зарим өөрчлөлт оржээ. Тухайлбал, Дмитрий Прокофьевич Разумихин буюу өмгөөлөгчийн дүрд жүжигчин Э.Ууганбаяр, мөрдөгч Порфирий Петровичийн дүрд Т.Ариунчимэг, Сэтгэцийн эмч Зосимовын дүрд жүжигчин Л.Дөлгөөн, Пульхерия Александровна буюу ээжийн дүрийг Б.Нармандах амилуулахаар болсон байна. Сонирхуулахад өнгөрсөн хугацаанд тус жүжиг 18 удаа тоглогдож, 4000 гаруй үзэгчийн хүртээл болжээ.
Мөн хэвлэлийн хурлын үеэр найруулагч жүжгийн нууцуудаас хуваалцсан юм. Тухайлбал, Порфирий Петрович хэмээх жаран настай хөгшин эрэгтэйн дүрд залуу эмэгтэйг тоглуулжээ. Энэхүү хөгшин эрэгтэйн дүрийг жүжигчин Б.Одгэрэл амилуулах юм байна. Харин бас нэг нууц нь дүр бүтээж буй эмэгтэй жүжгийн явцад хоёр болж, бүр цаашлаад тав болж хувирах юм.
Д.Лхагва: Энэхүү жүжигт би гэлтгүй бид бүгд бүгдээрээ дахин төрж чадсан
“Гэм зэм”-ийн гол дүр болох Раскольниковын дүрийг Д.Лхагва бүтээсэн юм. Тэрбээр “Раскольниковын дүрийг бүтээхийн тулд маш их бэлдсэн. Энэ дүрд сонгогдоход айдастай хүлээж авсан. Харин баг хамт олонтойгоо бэлтгэл хийх бүрд энэ айдас үгүй болж байна. Энэхүү жүжигт би гэлтгүй бид бүгд бүгдээрээ дахин төрж чадсан. Тийм ч учраас энэ бүтээл амжилттай болж, олны дунд шуугиан тарьсан юм. Энэ удаагийн улирлын онцлог бол дахин шинээр дахиад төрнө хэмээн зорьсон. Тэгэхээр энэ жүжгийг өмнө үзсэн ч бай дахин цоо шинэ жүжиг үзэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийн тулд бид хичээн ажиллаж байна. Энэхүү жүжгийг үзээд оюун санааны хувьд нэг төвшин ахиасай хэмээн бидний зүгээс хүсэж байна” гэв.
Э.Ууганбаяр: Энэхүү жүжгээс би сэтгэл зүйн эрх чөлөө, үйл хөдөлгөөний эрх чөлөөг мэдэрсэн
- Разумихинийн дүрийг жүжигчин Э.Ууганбаяр бүтээх юм. Тэрбээр “Хамгийн эхэнд “чи шинээр дахин төрөх болно” гэдэг үг сэтгэл зүрхийг минь уяраасан. Би хоёр удаа урилга авсан. Эхний удаа ажлын шалтгаанаас болоод ирж чадаагүй. Харин энд ирэх л ёстой байжээ. Дүрээ аваад хоёр долоо хонож байна. Энэ хугацаанд би сэтгэл зүйн эрх чөлөө, үйл хөдөлгөөний эрх чөлөөг мэдэрсэн. Шинээр төрж буй энэхүү жүжгийг ирж үзсэн хүн бүхэн хурц шийдэл, өнгө тавилт сэтгэл зүйн эрх чөлөөг мэдрэх болно. Сонгодог жүжиг, драмын жүжиг гэдэг нь уйтгартай гэсэн ойлголт биш юм. Харин ч амьд харилцааг мэдрэх болно хэмээн амлаж байна. Миний хувьд өмгөөлөгчийн дүрд тоглож байгаа. Тиймээс би гол дүрийн Д.Лхагва ахынхаа гэмгүй гэдгийг батална” гэлээ.
Ш.Доржсүрэн: Хүмүүст хэлэх ёстой зүйлийг театрын хэлээр дамжуулж харуулахыг зорьсон
- Лужингийн дүрийг жүжигчин Ш.Доржсүрэн амилуулсан. Тэрээр “Бид театраар дамжуулж бослого гаргасан юм болов уу хэмээх бодол байсан. Учир юу вэ гэвэл, бид маш олон хүмүүсийн хэлэх ёстой үгсийг цуглуулаад, Ф.М.Достоевскитэй нийлээд сэтгэлийн хүчийг гаргаж, Монголын нийгэм болоод бүх зүйлд жүжигчдийнхээ зүрх сэтгэлийг уран байж бослого гаргасан. Хүмүүст хэлэх ёстой зүйлийг театрын хэлээр дамжуулж харуулахыг зорьсон. Нөгөө талаас бид хавтасны төдий гялгар, гялтгар жүжиг тавиагүй гэдэгт найдаж байна. Хавтсыг нээхэд маш олон зүйлсийг бичсэн, зүрх сэтгэлээрээ дамжуулсан зүйлс байгаа учир энэ жүжиг амьтай. М.Батболд найруулагчийн найруулсан энэхүү жүжиг мэргэжлийн жүжигчин гэж хэн бэ, тэрхүү мэргэжлийн өндөр ур чадварыг яаж гаргах вэ гэдгийг жүжигчдэд хүлээлгэн өгсөн нь бидний хувьд чадвар чансааг сорьсон явдал байлаа. Дахин төрнө гэдэг нь дахин дахин төрөөд байна гэсэн үг биш шүү дээ. Энэ жүжиг төрчихсөн. Харин бусдын хэлэх ёстой үгсийг дахин сануулах хэрэгтэй гэдэг үүднээс дахин тавьж байна” гэв.
Д.Батчулуун