Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Монголын үндэсний бөхийн барьц сонгох дүрмийг хаслаа. Ингэснээр монгол бөхөд ямар өөрчлөлт гарав гэдгээс ярилцлагаа эхлүүлье?
-2000 оны эхэн үед Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн гишүүд Нүхтэд болсон хурлаараа барьц сонгодог дүрмийг оруулсан. Би тэр хуралд орж “Барилдааны явцад олж авдаг барьц байгаа юм. Миний үндсэн барьц. Шоогоор барьц сонгодог дүрмийг оруулж болохгүй” гэдэг саналаа илэрхийлсэн. Тэрхүү хурлын тэмдэглэлийг МҮБХ-ноос гаргасан зарим ном товхимолоос ч харж болно. Энэ барьцыг нэвтрүүлээд 20 орчим жил болж байгаа ба барилдаанд их өөрчлөлт гарсан. Бөхчүүд барьц олж авах гэж жингээ нэмэх эрмэлзэлтэй болсон.
-Та барьц сонголтоос хэдэн бөхийг давж, бас хэдэд нь унаж байв?
-Би шодолтоор барьц авч үзээгүй. Нэг ёсондоо шоо миний талд бууж байгаагүй юм. Харин барилдааны явцад өрсөлдөгчөө эзэрхийлж олж авч байлаа.
-Энэ дүрмийг зөвхөн танд зориулсан гаргасан гэдэг?
-Зарим хүн тэгж ярьдаг л юм. Гэхдээ тийм зүйл огт байхгүй. Харин ч надад ашиггүй дүрэм. Өрсөлдөгч бөхөө ядрааж байгаад олж авдаг барьцыг мааань хэн нэгэн хүн хүч хөдөлмөр бага зарцуулж байгаад шоогоор авах нь шударга бус санагдддаг. Надад бол харамсалтай. Хоёр тохойноосоо хойш хүн гаргаж үзээгүй надад шодолтоор барьц алдахад хэцүү байсан.
-Энэ намраас хойш барьц сонгохгүйгээр хэд хэдэн барилдаан зохион байгууллаа. Барилдаанд ямар өөрчлөлт ажигдагдаж байна вэ?
-Би сүүлийн хоёр барилдааныг Монгол бөхийн өргөөнд ирж үзлээ. Барьц сонгох дүрмийг болиулснаар муудсан зүйл алга. Өмнө нь барьц сонгох дүрэмгүйгээр барилдаж болоод байсан юм. 1980 оны үед баруун, зүүн золгох дүрмийг болиулах санал гаргаж байлаа. “Шуудагнаас барилддаг Б.Бат-Эрдэнэ, М.Мөнгөн, С.Хүрэлбаатар зэрэг хүмүүс барилдаж чадахаа болилоо” гэх яриа гарч байсан. Ер нь аливаа ард түмний бүтээсэн соёл, спорт, ёс заншил ахуй бол тухайн үндэстний онцлог, түүхэн урт хугацааны явцад бүрэлдэн бий болсон, цаашилбал байгаль цаг агаар, эрхэлж байгаа аж ахуйтайгаа уялдсан байдаг. Монгол бөх бол жин, талбай, нас харгалзахгүй зохицуулалттай.
-Уг нь барьц сонгох дүрмийг барилдааны идэвхийг нэмэгдүүлж, барилдах хугацааг түргэн болгох үүднээс нэвтрүүлсэн гэж ойлгож байгаа?
-Орчин үеийн дэлхийн нийтийн хандлага, цаг хугацаатай өрсөлдсөн, техник технологийн дэвшлийн эрин үед уугуул хэв маягаараа байхад зарим талаараа учир дутагдалтай байж болно. Тодорхой хэмжээний зохицуулалт байх хэрэгтэй гэж үздэг. Гэхдээ ард түмний бүтээсэн соёлын үндсэн язгуур зүйл болох хаяж гээж үл болох зүйлээ авч үлдэх ёстой юм. Монгол бөх бол монгол эр хүнийг бэлтгэдэг. Хамгийн эрхэм дээд зан суртахууныг хадгалдаг, өвлүүлэх шаардлагыг тавьсан байдаг. Монгол бөхөөр барилдаж байгаа хүний үзүүлсэн амжилт, авсан цол бол хоёрдугаар асуудал. Хамгийн чухал нь монголчуудын эрхэм дээд зан суртахуун, соёл уламжлал, ёс, жудгийг хэр сахиж байна вэ гэдгээр үнэлэгдэнэ. Улсын наадамд барилдаж байгаа дархан аварга ч, суманд барилдаж байгаа залуу бөхөд ч адилхан үйлчлэх ёстой. Тэдний нийгмийн өмнө хүлээсэн үүрэг нь. Ёс уламжлалаа алдаж болохгүй шүү гэдгийг энэ ярилцлагаар дамжуулан хэлье.
-Энэ жилийн Улсын баяр наадам хойшилсонд хүмүүс янз бүрээр хүлээн авлаа. Та энэ талаар байр сууриа илэрхийлээгүй байх аа?
-Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор наадмаа хойшлуулсан. Энэ тал дээр монголчууд бодох асуудал. Бидэнтэй адил ёс уламжлалтай дорно дахины ард түмэн, дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж байгаа япон орныг авч үзье. Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг олимпын наадмыг хойшлуулсан хэрнээ хоёр сар тутамд болдог үндэснийхээ өв соёл, ёс уламжлал гээд хамаг сайн сайхан зүйлийг шингээсэн сүмогоо хойшлуулахгүй. Үзэгчгүйгээр ч болохнээ зохион байгуулж байна. Энэ бол монголчууд бидний харах нэг жишээ. Агуу төрт ёсны сэтгэлгээтэй ард түмний хувьд түүх, уламжлалаа орхиж болохгүй гэдгийг хэлье.
-Хэрэв өнөө жил наадам болсон бол та зодоглох байсан уу?
-Дархан аварга цолтой хүмүүст хүндэтгэл үзүүлж, Баяр наадмын талбайд гаргах хөтөлбөр оруулна гэж байсан. Би барилдахгүй гээд 43 насандаа зодог тайлсан шүү дээ.
-Та албан ёсоор зодог тайлаагүй шүү дээ?
-40 настайдаа УИХ-ын гишүүн болж, 43 хүртлээ идэвхитэй бэлтгэл сургуулилт хийж, Улсын баяр наадам, Цагаан сарын барилдаанд дээгүүр барилдаж байсан.
-Монгол бөхийн олон эргэлзээг тайлна гэж харж байгаа Баяр наадмын тухай хуулийг хэзээ батлах бол?
-Баяр наадмын тухай хууль яригдаж байгаа. МҮБХ болон бөхийн хамт олны зүгээс дэвшүүлсэн тодорхой санал ч байгаа. Гэхдээ Баяр наадмын тухай хуулиас илүү цар тахал, түүнээс улбаалсан эдийн засаг, эрүүл мэнд гэх мэт хямарлыг даван гарах шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалт чухал.
-Допинг хэрэглэсэн бөхөд оноосон шийтгэлийн талаар юу хэлэх вэ?
-Баяр наадмын тухай одоо байгаа хууль, холбооны дүрэм, допингийн үндэсний төв гээд холбогдох байгууллага бий. Энэ хүрээнд асуудал шийдэгдэх байх. Намайг бөхийн холбоонд сонгуульт ажил эрхэлдэг гэж харж байх шиг байна. Үгүй юм. Би холбооны ажлыг эмх цэгцэнд оруулах гэж 2018 онд МҮБХ-ны тэргүүнээр сонгогдоод жил гаруйн хугацаанд ажиллаж, алдарт дархан аварга Х.Баянмөнх гуай болон Л.Чинбат нарын хүмүүстэй ярилцаж байгаад бөхөө эв нэгдэлтэй болгосон. Тэр үед хоёр бөхийн холбоотой явж байлаа.
Б.Жаргал
Сэтгэгдэл (19)