Гүнжийн тухай үлгэрийг түүн уншдаг хүүхэд нас минь. Аавдаа эрхлэхдээ л гүнж болоод, гүнжийн тухай үлгэр яриулна. Эр зоригт, хатан ухаант гүнжийн тухай биш ээ, эрхэлж хайрлагдсан, хайр дурлалтайгаа учирсан гүнжийн тухай л мэднэ. Дайчин, хүч тэнхээт гүнж биш, уян зөөлөн, турьхан гүнжийн үлгэрийг л санаж байна. Ийнхүү бидний мэдэх гүнжийн тухай дүрслэл нэгэн хэвэнд цутгасан мэт төстэй гээд хэлэхэд хэлсдэхгүй биз ээ.
“Хотол цагаан гүнж”. Гүнжийн тухай үлгэр биш кино. Үлгэрт гардаг гүнж бус бодит байдлын тусгал энэхүү кинонд бүрэлджээ. Зохиолч Б.Шүүдэрцэцэг эмэгтэй хүн, хатдын тухай зохиол бүтээлээ туурвидаг нэгэн. Харин түүний шинэхэн бүтээл болох “Хотулун гүнж” кино дэлгэцэнд амилжээ. Хотулун гүнжийн түүх зөвхөн Монголын түүхэнд бус Өрнө, Дорнын түүхэнд бичигдсэн гэдэг. Ийм л хатан зоригт эмэгтэйн түүх, эр зориг, тэсвэр хатуужил, алтан судрын төлөөх тэмцлийг кинонд дүрсэлжээ.
Үзэгчдийн хувьд киноны дүрүүд ихээхэн сонирхол татдаг. Тэгвэл тус киноны дүрийг амьлуулж буй жүжигчдийн сонголт киног илүү амьд, илүү сэтгэлд ойр санагдуулж байлаа. Гол дүрийн жүжигчин М.Цэрэндолгорын жүжиглэлт, дуу хоолой, дүрдээ орж байгаа байдал хөдөлгөөн зэргийг хараад өөрийн эрхгүй бахдах сэтгэл төрснөө илэрхийлье. Морь унаж өсөөгүй хүнд морь унаад давхина гэдэг тийм ч амар зүйл биш. Явган шогшуулахад л өндөлзөөд эвгүй харагддаг. Харин Цэрэндолгорын хувьд морьтой хэд хэдэн хэсэг дээр орлон тоглогчгүй өөрөө унаж байгаа харагдсан.
Мөн түүний хөдөлгөөн бүр дүрээ амьлуулж байв. Кино нийт найман тулааны хэсэгтэй бөгөөд Цэрэндолгор долоон хэсэгт нь тогложээ. Хөдөлгөөн бүрээрээ эрэмгий, хүчирхэг “ГҮНЖ”-ийг бүтээж, дуу хоолойн эрс шийдэмгий байдлаараа Хотулун дүрээ амьлуулжээ.
Үзэгчийн сэтгэлд тод үлдсэн дүр бол Бүргэд баатар. МУГЖ Д.Төмөртогтох гуайн бүтээсэн Бүргэд баатарын дүр киног илүү чимж, бодит болгож байв. Түүний хувцас хэрэглэл, царай зүс хийгээд жүжиглэлт яг л кинондоо уусч, илүү ИТГЭЛ төрүүлж байлаа. Яг л ийм дүр байх болов уу гэсэн энгийн хэрнээ сэтгэлд хамгийн ойрхон дүрийг Төмөртогтох гуай бүтээсэн байна.
Киноны зураг авалт дөрвөн аймгийн найман сум дамжин, гурван улирал дамнан хийгджээ. Байгалийн дүрслэл, тал нутгийн өнгө төрхийг гайхалтайгаар дүрслэн үзүүлсэн байгаа нь харагдаж байв. Түүхэн кинонд орчин үеийн дүрслэл ажиглагддаг, иймдээ ч үзэгч кинондоо уусах боломжийг булаадаг. Тэгвэл жүжигчдийн сонголт хийгээд, дүрслэлийн гайхалтай зохицлыг “Хотулун гүнж” УСК-с харж болно. Харин тулааны хэсэг жаахан шүүмжлэлтэй санагдсанаа нуусангүй. Хөдөлгөөн ур чадварын хувьд сайн байсан хэдий ч дүрслэлийн хувьд жаахан болхи хийцтэй байлаа. Мөн бүтээлд шинэлэг хэрнээ үл ойлгом, суудлаасаа өндөлзүүлэм, огшоосон хэсгүүдээр дүүрэн адал явдалтай бүтээл болжээ. Үзэгч та бүхэн нүдээр үзэж, өөрсдийн дүгнэлтээ хийх биз ээ.
Д.Батчулуун
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)