Монгол Улсын консерваторийн уртын дууны дөрөвдүгээр дамжааны оюутан Ганболдын Наранжаргалтай ярилцлаа.
-Монгол бөхийн өргөөнд бөх эхэлсэн цагаас дуусах хүртэл дуулах ямар байв?
-Сонирхолтой, бас сайхан байлаа. Тайзан дээр дуулахаас тэс өөр мэдрэмж авсан шүү. Үзэгчид ч сайхан дэмжлээ. Уртын дуу, үндэсний бөх бол нэгэн цул, монголчуудын оюун санааны дархлаа юм шиг. Бөхчүүдийг уран, дайчин барилдаан гаргахад нь уртын дууны ая, аялгуунд ухаан санаа нь тэлж уран сайн барилдахад нөлөөлдөг гэж би боддог. Уртын дуугүйгээр үндэсний бөхийн барилдааныг төсөөлөх аргаггүй. Энэ утгаараа уртын дуу бол монгол аж ахуй соёлыг бүгдийг нь багтаасан байдаг болохоор эрийн гурван наадамд маш чухал байр суурь эзэлдэг. Бөх барилдахад , цоллохоос эхлүүлээд уртын дуу эгшиглэдэг бол, морь уралдахад гийнгоолдог нь бас л том уртын дуучин болох үндэс суурь нь болдог гэлцдэг.
-Бөхчүүдийн барилдаан дундуур дуулахад ямар мэдрэмж авсан бэ?
-Үнэнээ хэлье. Би үндэсний бөхийн баридааныг Монгол бөхийн өргөөнд үзэж байгаагүй. Гэхдээ тайван дуулж чадлаа. Тайзан дээр гарахдаа биеэ барьдаг хэрнээ бөх үзээд, үзэгчийн суудлаас дуулахдаа огт сандараагүй.
-Та уртын дуугаар суралцаж байна уу?
-Тийм ээ. Би Хэнтий аймгийн “Тэмүүжин” сургуулийг төгссөн. Уг гарал гэвэл Мөрөн сумынх. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд одоо Монгол Улсын консерваторийн уртын дууны чиглэлээр соёлын тэргүүний ажилтан Баасанхүүгийн Батмэнд багшийн удирдлага дор суралцаж байна. Энэ жил төгсөнө.
-Таныг энэ чиглэлээр суралцаж байгаа болохоор асууж байгаа юм. Уртын дууг залууст өвлүүлэх тал дээр ямар бодлого хэрэгтэй вэ?
-Уртын дууны мэргэжлийн уран бүтээлч болох эрмэлзэлтэй хүний тоо бага байгаа нь үнэн. Орон нутагт гэхэд олон сайхан уртын дуу мартагдах шахаж байна. Энэ сэтгэл эмзэглэм зүйл мөн. Үүнээс салах гарц нь залуус бидний оролцоо чухал гэж үзэж байна. Орон нутгийн ахмад дуучдаасаа уртын дуугаа өвлөх шаардлагатай байна. Төр засгаас бол сүүлийн үед уртын дуугаа их дэмжиж байгаа. Үүнд их талархаж явдаг.
-Та хэдэн уртын дууны үг мэдэх вэ?
-Миний мэддэг уртын дуу 30 гаруй бий. Цаашид ахиулах бодолтой байгаа. Монголд эрт цагт 3000 орчим уртын дуу байсан ч харамсалтай нь 70 хувь нь үгүй болсон гэдэг. Харамсалтай байгаа биз. Ихэнх нь аман хэлбэрээр бидэнд өвлөгдөж ирсэн гэдэг. Төрийн хүндэтгэлийн арга хэмжээнд дуулагдаж байгаа нийтлэг 10 орчим дуу байна. Мартагдах шахсан тэр бүр дуулагдаад байдаггүй дууг амилуулах нь залуус бидний үүрэг гэж ойлгож байгаа.
-Яагаад заавал уртын дууны ангийг сонгосон юм?
-Би дуурийн дууны ангид орох бодолтой байсан. Тэгсэн уртын дуугаар голлон суралцагч, судалж байгаа залуус бага байхаар нь өв соёлоо авч үлдэх зорилгоор энэ мэргэжлийг сонгосон. Алдаагүй гэж бодож байна. Манай нутгаас олон алдартай уртын дуучид төрөн гарсан. Энэ сайхан нутгийн алдартай дуучидаа залгамжлах нь миний туйлын хүсэл.
-Уртын дууг өвлүүлэх тал дээр төрийн бодлого дутмаг юм шиг санагддаг. Тэгж бодогддог уу?
-Монголд сайхан хоолойтой, урлагт хайртай олон авьяастан бий. Байгалиас заяасан өгөгдөлтэй хэрнээ страд, нийтийн дуу болон европын соёл руу шуурч, үндэсний өв соёлоо гэх залуус цөөрсөн. Одоо уран бүтээл туурвиж байгаа нь найр наадам дээр цөөн дуу дуулж байна. Ахмадуудад бол сайхан л санагдах байх. Гэвч залууст одоо байгаа аялгуугаар нь дуулж хүргэвэл яаж хүлээж авах бол. Уйтгартай санагдах байх, тийм үү. Уртын дуунд залуусыг татахын тулд утга агуулга, түүх, аялгууг нь сайн тайлбарлаж, сурталчлах нь чухал. Ямар гайхалтай урлаг болохыг ойлгуулах л хэрэгтэй. Залууст үндэсний урлагаа зөв ойлгуулж чадвал өв соёлоороо бахархах, сурах эрмэлзэл нь гарцаагүй төрнө.
-Уртын дууг өвлүүлэх тал дээр шүүмжлэх хүн байдаг. Энэ талаар юу хэлэх вэ?
Уртын дуугаа нарийн сурч мэдэх эрмэлзэлтэй залуус байгаа. Сайн дурынхан ч байна. Гэхдээ жинхэнэ уртын дуучин олон төрдөггүй юм. Бусдаас ялгарсан төрмөл хоолой хүн бүрт заяахгүй юм даа.
-Яагаад?
-Онцгой сайн дуучин болоход удам нөлөөлдөг. Бас төрж өссөн нутаг усны тогтоц, тухай нутгийн ард иргэдийн дуунд хандах хандлага чухал шиг. Дуулна гэдэг их ухаан зарцуулдаг ажил. Энгийнээр хэлэхэд хичээн авьяастай байгаад хичээл зүтгэл гаргахгүй бол бүрэн боловсорсон уран бүтээлч төрөхгүй.
-Уртын дууг орчин үеийн хөгжим, дууны олон янзын урсгалтай хослуулах нь зөв юм уу?
-Хоёр талтай. Орчин үеийн хөгжимтэй хослуулж болох л доо. Энэ залуусын сонирхлыг өв соёл руу татах менежмент гэж үзэж болно. Үнэхээр өвөрмөц хийгээд содон өнгө, хэмнэл оруулж чадвал дэлхийд гарах гарц их бий.Орчин үеийн урсгалтай хослууллаа гээд уртын дууны өвлөгдөж ирсэн нарийн нандин мөн чанар, утга агуулга, ая аялгуу, үг зэргийг өөрчилж үл болно. Шинэчилж байна гээд ая, үгийг нь хөндөж өөрчилвөл “уртын дуу” гэх мөн чанар нь устах аюултай. Уртын дуугаа хөгжүүлэхээс илүүтэй өвөг дээдэс маань ямар үг, аялгуугаар дуулж ирсэн болохыг нарийн сайн судлах хэрэгтэй. Тэгж байж уртын дуу ямар агуу зүйл болохыг хойч үедээ жинхэнэ мөн чанараар нь авч үлдээж чадна. Ямар ч ая дангаар дуулагдаж ирсэн, уртын дуу бол өөрчлөх аргагүй төгс бүтээл юм. Үүнд монголын цэлмэг хөх тэнгэр, зэрэглээт уудам тал , зах хязгааргүй сэтгэлгээ, монгол ахуй амьдрал , малчин хүний холч ухаан зэрэг нь цөм бүрэн шингэсэн байдаг. Юунд ч баригдаж хүлээгдэх ёсгүй байгаагаараа л төгс бүтээл юм шүү дээ. Яг хэзээнээс үүсэж, ямар хүн зохиосон нь хүртэл тодорхойгүй байдгийг үзвэл уртын дуу бол нэлээн эртнийх гэдэг нь ойлгомжтой. Чингис хаан дайн байлдаанд мордохдоо цэргүүддээ Хэрлэнгийн барьяаг сонсгож хүч тэнхээ, эр зоиг хайрлаж, өөрөө энэ дуунд хайлан нулимс мэлмэрүүлж байсан гэдэг домогтой юм билээ. Үүнээс үзэхэд Чингис хаан, цаашлаад Хүннү гүрнээс өмнө уртын дуу байсан байх магадлалтай. Иймд уртын дууг өөрчлөх нь зохимжгүй. Бид гадаадын соёлд автаж уртын дуугаа элдэв янзаар өөрчлөхөөс илүү улам л дотогшоо судалж , мартагдсан ая аялгууг сэргээж, лут агуу багш нарынхаа эрдэм ухааныг сайтар судалж мэдвэл тэр чинь л жинхэнэ тив дэлхийд гайхуулах “Төгс бүтээл” юм шүү дээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (6)