Алдуурсан “Хөтөлийн цемент шохойн” үйлдвэрийг аргамжих шалтгаан-3
Төрийн өмчийг хувьдаа шамшигдуулдаг, татвар төлөгчдийн мөнгийг дүн дүнгүй хэдэн тэрбумаар нь салхинд хийсгэсэн жишээ манайд олон. Тэгсэн мөртлөө холбогдох албан тушаалтанд нь хуулийн хариуцлага тооцсон нь тун цөөн.
Саяхан даа, УБТЗ-ын дарга асан эрхмийн эзэмшиж байсан 1.5 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хаусыг улс буцаан авч, албадан чөлөөлсөн нь хэсэгтээ олны анхаарлын төвд явлаа. Тэрбээр УБТЗ-ын даргаар хоёр жил ажиллахдаа 1.5 тэрбумаар хувьдаа хаус худалдан авч, эзэмшиж байсан нь хууль бус хэмээн үзэж төрд буцаан авсан нь энэ байв. Зайсанд барьсан, барьж байгаа хаусын үнэлгээ одоо ямар болсныг тодорхой хэлж мэдэхгүй, лав өссөн байж таарна. Гагцхүү татвар төлөгчдийн мөнгийг дур мэдэн хувьдаа зарцуулсан төрийн өндөр албан тушаалтны эрх ямба хуулийн өмнө очоод бөхийдгийг уг үйл явдал харуулж, бусдад нь сургамж болон үлдсэнийг энд тодотгох гэсэн юм. Үүнтэй агаар нэг үйл явдал 2015 болсон ч өнөөдрийг хүртэл хугацаанд хуулийн хайч очих нь байтугай тухайн үед шийдвэр гаргасан эрхмүүд албан тушаалтайгаа үлдэж, зарим нь бүр дэвшжээ.
Хөгжлийн банкнаас олгосон зээлийн хүрээнд хуурай аргын технологи нэвтрүүлж жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болсон 30 жилийн түүхтэй “Хөтөлийн цемент шохой” үйлдвэр ердөө нэгхэн жилийн дараа УИХ, Засгийн газраас гаргасан дугаар тогтоолын хүрээнд 100 хувь хувийн компанид шилжсэн тухай өмнөх нийтлэлд дурдсан. Улсаараа дэнчин тавьж, олон улсын зах зээлээс босгосон Бондоос 62 сая ам.доллар авч, хүчин чадлаа нэмэгдүүлсэн төрийн өмчит үйлдвэрийг яаран хувьсчилсны асар том ашиг сонирхол байсныг нэр бүхий гишүүд одоо ч тодотгодог, шүүмжилдэг.
Харин жилдээ 54 орчим тэрбум төгрөгийн борлуулалттай ажилладаг үйлдвэрийг яагаад 1.3 тэрбумаар хувьчилсан хэн ч ярьдаггүй нь асуулт дагуулдаг юм. Тэр тусмаа тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарын эрхмүүд.
УИХ, Засгийн газрын тогтоолыг үндэслэж, Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржийн гарын үсэг бүхий Монголын Хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд хувьцаа шилжүүлэх тухай мэдэгдлийг 2015 аравдугаар сарын 16-нд хүргүүлж байжээ.
Мэдэгдлийн хүрээнд Хөтөлийн цемент шохой төрийн өмчит үйлдвэрийг 1,386,106,400 /нэг тэрбум гурван зуун наян зургаан сая нэг зуун зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгийг “Худалдах, худалдан авах” гэрээнд заасан хугацаанд бүрэн төлснийг дурджээ.
Тиймээс тус үйлдвэрийн төрийн мэдлийн 119,452,690 ширхэг хувьцааг 100 хувь “Бэйзмент” компанид шилжүүлэн бичилт, хийж, зохих баримт олгохыг мэдэгдсэн байна. Энгийнээр тооцоход Хөтөлийн цемент шохой үйлдвэрийн нэгж хувьцааг 10-11 орчим төгрөгөөр үнэлж, хувьд шилжүүлсэн байгаа юм.
Энэ дагуу Монголын Хөрөнгийн биржээс төрийн өмчийн хувьцааг шинэ өмчлөгчид шилжүүлж, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвөөс бичилт хийснээр Хөтөлийн цемент шохой үйлдвэр албан ёсоор хувьд шилжжээ. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэний дараа иргэдэд тараасан гэх цэнхэр, ягаан тасалбарын хүрээнд олон арван улсын өмчит үйлдвэрүүдийг хувьд шилжүүлсэн байдаг. Үр дүнд нь иргэд байтугай улс өөрөө хожоогүй. Харин улсын өмчит томоохон компаниуд хувьчлал нэрийн дор цөөн тооны хүний халаасанд "шингэсэн". Ашигтай гэхээсээ алдагдалтай ажилладаг нэрийн дор улсад хэдий хэмжээний татвар төлдөг нь огт тодорхойгүй явж ирсэн, явдаг нэр бүхий компаниуд ч бий. Үүн шиг УБТЗ-ын дарга асны хаусны үнэтэй дүйцэхүйц хөрөнгөөр 100 хувь хувьчилсан Хөтөлийн цемент шохойн үйлдвэр тэдгээрийн араас орохгүй гэсэн баталгаа өнөөдөртөө байхгүй юм.
Алдуурсан “Хөтөлийн цемент шохойн” үйлдвэрийг аргамжих шалтгаан-1
“Хөтөл”-ийн хувьчлалаар ганц ч үг ганхийлгэхгүй байх шалтгаан гишүүн Д.Эрдэнэбатад бий юу?
Үргэлжлэл бий.
С.Гандөл
Сэтгэгдэл (5)