Монгол-Казахстан Улс хооронд шууд нислэгтэй боллоо. Өнөөдөр 4.50 цагт Казахтсан Улсаас “Боинг-737” онгоцоор эхний зорчигчид “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан байна. Тэгвэл уг шууд нислэгтэй холбогдуулан БНКазУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Элчин сайд К.Кобландин, УИХ-ын гишүүн Д.Мурат, “SCAT airlines” нислэгийн компанийн төлөөлөгчид мэдээлэл хийлээ. Хоёр улсын хооронд шууд нислэгтэй болох асуудал олон жил яригдсан боловч шийдэгдэхгүй байсаар ирсэн юм. Тэгвэл уг хоёр улсын Засгийн газар, мөн БНКазУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд, Монгол Улсын Зам тээврийн яамны хэлэлцээгээр Улаанбаатар-НурСултан /Астана/ чиглэлтэй нислэгтэй болсон нь энэ юм байна.
Уг нислэгийг “SCAT airlines” компани лхагва, ням гарагуудад “Boeing 737” онгоцоор үйлдэх юм.
Монгол, Казахстан Улсын бараа эргэлт 2018 онд 74.4 сая ам.доллар байсан бөгөөд Улаанбаатар-НурСултан /Астана/ чиглэлд шууд нислэгтэй болсноор хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа өргөжих боломж бүрдэнэ гэж үзэж буйгаа албаны хүмүүс энэ үеэр хэлсэн. Үүнээс гадна аялал жуулчлал, соёл урлаг, боловсрол, хүмүүнлэг зэрэг бусад салбарын хамтын ажиллагаа ч хөгжих боломжтой. Мөн Казакстан Улсын НурСултан хотоор дамжуулан Европ, Азийн орнуудад хямд үнээр зорчих боломж бүрдэж байгаа аж.
“SCAT airlines” компанийн хувьд нислэгийн аюулгүй байдал, хямд үнэ, чанартай үйлчилгээ үзүүлдэг топ компаниудын тоонд ордог юм байна. Өнгөрсөн 2018 онд хоёр сая иргэнийг тээвэрлэсэн бол энэ жилийн хувьд 2.5 сая иргэн тээвэрлэх зорилго тавьжээ.
Дэлхийн 100 орчим улсад нислэг үйлддэг тус компани анх байгуулагдахдаа 17 хүний бүрэлдэхүүнтэй гараагаа эхэлсэн бол өдгөө 1300 ажилтантай болж өргөжсөн талаар энэ үеэр дуулгасан юм.
Энэ талаар БНКазУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Элчин сайд К.Кобландин "Шууд нислэгтэй болсноор хоёр улсын нийгэм, эдийн засгйн өсөлтөд томоохон түлхэц өгнө. Дээр нь аялал жуучлал хөгжих, хоёр орны соёлын солилцоог өргөжүүлэх болможийг бүрдүүлнэ. БНКУ бол хөгжиж буй улс. Бүтээн байгуулалт өрнөж байна. Энэ утгаараа бизнесийн орчин таатай бүрдсэн улсын нэг. Монгол Улсын хувьд ч ялгаагүй бүтээн байгуулалт өрнөж, эдийн засаг сэргэж байна. Энэ утгаараа хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд шууд нислэгтэй болсон явдал ихээхэн ач холбогдол өгөх болов уу" гэсэн юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Мурат "БНКУ-руу шууд нислэгтэй болоосой гэж хүсэж, мөрөөдөж ирсэн хүний нэг нь би.
Энэ ч утгаараа ажил хэрэг болоход нь гар бие оролцсон. Казахстан бол маш үзэсгэлэнтэй орон. Монголчууд тус улсыг зорьж, соёл иргэншилтэй нь танилцахыг хүсдэг байх. Яг үүн шиг Казахстанчууд ч гэсэн Монголд зочлохыг хүсдэг. Шууд нислэгтэй болохоос өмнө газраар гурав хоног явж хүрдэг байлаа. Тэгвэл өнөөдрөөс гуравхан цаг нисээд л зорьсон газартаа хүрэх боломжтой боллоо. Энэ бол эдийн азсаг, аялал жуучлал өргөжин тэлэхэд ихээхэн түлхэц өгч, гарц нээж өгөх боломж" гэлээ.
Ташрамд дурдахад, Монгол Улсын иргэн нь БНКазУ руу 90 хоног визгүй зорчих эрхтэй юм.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (15)