Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхонтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Юун түрүүнд Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцъя. Ялангуяа, манай улсыг чиглэх хөрөнгө оруулалтын урсгал хэр байна вэ?
-“Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг томоохон төслийг эс тооцвол бусад салбарыг чиглэх гадаадын хөрөнгө оруулалтын урсгал буурсаар байна. Гэхдээ өмнөх жилүүдтэй харьцуулахад олон улсын зах зээлд түүхий эдийн ханш өндөр, Монгол Улсын экспортын орлого өсөж буй нь эдийн засгийн бусад салбарт эергээр нөлөөлж буй. Макро эдийн засгийн өсөлт ч сүүлийн хэдэн жилтэй харьцуулахад энэ онд өндөр байх төлөвтэй. Энэ хэрээр дотоодын бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн хүлээлт харьцангуй сайжирч, бизнесээ тэлэх, үйл ажиллагаа өргөтгөх зорилготой санхүүжилт, зээлийн эрэлт хэрэгцээ өсөхөөр байна.
-Ойрын өдрүүдэд АНУ, БНХАУ-ын хооронд өрнөж буй худалдааны дайн улам даамжирлаа. Энэ нь хөгжиж буй орнуудад эрсдэл дагуулах тул үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг хамгаалж, эдийн засгийн дархлаагаа тэтгэхийг шинжээчид зөвлөж байна. Та үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Томоохон гүрнүүдийн дунд өрнөж буй худалдааны дайнаас үүдэн хөрөнгө оруулагчид тун болгоомжтой хандаж байна. Хөгжиж буй орнууд ялангуяа, БНХАУ-ын эдийн засагтай нягт холбоотой улсуудын эдийн засгийн эрсдэл нэмэгдэж байна. Учир нь худалдааны дайнаас үүдэн эдгээр орны экспорт буурах, валютын урсгал саарч болзошгүй. Энэ дайн улам хурцдаж, АНУ-аас БНХАУ-ын хэд хэдэн төрлийн бараа бүтээгдэхүүнд өндөр тариф тогтоож, хятадын зарим компанитай худалдаа эрхлэх, хамтарч ажиллахыг хориглолоо.
Хэрэв БНХАУ-ын үйлдвэрлэл, худалдаа саарч эхэлбэл тус улсын түүхий эдийн эрэлт буурч таарна. Гэтэл дэд бүтэц, үнэ өртгийн хувьд өрсөлдөх чадвар сул Монгол Улсад энэ нөхцөл байдал хүнд тусна. Мөн сүүлийн хоёр жил манай төсөв болон төлбөрийн тэнцлийг дэмжсэн ОУВС-гийн хөтөлбөрийн хэрэгжих хугацаа он гараад дуусахаар байгаа. Ийнхүү гэнэтийн болон хүлээгдэж байсан цохилтууд ирэхээр байна. Гэтэл Монгол Улс өнөө хэр гадаад валютын албан нөөцөө хангалттай зузаатгаж чадаагүй. Сүүлийн хэдэн жил хүнд байдалд байсан бизнесийн орчин дөнгөж сэргэж буй энэ үед дахин хямрал нүүрлэвэл Монголын эдийн засагт маш том цохилт болно. Экспортын орлого саармагц валютын ханш дагаад өснө. Ханш өсөхөөр инфляц нэмэгдэж, хоёр оронтой тоонд хүрвэл энэ нөхцөл байдлыг даван туулахад маш хүнд болно. Монголын эдийн засаг өмнө нь хэд хэдэн удаа ийм цохилтод өртөж, эргэж сэргэхэд маш хэцүү байдалтай нүүр тулж байсан.
-Тэгвэл энэ үед валютын дотогшлох урсгал Монгол Улсад ус агаар мэт хэрэгтэй болно гэсэн үг. Монгол Улсад анх удаа гадаад зах зээлээс санхүүжилт татаж байсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хувьд Худалдаа, хөгжлийн банк олон улсын зах зээлд бонд босгохоор зорьж байсан. Энэ тухайд?
-Манай банк Монгол Улсаас анх удаа олон улсын зах зээлд бонд босгосон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж. Өнөөг хүртэл бид цорын ганц арилжааны банк хэвээр байна. Гадаад зах зээлээс санхүүжилт татахад бид багагүй туршлага хуримтлуулаад байна. Тиймээс Засгийн газрын бондуудад зөвлөгөө өгч, хамтран ажилласаар ирсэн. Бид өмнөх бондуудынхаа эргэн төлөлтийг цаг хугацаанд нь амжилттай хийж, хөрөнгө оруулагчдад нэлээд танигдсан.
Бизнес эрхлэгчдийн санхүү, зээлийн эрэлт хэрэгцээ өсөхөөр байна
Энэ онд эдийн засаг сэргэж, дотоодын бизнес эрхлэгчдийн зээлийн хэрэгцээ өссөн. Мөн эдийн засгийн сэргэлтийн даган импорт огцом дээшилж байна. Эдгээр хүчин зүйл нь валютын эрэлт хэрэгцээг эрс нэмэгдүүлж, Монгол Улсын гадаад валютын нөөц, валютын ханшийн дарамтыг өсгөхөөр байна. Тиймээс манай банкны өмнөх туршлагууд дээрээ үндэслэн, эдийн засгийн таатай нөхцөл байдлыг урьдчилан харж, бизнесийн идэвхжил эхэлж буй энэ үед 300-500 сая ам.долларын бонд арилжихаар хөрөнгө оруулагчидтай уулзалт хийж эхэлсэн. Хөрөнгө оруулагчид ч худалдаа, хөгжлийн банкийг эергээр хүлээн авч, Засгийн газрын баталгаагүйгээр бие даан олон улсын зах зээлд эргэн ирснийг дэмжиж буйгаа илэрхийлсэн.
Бонд босгох бидний ажил амжилттай урагшилж байсан ч харамсалтай нь, энэ ажил эцсийн шатандаа ороод байх үед Монголд санаатайгаар худалдаа, хөгжлийн банкны бизнесийн нэр хүндэд халдаж, хуурамч ташаа мэдээлэл зохион байгуулалттайгаар олон нийтэд түгээж, бидний ажлыг зогсоож, саад болох гэж оролдлоо. Миний бие гадаадад бонд босгохоор албан томилолтоор явж байхад манай банкны удирдлага болон надтай холбоотой худал мэдээлэл түгээж, “баривчлах гэж байна”, оргон зайлсан” зэрэг санаатай ташаа мэдээлэл түгээсэн. Үүнээс үүдэн бидний ажил тодорхойгүй хугацаагаар хойшлохоос өөр аргагүй боллоо.
Бид өмнө нь Засгийн газрын баталгаатай бондоо 9.375 хувийн хүүтэй татаж байсан. Харин энэ удаад үүнээс хямд өртөгтэй бонд гаргахаар зорьж байсан юм. Энэ нь ч биеллээ олж, 9.125 хувийн хүүтэй, 460 сая ам.долларын худалдан авах санал ирээд байв. Гэвч өнгөрсөн мягмар гарагийн үдээс хойш зохион байгуулалттай худал мэдээлэл түгээснээс үүдэн бондын хөрөнгө оруулагчид эцсийн мөчид хойшлуулах санал тавилаа. Монголын санхүү, эдийн засагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх ийм том ажлыг эцсийн шатанд нь нураасанд харамсаж байна.
-Хэрэв энэ бондыг амжилттай арилжсан бол ямар эерэг нөлөөг Монгол Улсад авчрах байв?
-Энэ бондыг амжилттай арилжсан бол ойрын хугацаанд 300-500 сая ам.долларын валютын урсгал Монголын эдийн засгийг чиглэхээр байлаа. Энэ хэрээр манай улсын гадаад валютын нөөц өсөж, валютын ханшийг тогтвортой хадгалах боломжтой байв. Ингэснээр манай банк зээлдэгч, харилцагчдынхаа өсөн нэмэгдэж буй санхүүгийн хэрэгцээг хангаж, үүний эерэг нөлөөг дотоодын аж ахуйн нэгж, санхүүгийн зах зээл төдийгүй макро эдийн засаг хүртэхээр байсан юм.
Хэдийгээр худалдааны дайн анхаарал татаж байсан ч манай банканд итгэх гадаад хөрөнгө оруулагчдын итгэл эерэг байсан. Худалдаа, хөгжлийн банк Монгол Улсын гадаад төлбөр тооцооны 80 гаруй хувийг гүйцэтгэдэг, Монголын гадаад худалдааны санхүүжилт, аж ахуйн нэгжийн зээлийн 50 гаруй хувийг бүрдүүлдэг. Энэ утгаар гадаадын хөрөнгө оруулагчид манай банкийг Монголын эдийн засгийн толь гэж үздэг.
Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжээд 30 орчим жил болж байхад яагаад дотоодын аж ахуйн нэгжүүд, ялангуяа манай банкийг эс тооцвол арилжааны өөр банк гадаад зах зээлээс хөрөнгө босгож чадахгүй байна вэ. Учир нь Монгол Улсад өрнөж буй улс төр, эдийн засаг, нийгмийн өөрчлөлт, үйл явцыг гадаадын хөрөнгө оруулагчид маш анхааралтай ажигладаг болсон. 10 жилийн өмнөхтэй харьцуулахад манай банкнаас гадна Монгол Улсын Засгийн газар болон хөгжлийн банк бонд гаргачихсан. Эдгээр бондыг эзэмшиж буй хөрөнгө оруулагчид дүн шинжилгээ байнга хийж, Монголоос ирж буй мэдээ мэдээллийг соргогоор ажиглаж байна. Өнгөрсөн долоо хоногт хөрөнгө оруулагчидтай уулзах үеэр ч банкны үйл ажиллагаанаас илүү Монгол улсын макро эдийн засгийн орчин, ирэх жил болох сонгууль, улс төрийн эрсдэлийг голлон сонирхож байсан.
-Сонгууль ойртохын хэрээр арилжааны банкнууд руу дайрах, зээлийн хүү, өрийн дарамт зэргээр буруутгаж, иргэдээс “оноо” авахын тулд улстөржих нь нэмэгддэг. Монголын эдийн засгийн судас болсон банкнуудаа буруутгахын сөрөг талыг та хэрхэн харж байна вэ?
-Энэ бол маш буруу зүйл. Банкны хөрөнгийг тус байгууллагын эздийнх нь өмч гэж нийгмийн зарим хэсэг боддог. Гэтэл банк бол Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжийн мөнгөн хөрөнгийг баталгаатай, найдвартай хадгалж, санхүүгийн хэрэгцээтэй хувь хүн, аж ахуйн нэгжид зээлдүүлдэг зуучлалын байгууллага. Банкны хөрөнгө бол харилцагчдынх нь өмч. Энэ хөрөнгийг олон улсын стандарт болон Монгол Улсын дүрэм журмын дагуу зөв зохистой байршуулах нь мэргэжлийн өндөр ур чадвартай боловсон хүчин, техник, технологи, олон улсын ноу-хау шаардсан ажил. Гэтэл банкнуудыг их ашиг олдог, өндөр хүүгээр иргэд, аж ахуйн нэгжүүдийг шулдаг гэх ойлголтыг нийгэмд төрүүлж байна. Ялангуяа, ажилгүйдэл, ядуурал өсөж буй үед бурууг хэн нэгэнд тохох зорилготой ажиллагаа юм.
ОУВС-гаас олон улсын стандартаар банкнуудыг шалгасан. Нийгмийн зарим хэсэг арилжааны банкнуудыг иргэд, аж ахуйн нэгжийн барьцаа хөрөнгийг маш багаар үнэлж, хангалттай зээл олгохгүй байна хэмээн шүүмжилдэг байсан. Гэтэл ОУВС-гийн шалгалтаар Монголын банкнуудын үнэлгээ хэт өндөр байгаа учраас үүнийг олон улсын стандартын дагуу бууруулах ёстой гэж дүгнэсэн. Үүнийг бууруулж, банкнуудын зээлийн санг нэмэгдүүлсэн. Мөн компаниудын тайлагнал бүртгэлийн хувьд Монголын компаниуд татварын тайлангаар ашиг орлого багатай, өөрсдийнх нь эзэмшигчдийн хөрөнгө бага бөгөөд өндөр хэмжээний зээлтэй болох нь харагдсан.
Санхүүгийн тайлагналын хувьд олон улсын шаардлага хангах нэг ч компани байхгүй байсан. Энэ мэт шалтгааны улмаас банкнуудыг өндөр хэмжээний зээлийн сан байгуулахыг шаардсаны үндсэн дээр өнгөрсөн онд Монголын арилжааны банкнууд нийт 96 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, ДНБ-ий гурван хувьтай тэнцэх сан байгуулсан.
Монголбанк арилжааны банкнуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхийг байнга шаардаж байгаа. Банкнуудын дүрмийн санг саяхан 50 тэрбум төгрөгт хүргэсэн бол удахгүй 100 тэрбум төгрөгт хүргэхээр зорьж байна. Өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтийг ОУВС нэмэгдүүлсэн.
• Монголын санхүү, эдийн засагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх ийм том ажлыг эцсийн шатанд нь нураасанд харамсаж байна.
• Зохион байгуулалттай худал ташаа мэдээлэл түгээснээс үүдэн бондын хөрөнгө оруулагчид эцсийн мөчид хойшлуулах санал тавилаа.
• Монгол Улсад өрнөж буй улс төр, эдийн засаг, нийгмийн өөрчлөлт, үйл явцыг гадаадын хөрөнгө оруулагчид маш анхааралтай ажигладаг болсон.
Банкнуудын ашиг тайланд бүртгэгдэж байгаа боловч энэ нь ашиг бус ирээдүйд гарч болох алдагдлыг нөхөхийн тулд сан байгуулж байгаа. Ирээдүйд Монголын эдийн засаг цаашлаад банкны харилцагч нарт учирч болох эрсдэлийг банкны хөрөнгө оруулагчдаар хаалгаж байна гэсэн үг. Монголбанкны тушаал шийдвэрийн дагуу 2008 оны санхүүгийн хямралаас хойш арилжааны банкнууд сүүлийн 10 гаруй жил ногдол ашиг хуваарилаагүй.
-Ер нь сүүлийн үед дотоодын бизнес эрхлэгчид болон үндэсний баялаг бүтээгчид рүү санаатайгаар дайрдаг хандлага ажиглагдаж эхэллээ. Үндэсний баялаг бүтээгчид, монгол хүний ажлын байр руу дайрч буй энэ хандлага ямар эрсдэл дагуулах бол?
-Зөвхөн манай банк гэлтгүй Монгол Улсад хийж бүтээхээр зорьж, баялаг бүтээж, ажлын байр бий болгож, татвараа шударгаар төлж, энэ улсад өөрийн хувь нэмрээ олон жилийн турш оруулж буй компаниуд руу дайрах үзэгдэл нэг бус удаа гарч байна. Улмаар нийгмийн сэтгэлзүй, тархийг угааж, үндэсний хөрөнгөтнүүдийг бий болгох, тэднээр бахархах, хүчирхэг хувийн хэвшил улс орны хөгжлийг жолооддог гэх ардчиллын суурь зарчим, зах зээлийн эдийн засгийн үнэт зүйл рүү халдаж байна. Нийгмийн сүлжээг ашиглан тэдний нэр хүндэд халдаж, ард түмнийг өөрсдийнх нь эсрэг турхирч буй нь харамсалтай. Манай бонд хойшлогдсон нь монголчуудын тамын тогооны үлгэрийн том жишээ боллоо. Дотооддоо бид ийнхүү бие биеэ хэмлээд байгаа нь гадаад зах зээлд маш муухай харагдаж байна. Олон улсын байгууллагууд, гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсыг авлигад идэгдчихсэн, бизнес эрхлэхэд амжилт олдоггүй, улс төрөөс хэт хамааралтай, улс төрийн орчин нь маш тогтворгүй гэж дүгнэж байгаа нь анзаарагдаж байсан.
Дотоодын компаниудын үйл ажиллагааг хамаагүй савлуулах нь Монгол Улсын үндэсний эрх ашиг, эдийн засгийн эрх чөлөө, аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Монгол Улс мөнгө угаах, терроризмтой тэмцэх асуудал дээр саарал жагсаалтад ороход тун ойрхон байгаа. Энэ чиглэлээр хийх маш олон ажил байгаа. Мөн банк санхүүгийн хууль эрхзүйн орчныг сайжруулах, төр засагтай хамтран зээлийн хүүг бууруулах ажил хүлээгдсээр байна.
Сайжруулах, засаж залруулах ийм олон ажил хүлээгдсээр байхад дотоодын банкнуудтайгаа хамтран ажиллаж, тулгамдаж буй асуудлаа шийдэхгүй харин ч банкнуудын эсрэг ард түмнийг турхирч байгаа нь харамсалтай. Ийм явуургүй алхам нь үндэсний санхүүгийн тогтвортой байдлаа алдах, гадаадын банкнуудын өгөөш болж, үндэсний эдийн засгийн судас болдог банк санхүүгийн системээ нураах аюултай. Тиймээс үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэн, аль аль талдаа анхаарахгүй бол энэ байдал даамжирвал манай улсын эдийн засгийн ирээдүйд эрсдэл учруулна гэж үзэж байна.