Олон улсын цирк хэмээх хэн хүний сэтгэлийг татах сүртэй зартай даржин тоглолтыг өнгөрсөн амралтын өдөр үзэв. Тасалбарын үнэ 30 мянган төгрөг. Гурван хүүхдээ үзүүлэхэд л ерэн мянган төгрөг. Дээр нь ундаа ус, чихэр жимс, үлээдэг шаар, хуруу зайгаар ажилладаг гэрэлт дэнлүү энэ тэр гээд 150 мянган төгрөг болж байгаа юм. Энэ яах вэ. Ажил ажил гэж гүйсээр шөнийн бор хоногтоо гэрийн бараа харах эрчүүдийн хувьд харамсаад байх зүйл биш. Гэвч үзсэн тоглолт маань томчууд гэлтгүй багачуудын сэтгэлд хүрсэнгүй. Үнэнийг хэлэхэд, багачууд маань амьтад хэзээ гарч ирэхийг тэсч ядан хүлээсэн ч тоглолтын нэгдүгээр үе завсарлахын өмнө “Морины гайхамшиг” нэртэй үзүүлбэрээс хэтэрсэнгүй. Жүжигчдийн ур чадвар гэж хөдөө , адууны дэргэд өссөн хөвгүүдийн бие биеэдээ гайхуулдаг үзүүлбэрээс хэтэрсэнгүй. Давхиж яваа морины нуруун дээр буруу зөрүү харах нь орчин цагийн багачуудын сонирхлыг татаж чадсангүй. Нэг үзүүлбэрийг багийн гишүүд бүгд давтах нь таатай санагдсангүй. Зарим жүжигчнийх нь ур чадвар мунгинуу эмгэнээс ялгагдахааргүй байлаа. Алиалагч бол хүүхдүүдийн хамгийн хайртай найз нь байдаг. Энэ удаад юун алиалах. Дүр эсгэнээс цаашгүй. Ямар ч жүжиглэлт байхгүй. Мандах алиалагч хөгширсөн бол шавь нартаа байраа тавьж өгч яагаад болохгүй гэж. Гадны жүжигчдийн тухайд ч олон улсын гэх ангилалд тэнцэхээргүй санагдсаныг нуух юун. Ингэж гадны циркчдын өндөр үнээр урьж залж байснаас өөрийн, үндэсний жүжигчдээс бүрдсэн циркээ хүүхэд, багачууддаа үзүүлсэн бол хамаагүй дээр байсан буй за. Эсвэл манай улс циркийн жүжигчингүй болсон хэрэг үү. Миний хүүхэд байсан 1985 он бол Монгол Улсын циркийн хөгжлийн оргил үе байсан байж мэднэ. Тасралтгүй инээсээр, бас айсаар тоглолтын цаг өнгөрдөг байсан санагдана. Баавгай, нохой, сарлаг, ямаа гээд зүсэн зүйлийн сургуульттай амьтдын тоглолт өдгөө ч нүдэнд харагдсаар. Эдүгээ тэр бүгд ор сураггүй болсон бололтой. Эсвэл манайд ирсэн гадны жүжигчдийн адил дэлхийгээр тэнэж явдаг юм болов уу. Дээр нь манай циркийн барилга хуучирч, орчин цагийн хэрэгцээ шаардлагыг хангахаа больжээ. Нэг л хаалгаар оруулж гаргах нь агааржилт муу, тоос шороо ихтэй нарийн хонгилоор гарах хаалга зүглэн чихчилдэх нялх балчир үрсэд маань аймшгийн газар лугаа санагдсан юм байлгүй хөлсөө гоожуулан дуу дуугаа авалцан орилолдох нь зүрх зүсэм. Гурваас доош насныхныг эцэг,эх нь тэврэн зүтгэх аваад тав, зургаа настнуудын хувьд томчуудын хөлд гишгэгдчих гээд аюултайг нь яана. Ядаж байх нь ээ, тэднийг биеэ авч явах чадвартай болсон гэж үзээд харгалзах хүнгүйгээр нэвтрүүлж байв. Орсон шигээ цуваад гардаг бол яая гэх вэ. Эцэг, эх рүүгээ тэмүүлсэн тав, зургаа, долоо настнууд нулимсаа урсган хаалга руу зүтгэнэ. Цирк маань уг нь хөрөнгөтэй бэлтэй хүний л мэдэлд очсон юмсан. Өөд татах эзэнгүй, тоглох жүжигчингүй болсон юм бол татан буулгачихмаар юм. Ийм сэтгэгдэл тээсээр цирк хэмээх тоос шороо бужгинасан газраас гэрийн зүг мордсон. Дэргэд суугаа том охин маань “ Аав аа, дахиж цирк үзэхгүй шүү” гэж дуугарсан. Дундах хүү маань илбэчин эрийн ниссэнийг л ярьсаар. Харин бага маань хөлсөө гоожтол чихчилдсэндээ болоод машинд суунгуутаа унтсан даа, хөөрхий.
Э.Мөнгөн
Сэтгэгдэл (5)