“Жаст” группын ерөнхийлөгч Ш.Батхүүтэй 2010 онд уулзаж, ярилцлага хийж байжээ. Он цаг улиран одсон ч өмнө минь байгаа сонин шинээрээ. Сэтгэл, зүтгэл, хөлс хөдөлмөрөө шингээсэн сониноо нандигнан хадгалсан учраас тийн шинээрээ байгаа хэрэг. Харин сонины маань хамгийн хүндтэй “VIP” булангийн маань зочин хойморт уригдаж, ярилцаж суусан эрхэм маань өдгөө сонин шиг маань нандин агаад шинээрээ байж чадсангүй. Би сониноо хэрхэн нандигнан хадгалсан шиг ард түмэн түүнийг хайрлаж чадсангүйгээр үл барам хорооны мухар руу шидэж орхисон байх юм. Ганцхан Ш.Батхүү ч биш . Олон арван хүн түүний адил энэ цагийн аяст бяц гишгэгдэж буй. Батхүү цагтаа мандаж явсан. Банк байгуулж, нефтийн салбарт хөл тавьсан гээд амжилтууд ар араасаа хөвөрч байсан. Тэр үед хичнээн олон хүн түүнийг дагаж хуйларч явсан бол. Найз нөхдийн тоо хэдэн арав болж байсан байж таарна. Өнөөдөр тэднээс хэд нь үерхэлдээ үнэнч үлдээ бол. Гарын таван хуруу ч олдож байж мэднэ. Цагийн аяс хувирч, түмэн нүүрээ бууруулан буй энэ өдрүүдэд нэгэн цагт чин сэтгэлээсээ ярилцаж байсан түүний ярилцлагыг уншигч олон танд хүргэмээр санагдсан юм. Юу бодож, юу гэж тунгаах нь уншигч таны хэрэг. Ядарч яваа нэгийгээ харанхуй ангал руу түлхдэггүй монгол занг хүндэтгэж, элдэв үгээр бүү харааж зүхээрэй гэж уншигч танаас хүсэх байна. Би хувьдаа бодоход Ш.Батхүүг үзэн ядаж яваа нэгэн байхад сэтгэлийнхээ мухарт талархаж суудаг хүн хавьгүй олон байгаа гэдэгт итгэлтэй байна.
-Монголын зах зээлд “Жаст групп” ХХК мэндэлснээс хойш 10 жил өнгөрчээ. Гэвч та бүхэн хэдийнэ бизнесийн ертөнцөд орон зайгаа эзлээд амжиж.
-“Жаст групп” ХХК байгуулагдаад 10 жил болж буй. Монголын зах зээлд нөлөө бүхий томоохон компаниудтай харьцуулах хэмжээнд хүрчээ гэж та дүгнэж байгаа бололтой. Үнэхээр бид тэдгээр компаниудтай өрсөлдөхүйц хэмжээнд хүрч очсон гэж боддог. Энэ бүх амжилт ерөнхий захирал гэх ганц миний хөдөлмөрийн үр дүн биш. Нэгэн санаа, зорилго бүхий багийг бүрдүүлж, тэдэнд итгэл хүлээлгэж чадсанд амжилтын нууц оршиж байгаа болов уу.
"Хангай" хоршооноос гараад Оджаргал, Батдорж, Санчир нартай нийлээд "МС5"-ийг байгуулсан. Тэгээд 1995 онд тусдаа гарахаар шийдэн "Жамп" компанийг мөн л дөрвүүлээ хөрөнгөө нэгтгэж буй болгосон.
Тэгж ажиллаж байхдаа бие даан "Жаст групп"-ийг байгуулсан. Ингээд бодохоор миний хувьд бизнест хөл тавиад хориод жилийн нүүр үзжээ.
Манай хамт олон өнгөрсөн жил гэхэд ДНБ-ний 5 орчим хувь, төсвийн орлогын арав орчим хувьтай тэнцэх хэмжээний борлуулалт хийжээ. Нефтийн бүтээгдэхүүн импортлодог манай охин компани болох “Жаст ойл” ХХК Монголын зах зээлийн 15 хувийг хангаж, үйлдвэрлэлийн аргаар бэлдэж буй махны 60 хувь “Жаст Агро” ХХК-д оногдож, “Хадгаламж” банк санхүүгийн зах зээлийн 10 хувийг эзлэх боллоо. Саяхан “Олон овоот”-ын уурхайг худалдаж авснаар уул уурхайн салбарт хүч сорих боломж бидэнд олдсон. Нөгөөтэйгүүр, амжилт бидэнд шулуун дардан замаар ирээгүй. Өнөөдөр ч биднийг хэл ам дагасаар байгааг та бүхэн мэдэж буй биз ээ. Хэл ам, атаа хорсол бидний хувьд айгаад байх зүйл биш. Түүнийг даван гарах чадал, ухаан, сэтгэлийн хат манай хамт олонд бий. Том бизнес гэдэг бол маш сайн зохион байгуулалттай, хариуцлагаа ухамсарласан багийн тоглолт.
-Монголын зах зээлийг дэлхийтэй бус хоёр хөрштэй харьцуулахад л өчүүхэн. Гэсэн хэдий ч нөхцөл бололцоог бүрэн дүүрэн ашиглаж чадвал зах зээл багаддаггүй бололтой?
-Дэлхийн хэмжээнд Монгол маш жижигхэн, бүр стандартын бус зах зээлтэй. Гэхдээ энэ нь ийм нөхцөлд бизнес эрхлэхэд боломжгүй гэсэн үг биш. Бүгдийг л харьцуулж ойлгох ёстой. Монголын бизнесийн орчинд хүндрэлтэй зүйл байгааг нуугаад яахав. Тиймээс зах зээлийн нөхцөл байдлыг сайтар судалж, түүндээ тохирсон менежмент явуулж чадвал асуудлыг шийдэх боломж, гарц заавал байдаг. Нөгөөтэйгүүр, үйл ажиллагаа тогтмолжиж, өргөн цар хүрээтэй бизнес эрхлэхэд Монголын өнөөгийн дотоодын зах зээл багтаамж багатай нь үнэн.
-Эрхэлж буй бизнес олонд танигдаад ирэхээр бичиг цаасны ажил цөөрч элдэв шалгалт, татварын дарамт гайгүй болно биз. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг толгой өндийлгөхгүй зовоодог зүйл нь энэ бололтой?
-Бүх салбар яг адилхан. Сэтгүүлчид хэвлэл, мэдээллийн салбартаа хүлээн зөвшөөрөгдөөд ирэхээр хаана, хэн дээр орсон ч хүсч байсан мэдээллээ олж аваад гардаг биз дээ. Бизнес ч ялгаагүй. Ярьсан хэлсэндээ хүрээд, ажлаа зөв удирдан зохион байгуулж чадвал нийгэм түүнийг хүлээн зөвшөөрч үгийг нь сонсдог. Мэдээж ийм амжилтад хүрэхэд багагүй цаг хугацаа шаардагдана. Аливаа багт ахлагч, манлайлагч гэж байдаг болохоос биш би дарга, чи цэрэг гэх байр сууриас хандвал бизнес хөгжихгүй гэж онцолж хэлмээр байна. Үүнээс гадна компанийн РR бизнест чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ РR хийж байна гээд удирдаж буй хүн нь өөрийгөө сурталчилаад эхэлбэл утгагүй.
-Бизнес хөлөө олохгүй дампуурч байгаа аж ахуйн нэгжийг хөндлөнгөөс ажиглахад баг бүрдүүлэх дээрээ л алддаг юм шиг байгаа юм?
-Маш сайн хамт олныг бүрдүүлнэ гэдэг санаан зоргийн асуудал биш. “Жаст групп”-ийн ерөнхий захирлын хамгийн гол үүрэг функцэд таны асуулт багтддаг. Ижил сэтгэж, хамтдаа зүтгэх сэтгэл зүрхтэй, чадварлаг хүмүүсийг нэг дор цуглуулахад маш их тэвчээр, цаг хэрэгтэй.
-“Жаст групп” уул уурхай, банк санхүү, нефтийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн гээд олон салбарт хүч сорьж явна. Ганц хүнд бол ахадсан ачаа. Тиймээс охин компаниудын удирддагуудад л найдахаас өөр аргагүй. Тэднийг сонгохдоо мэргэжил, туршлагыг нь харгалздаг уу, хөрөнгө захиран зарцуулах эрхтэй гэх утгаараа хамгийн итгэлтэй хүнээ сонгодог уу?
-Аль аль талыг нь хардаг. “Жаст групп” толгой компанийн хувьд салбаруудынхаа үйл ажиллагааг бодлогын хувьд зангидахаас гадна санхүүгийн удирдлагаар хангадаг. Тухайн салбарын захирал заавал мэргэжлийн боловсон хүчин байх албагүй. Гагцхүү тэр хүн маш сайн удирдагч байх ёстой. Хүмүүс бизнесийн байгууллагын зорилгыг ашгийн төлөө л гэж ойлгодог. Тийм биш. Би ажилтнууддаа “Бид бизнесийн байгууллага мөн боловч бидний зорилго бол ашиг биш. Гэхдээ бидний өдөр тутмын үйл ажиллагаа үр ашигтай байж, зорилгодоо хүрэхэд шаардлагатай санхүүгийн боломжийг бүрдүүлэх ёстой. Энэ бүхнийг зэрэг ойлгоогүй хүн энд ажиллах ёсгүй” гэдэг. “Жаст групп”-ийн хэтийн зорилго монголчуудын бахархал болсон төгс компанийг байгуулах явдал.
-Импортоор орж ирэх нефтийн бүтээгдэхүүний үнийг төр зохицуулахыг оролддог ч байнга л үнэ нь нэмэгдэж байдаг. Импортлогчдоос асууж тодруулахаар Орос экспортым бараа бүтээгдэхүүнийхээ татварыг нэмсэн тул гэх тайлбарыг өгөх нь бий. Үнэ өсөх тоолонд өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгддэг. Энэ бүх хүндрэлээс гарах гарц дотооддоо нефть үйлдвэрлэх явдал. Бидэнд ийм боломж хэзээ олдох вэ?
-Яг үнэндээ бол нефтийн бүтээгдэхүүн импортлох нь зуун төгрөг зараад хоёр гурван төгрөгийн ашиг олдог бизнес. Монголдоо нефть үйлдвэрлэхийг нефть импортлогч бүх комнани хүсч мөрөөддөг. Гэвч санаан зоргоор бүтэх ажил биш ээ. Мөн санхүү, боловсон хүчин, техник технологи талаасаа амаргүй. Гэхдээ боломжгүй зүйл бас биш. Судалгаа, эрэл хайгуулыг компани өөрийнхөө түвшинд хийж байгаа. Бидний хэнд маань ч “Монгол хүн бусдаас хараат биш амьдрах юмсан гэсэн хүсэл бий шүү дээ.
“Жаст ойл”-ын зах зээлд нийлүүлж буй нефтийн бүтээгдэхүүнд та баталгаа гаргсаж өгч чадах уу. Сүүлийн үед бага октантай шатахуунаа өндөр чанартай гэж зарлаа гэх хэл ам гарах болсон учраас л ийн асуусан хэрэг?
-Нэг зуйлийг тодорхой хэлж чадна. Нефть импортлогч компаниудын оруулж ирж байгаа бүх бүтээгдэхүүн ижил чанартай, нэг стандарттай. Бид энэ салбарт олон жил ажиллаж байгаа учир гол импортлогчид чанаргүй бүтээгдэхүүн оруулж ирэх бүх замыг хааж чадсан. Харин шатахууныг түгээх явцад хувь хүний ажлын хариуцлагатай холбоотой алдаа гарахыг үгүйсгэхгүй.
-Бидний ярилцлага хэтэрхий албаны шинжтэй болоод байна. Үүнээс тур татгалзая. Өнөөдрийн Ш.Батхүүг 1992 онд “Хангай” хоршоо байгуулаад гүйж явсан Ш.Батхүүтэй харьцуулбал?
Бизнес хийж байна, тодорхой хэмжээний амжилттай байна. Энэ хэрээр хүн ахуй амьдралаа өөд нь татах хэрэгтэй. Хүн ер нь хэрээс хэтэрсэн хэрэглээтэй байх нь тийм ч оновчтой зүйл биш. Тиймээс ажиллагсдадаа, хүүхдүүддээ “Энэ байгууллагын мөнгөн урсгал биднийх биш, тэр тусмаа минийх биш, бидэнд итгэсэн хэрэглэгчдийн мөнгө. Биднийг энэ мөнгийг зөв удирдаж арвижуулна гэсэн тэдний итгэлийг алдаж үр ашиггүй зарж болохгүй” гэж хэлдэг.
-Уучлаарай, таны яриаг тасдах нь. Энэ нийгэмд мөнгөгүй бол хэн ч биш болсон байна шүү дээ, зарим талаараа?
-Мөнгө юу ч биш гэж хашгирах нь өрөөсгөл ойлголт болсон цаг үед бид амьдарч буй. Гэхдээ мөнгөнд нүдээ ухаад өгөхөөс буцахгүй байх нь буруу. Өнөөдөр мөнгөний гүйцэтгэж буй үүрэг хүмүүсийн хөдөлмөрийг үнэлж байгаа нэг хэрэгсэл гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
-Танайх хэдэн хүүхэдгэй вэ. Хүүхдүүдцээ мөнгөний үнэ цэнийг хэр мэдрүүлж байна вэ?
-Манайх гурван охин, нэг хүүтэй.Том охин Хятадад сурдаг, энэ хавар төгсөнө. Анхнаас нь л амьдрал үзэг, мөнгөө зарцуулж сураг гээд оюутны байранд оруулсан. Хүүхдээ хайрлахгүй, эрхлүүлэхгүй бол ямар эцэг эх байх вэ. Зарим хүмүүс эрхлүүлнэ гэхээр дураар нь байлгах гэж ойлгодог шиг байгаа юм.
-Үнэнийг хэлэхэд, “Жаст групп” үйл ажиллагааныхаа цар хүрээгээр олны танил болсон ч ерөнхий захирал Ш.Батхүү гэх эрхэм төдийлөн ил гардаггүй нууцлагдмал ертөнц.
-Би олон нийтээс санаатай нуугдсан юм бол байхгүй ээ. Харин бизнесийн хүрээнийхэнд өөрийгөө танигдсан байх гэж боддог. Би хотын унаган хүүхэд, 1983 онд арван жилийн 23 дугаар дунд сургуулийг төгссөн. Санхүү эдийн засгийн техникум, Москва хотын Эдийн засаг статистикийн дээд сургуулийг тус тус дүүргэсэн. Эдийн засагч мэргэжилтэй. Хүүхэд нас минь 40 мянгатын хэдэн ягаан байшин дунд өнгөрсөн. Харин угсаа гарвалаа хөөх аваас Архангай аймгийнх болж таарч байгаа юм. Аав маань Цэнхэрийнх. Архангай аймгийн орлогч даргаар олон жил ажилласан Шаравламдан гэдэг хүн байлаа. Миний ээж Тариат сумын уугуул. Бүхий л насаараа сургуулийн өмнөх насны боловсролын салбарт ажилласан хүн бий.
-Бизнес эрхлэгчид голдуу л цаг наргүй ажилладаг. Танд ээждээ очих цаг зав хэр олддог вэ?
Үнэнийг хэлэхэд ижийдээ өдөр бүр очоод байж чадахгүй юм аа. Сард ганцхан удаа очсон явдал ч бий. Гэхдээ боломж гарах бүр утсаар ярьж, биеийг нь асуудаг.
-Таны бизнест анх хөл тавьсан түүх олон хүний сонирхлыг татах нь дамжиггүй. Зах зээдд шилжсэн он жилүүдэд бүгд л ганзага руу хошуурч байсан?
-Москвагийн их сургуулийг 1990 онд төгсөж ирээд Статистикийн төв газарт ажилд орон жил гаран болоод Улаанбаатар хотын захиргаанд мэргэжилтнээр очсон. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжин хүмүүс ганзагын наймаа руу хошуурч эхэлсэн. Би ч тэдний нэг. Эдүгээ “Миний дэлгүүр” сүлжээний эзэн С.Сэргэлэн, Япон дахь Элчин сайдын яаманд эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байгаа Д.Батжаргал хоёр маань бизнес эрхлэх санал тавьсны дагуу хэдэн төгрөгөө нийлүүлэн “Хангай” хоршоо байгуулан Хятадаас бараа дарж Орост зарж эхэлсэн. Сэргэлэн бид хоёр арван жилийн нэг ангийнхан, хоёулаа Москвад дээд сургууль төгссөн болохоор таньж мэддэг хүн ихтэй. Хэл усны зовлон байхгүй тул наймаа хийхэд хялбар л байсан. Явцын дунд Сэргэлэн маань хоршоогоо авч үлдээд би гарсан. Одоо эргээд бодоход хэн хэнийх нь ч зөв байсан юм болов уу. Хоёулаа л өөр өөрсдийн бизнесийг амжилттай эрхлээд явж байна. “Хангай” хоршооноос гараад Оджаргал, Бямбадорж, Санчир нартай нийлээд “МСЗ” компанийг байгуулсан. Тэгээд 1995 онд тусдаа гарахаар шийдэн “Жамп” компанийг мөн л дөрвүүлээ хөрөнгөө нэгтгэж буй болгосон. Тэнд ажиллаж байхдаа бие даан “Жаст” компанийг байгуулсан. Ингээд бодохоор миний хувьд бизнест хөл тавиад хориод жилийн нүүр үзжээ. Түүний 11 жил нь “Жаст групп”- тэй холбоотой. Бизнесийн ертөнцөд хамтдаа хөл тавьж, жаргал зовлонгоо хамтдаа хуваалцаж байсан Оджаргал, Цэрэндаваа, Сэргэлэн нартайгаа одоо ч сайн харилцаатай.
- Та ямар машин унах дуртай вэ. Одоо хэд дэх машинаа унаж байна?
-“Тоёото”-гийн машинд дуртай “ЖАСТ”-ыг байгуулсанаас хойш хоёр дахь машинаа л унаж байна. Өнгөрсөн жил “Мерседес”-ийн хөнгөн тэрэг авсан.
-Малгайн үсээ сэргээнгээ ан ав хийнэ биз?
-Амьдралынхаа гуравны хоёрыг ажил дээрээ, гуравны нэгийг нь гэртээ өнгөрүүлдэг. Өөр зүйл сонирхож явах цаг зав үнэндээ алга. Ингэж хэлэхээр, уйтгартай санагдаж магадгүй. Гэхдээ би дуртай ажлаа хийж яваа.
-Сарын хэд хоногийг гадаадад өнгөрүүлдэг вэ?
-Бизнест дөнгөж хөл тавиад ганзагын наймаанд явж байхад жилийн гуравны нэгийг гадаадад өнгөрүүлж байсан. Бизнес тогтворжоод ирэхээр удирдаж байгаа хүн нь эзгүй байж болдоггүй. Сүүлийн жилүүдэд бүх зүйлээ урьдчилан төлөвлөөд гадаадад нэг, хоёр хоног л ажилладаг болсон. Хоёр сард нэг л удаа гадагшаа зорчиж байна.
-Онгоцны ямар ангиллын сууддыг захиалж үйлчлүүлдэг вэ?
-Ноднин жилээс л манайхан “Захирлаа, та одоо бизнес ангиллаар зорчих цаг болсон” гэхээр нь зөвшөөрсөн. Ажлын бүтээмжээ бодсон ч бизнес ангилап нь илүү тавтай юм билээ.
-Та хэтэрхий энгийн хүн юм аа. Хэрэгт дурлаад шүүгээн дахь хослолыг чинь хамтдаа тоолбол?
-Би дэгжин хээнцэр хүн биш. Өдөр тутам, гоёлын нийлээд дөрвөн хослолтой.
-Хамгийн үнэтэй хослолоо та хаанаас худалдаж авсан бэ?
-Би хувцсаа Монголоосоо л авдаг. Эхнэртэйгээ хамт явж зөвлөж байж сонголтоо хийдэг. Ханьтайгаа арван жилд нэг ангид байсан. Бие биенээ мэдээд гучаад жил болж байна.
-Эрчүүд цаг, цүнх, гуталд эмэггэйчүүдийн адил халаасаа тэмтэрдэг. Та алинд нь вэ. Өнөөдөр ямар фирмийн цагаар гангарав?
-Брэндэд нэг их ач холбогдол өгөөд байдаггүй ч боломжийн түвшний бизнес эрхлээд ирэхээр бас анхаарахгүй байж боломгүй зүйл байдаг юм байна. Дэлхийд нэр хүнд бүхий хамтрагч маань ирлээ гэхэд боломжийн унаагаар тосч авах ёстой гэхчилэн. Хэдийгээр би энгийн амьдралыг илүүд үздэг ч заримдаа бизнесийн хүрээний дүрэм журамд захирагдах л ёстой юм билээ. Хөдөө өсөөгүй болохоор хурдан морь гээд байдаггүй, машин барьдаггүй учраас сайхан унаа тэрэг гэхгүй юм. Ан ав сонирхдоггүй цагийн гарз.
-Гэрийн үйлчлэгчтэй юу. Гэргий тань ямар ажил алба эрхэлдэг вэ?
-Гэр орны ажилд тусалж, хүүхэд хардаг хүн бий. Манай эхнэр хүний их эмч. Эрүүл мэндийн салбарт хорь гаруй жил ажиллаж буй.
-Тэгвэл та эрүүл мэндийн салбарын зовлонг нэлээд гадарладаг юм байна. Монголын эрүүл мэндийн салбарт туслах юмсан гэж боддог уу?
-Эмч хүний гэр бүлийн хувьд бусдаас арай илүү гадарлалгүй яахав. Бид нэлээд олон салбарт хүч үзэн үр ашгийнхаа тодорхой хэсгийг татвар хэлбэрээр улсад тушаадаг. Олон арван ажлын байр бий болголоо. Бидний зорилго бусдад үлгэр дууриалал болохуйц кампани бий болгох явдал юм. Тиймээс эмнэлэг, сургууль байгуулъя гэж боддоггүй.
Татвар гэж онцоллоо. Гэвч төлсөн татвар хэнд хүр байгаага мэдэгдэхгүй алга болдогт иргэд шүүмжлэлтэй ханддаг?
-Төлсөн татвартаа харамсч байсангүй. Анхнаасаа л тоглоомын дүрэм нь тэгж зохиогдсон. Мөнгийг эд баялаг худалдаж авч баяжих хэрэгсэл гэдэг өнцгөөс харвал буруудна. Улсад өгсөн мөнгөөрөө тийм нэг байшин барьсансан бол, тийм зүйл худалдаж авсан бол гээд л бодоод байвал хүнийг харалган болгодог гэмтэй. Бид улсдаа төлөх ёстойгоо төлөх хэрэгтэй. Харин төсвийн хөрөнгийг зарцуулах үүрэг хүлээсэн төрийн албан хаагч биш учир энэ асуудалд надад санаагаа зовоох шаардлага байхгүй. Мэдээж засч залруулах юм харагдаж л байдаг. Харин бизнес эрхлэгч биднээс яах ёстой вэ гэж асуувал санаа оноогоо нэмэрлэлгүй яахав. Өмнөх ажил тэртэй тэргүй барагдашгүй их байхад хүний ажилд хоосон хошуу дүрээд хэрэггүй гэж бодцог.
-Монгол Улсын ирээдүйд хөгжлийн ямар гарц харагдаж байна вэ?
-Эх орныхоо ирээдүйг өөдрөг сайхнаар харж байна. Улстөрийн хүчнүүд нь хэл амаа олоод, цаашаа хөгжвөл болохгүй зүйл алга. Монголчууд ядуу байна л даа. Сүүлийн үед байгалийнхаа баялаг руу гар дүрлээ гэж шүүмжлэх хүн олон болж. Анхны хөрөнгийн хуримтлалаа байгалийнхаа баялагтаа түшиглээд бий болгочихвол бидэнд цааш хөгжих өргөн боломж байна.
-“Монгол шуудан”, “Хадгаламж” банкууд нэгдсэн. Сүүлийн жилүүдэд санхүүгийн зах зээл рүү төр хошуу дүрснээс арилжааны банкууд дампуурах болсон. Та үүнээс айсангүй юу?
-Зарим нь биднийг банкны салбарыг мэдэхгүй байж банк худалдаж авлаа гэж шүүмжлэх болсон. Бид энэ салбарт ажилласан туршлага бага нь үнэн боловч банк бол бизнесийн нэг л салбар. Тэр утгаараа бид хүний хийж чадахгүй зүйл рүү хөл тавиагүй. Ямар ч бизнес зарчмынхаа дагуу яваад эзэн нь хичээвэл болж бүтнэ гэж үзэж байгаа.
-Таны ард оросууд байна гэсэн яриа байдаг?
-Хүмүүс хүнийг гүжирдэж гүтгэхээрээ цав цагаан зүйлийг хар болгох юм аа. Уг нь бол “Хадгаламж” банкийг 100 хувь оросууд хувьчлаад авсан байсныг Монголын компани эргүүлээд худалдаж аваад байгаа юм шүү дээ.
-Жирийн иргэдэд ойлгогдохоор тайлбарлаагүйгээс үүдсэн яриа байх?
-Зөндөө л хэлж ярьсан. Анхны хувьчлалаар “Чингис хаан” банк худалдаж аваад өөр Оросын бизнес группт зарсан байсныг “Жаст групп” жилийн өмнөөс эргүүлж худалдаж авахаар оросуудтай хэлэлцээр хийж бодит байдлыг судалж эхэлсэн. Оросын мэдэлд 100 хувь очсон байсан банкийг монголчууд эргүүлээд худалдаад авч байхад яахаараа оросуудын гээд байгаагийн учрыг харин зөрүүлээд асуумаар байх юм. Бид ямар ч асуудалд нээлттэй ханддаг. Ярилцлага өгөх болгондоо тайлбарладаг, сүүлдээ тайлбарлахаа ч больсон. Бар, ресторан, зочид буудлыг гадныханд худалдсан бол санаа зовох асуудал биш, харин мөнгөн урсгалын хувьд байж боломгүй зүйл. Банк санхүүгийн салбарт гадны хөрөнгө оруулалт орж йрэхэд аль ч улс эмзэглэдэг. “Жаст групп” 100 хувь Монголын компани, манайд ямар ч Оросын хөрөнгө оруулалт байхгүй.
-Таныг “Олон овоот”-ыг худалдаж авлаа гээд бичээд байгаа?
-Тиймээ, манай групптэй холбоотой бичигдээд байгаа зүйл бол “Олон овоот”-ын уурхай. Тус уурхайг ажиллуулж байсан “Монгол газар” компани нь тус ордын бүх лиценз, уурхай, үйлдвэрээ АНУ-ын “Голдман сакс” гэж санхүүгийн компанид барьцаалан мөнгө зээлж авсан байсан. Тэгээд зээлээ эргүүлэн төлж чадахаа больсон тул хуулийн дагуу зарагдах гэж байхад нь бид өрийг нь хариуцаад өөрийн болгож авсан. Монголын банкууд тус ордод өгсөн зээл, хүүгээ төлүүлж чадахгүй байсан,- тэгтэл америк компани болохоор хүүгээ аваад ашгаа хүртээд байж болохгүй биз дээ. Барьцаа нь зөвхөн “Голдман сакс”-т байсан болохоор л давуу эрх эдэлж байсан нь тэр. Бидний хувьд “Голдман сакс”-ын ч тэр, Монголын банкуудын ч тэр бүгдийнх нь өрийг хариуцан барагдуулахаар ажиллаж байна. Ийм бодитой зүйлийг улаан цайм мушгиад оросууд авчихлаа гээд байгаа нь үнэнтэй огт нийцэхгүй яриа.
-Таныг Ерөнхий сайд асан С.Баяртай холбодог. Тэр бүү хэл, гарынх нь хүн гэдэг шүү дээ?
-Ерөнхий сайд асан С.Баярыг би сайн танина. Манай компани нь нефтийн бүтээгдэхүн импортлодог. Энэ үүднээсээ ОХУ-ын компаниудтай хамтарч ажилладаг. Үйлдвэрлэсэн махаа ОХУ-д экспортолдог. С.Баяр олон жил ОХУ-д Элчин сайдаар ажилласан. Томоохон бизнес эрхэлж байгаа хүний хувьд би ОХУ-д байнга ирж очно. Монголоо төлөөлөөд сууж байгаа Элчин сайдынх нь хувьд асуух, зөвлөх, ярилцах зүйл гарна шүү дээ. “Хадгаламж” банкийг худалдаж авах, “Олон овоот”-ын үндсэн ордыг мэдэлдээ шилжүүлэх үед С.Баяр дарга Ерөнхий сайдаар ажиллаж байсан нь хэл ам дагуулсан. Одоо манайхыг өөр нэг бизнесийн салбар руу орвол Ерөнхий сайд Сү.Батболдтой холбох болж байна уу. Би өөрөө ч мэдээгүй байхад манай компанийн хувьцаа эзэмшигч нь С.Баяр дарга болсон байх жишээтэй. Том бизнесийн цаана байнга л ийм шуугиан дагаж байдаг бололтой. С.Баяр даргыг сайн таньдгийн хувьд хааяа уулзаж ярилцдаг. “Жаст групп” 100 хувь бие даасан бизнесийн байгууллага. Гэв гэнэт газрын гүнээс ургаж гарч ирээгүй. Бидний 10 жилийн хөдөлмөрийн үр дүнг ингэж үгүйсгэж болохгүй шүү дээ. Манайд нийтдээ 3300 хүн хөдөлмөрлөж байгаа.
-Бизнес эрхлэж байсан хүмүүсийг харахад байр сууриа олоод бизнес нь тогтворжоод ирэхээр улс төрд орох гэж зүтгээд байх юм. Үүнийгээ улс төрд хэн нэгэн нь байхгүй бол болохгүй юм гэж тайлбарлах нь бий. Та нэгэн цагг УИХ-д нэр дэвших үү?
Би улс төрд орохгүй гэж боддог. Карл Маркс “Нийгмийг хөгжүүлдэг хамгийн гол тулгуур зарчим бол хөдөлмөрийн хуваарилалт” гэж хэлсэн байдаг. Бизнес хийх нь бизнесээ хийж, улс төрч нь төрдөө зүтгэж, сэтгүүлч нь сэтгүүлээ гаргаж хүн бүр өөрт ногдсон ажлаа ухамсарлан сахилга баттай ажиллавал хөгжих нь дамжиггүй. Миний хувьд бизнес эрхлэхээр сонгосон, түүнийгээ сайн хийе гэж л зүтгэж байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа
Ярилцсан Ч.Чулуунцэцэг /2010 оны гуравдугаар сарын 24 /
“ӨДРИЙН ШУУДАН” СОНИН
Сэтгэгдэл (7)