"ОХУ-ЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ИЛГЭЭЛТ ВАШИНГТОНД ӨГЧ БУЙ ДОХИО ЮМ"
Өнгөрсөн пүрэв гаригт Москвагийн "Манеж" үзэсгэлэнгийн төвд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүр Холбооны хуралд тавьдаг илгээлтээ сонсгосныг ТАСС агентлаг уламжлав. Түүний энэ удаагийн илгээлт өмнөх илгээлтүүдээсээ ялгаатай байсныг РИА Новости агентлаг онцолжээ. Путин энэ удаад инфографик, видео материалууд ашигласан бөгөөд түүний илгээлт ердийнхөөсөө хоёр дахин урт буюу нэг цаг 57 минут үргэлжилсэн байна.
Мөн түүний илгээлтийг сонсохоор очсон сэтгүүлчдийн тоо 705-д хүрчээ. Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хувьд тусгай ашиг сонирхлоо ч илэрхийлсэн байна. Пакистаны телевизийн сувгийн ажиглагч Иштек Хамдани хэлэхдээ "Исламын ертөнцөд ОХУ-ын ерөнхийлөгчийн илгээлт хүлээлт үүсгээд байсан. Бид Орос улсыг мэднэ. Учир нь Орос орон терроризмын эсрэг тэмцэж буй тул Путин юу хэлж буйг бүх дэлхий даяар сонсох нь чухал юм" хэмээн хэлжээ.
Венесуэлийн телевизийн “TeleSUR” суваг болон Хонконгийн хиймэл дагуулын “Phoenix TV” сувгийн сурвалжлагчид Латин Америк, Ази-Номхон далайн бүс нутагт Москвагийн дуу хоолойг сонсдог гэж онцолсон байна.
АНУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Сергей Кислюк "Путины илгээлт бол Вашингтонд өгч буй дохио юм. Америк сонсоно гэж найдаж байна" гэж хэлжээ. Владимир Путины энэ удаагийн илгээлт ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль эхлэхээс 17 хоногийн өмнө тавигдаж буйгаараа онцлог бөгөөд түүнд амлалтын чанартай үг их байсныг Оросын хэвлэлүүд онцолжээ.
Путины илгээлт нийгэм эдийн асуудлаар эхлүүлж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх амлалтуудаар үргэлжлэв. Тэрээр Оросын хөгжлийн гол хүчин зүйл нь "хүмүүсийн сайн сайхны төлөө" юм гэжээ.
Тэрээр "Амьдралын чанарын үзүүлэлт, хүний сайн сайхан байдлыг хангах хамгийн чухал үүргийн үүднээс бид мэдээж хэрэг шаардлагатай түвшинд хүрч чадаагүй байна. Гэхдээ бид үүнийг хийх ёстой, хийх ч болно" гэдэгтээ итгэлтэй байгаагаа хэлжээ.
Путин 20 сая орос хүн буюу долоон орос хүн тутмын нэг нь ядуурлын шугамаас доогуур амьдарч байна гэдгийг хүлээн зөвшөөрөхгүйгээ хэлэв. Тэрээр ирэх зургаан жилд ядуурлын тоог 50 хувиар бууруулахаар амалж, иргэдийнхээ амьдралыг сайжруулна гэдгээ илэрхийлсэн байна.
Мөн ирэх зургаан жилийн хугацаанд хотын дэд бүтцэд зарцуулах зардлыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэв. Гэвч тэрээр энэхүү зарцуулалтын амлалтууд хэрхэн санхүүжигдэх талаар нарийвчилсан мэдээллийг дурдаагүй байна.
-БИД ХЭНИЙГ Ч ЗАНАЛХИЙЛЭХГҮЙ-
Путины илгээлтийн цөм нь тив алгасах “Сармат” пуужин, “Aвангард” стратегийн пуужингийн цогцолбор, лазерь суурилуулалт, шинэ үеийн пуужингийн хэд хэдэн дээжийг танилцуулсан явдал байв.
Тэрбээр илгээлтдээ “Орос улс пуужингийн довтолгооноос хамгаалахын тулд шинэ цөмийн зэвсэг бүтээж байна. Орос улс цөмийн эрчим хүчний хүчирхэг гүрэн хэвээр байсаар байна. Гэхдээ хэн ч бидэнтэй ярилцахыг хүссэнгүй. Хэн ч биднийг сонсохыг хүссэнгүй. Харин одоо бидэнтэй уулзаад үзээрэй. Биднийг хэн ч сонсдоггүй бол одоо бүгд сонсдог болно” гэжээ. Мөн тэрээр “Тэд ОХУ-ын хөгжил, түүний дотор цэргийн салбарыг хязгаарлах хориг арга хэмжээний тухайд амжилтад хүрч чадаагүй.
Сүүлийн 15 жилийн хугацаанд хийсэн ОХУ-ын зэвсгийн хүчирхэгжилтийг хязгаарлах оролдлого амжилтгүй боллоо. Бүгдээрээ хамтдаа сууж байгаа завийг бүү сэгсэрч зогсоо” хэмээн АНУ-д анхааруулжээ.
Мөн тэрээр Орос улс шинэ технологиор бүтээсэн пуужингийн эсрэг хамгаалалтын систем болон цөмийн хөдөлгүүрт пуужингийн шинэ загварууд туршсаныг онцлон тэмдэглэжээ. Тухайлбал, “Авангард” хэмээх энгийн пуужингаас 20 дахин хурдтай тив хоорондын баллистик пуужин, Оросын өмнөд хэсэгт туршсан “Кинжал” нэртэй 1250 км-ын хол зам туулах чадвартай зэвсгийн систем зэргийг нэрлэж, дүрс бичлэгээр харуулсан байна.
-ОРОС БОЛОН ТҮҮНИЙ ХОЛБООТНУУДЫН ЭСРЭГ ЦӨМИЙН ЗЭВСЭГ ХЭРЭГЛЭВЭЛ ТЭР ДОР НЬ ХАРИУГ НЬ БАРИНА-
Оросын зэвсэгт хүчний өргөжилт дэлхийн энх тайвныг хамгаалахад чиглэсэн гэдгийг онцлоод, Орос болон түүний холбоотнуудын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэвэл хоромхон зуур хариуг нь барина гэжээ.
1972 онд АНУ ЗХУ-тай хүчний тэнцвэрийг алдагдуулахгүйн тулд системийн хамгаалалтад байх бүс нутгийг тодорхойлсон хэлэлцээрт гарын үсэг зурсан байдаг. Гэвч АНУ уг хэлэлцээрийг үл тоон цөмийн зэвсэг хөгжүүлж байгааг шүүмжилжээ. Тодруулбал, НАТО-гийн зүүн хэсгийн хил хязгаарын аюулгүй байдлыг эрчимжүүлэхээр Пентагон 1200 гаруй хүнд зэвсгээ Төв, Зүүн Европт байрлуулж, цэргийн хүчээ нэмэгдүүлж, Балтийн тэнгисийн гурван орон болон Польшид дөрвөн батальоны олон улсын хүч байршуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл НАТО зүүн Европ руу цэрэг илгээх төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
Хамгийн гол нь НАТО-гийн цэрэг, цэргийн техник хэрэгслээ байрлуулахаар төлөвлөөд буй орнуудад НАТО-гийн гишүүн бус Гүрж, Финланд зэрэг улсууд багтаж байгаагийн дээр ОХУ-тай хиллэдэг Литва, Латви, Беларусь болон Польш улсууд багтаж буй нь Москваг ихэд түгшээж байгаа аж.
НАТО-гийн төлөвлөгөөнд Балтийн гурван оронд тус бүр 150 цэрэгт хангалттай хүрэлцэх цэргийн төхөөрөмжийг хадгална гэж заасан байгаа бол Польш, Румын, Болгар, магадгүй Унгарт нэг батальон буюу 750 цэрэгт хангалттай хүрэлцэх тоног төхөөрөмжийг байрлуулна гэсэн нь цэргийн бааз байгуулах гэсэн оролдлого хэмээн Моксва хардаж байгаа аж.
НАТО-гийн зүүн Европ, Балтийн тэнгисийн 17 оронд байрлуулахаар төлөвлөж буй зэвсгийн 250 нь "M-1" зэрэг орчин үеийн танк, "M-2 Bradley" зэрэг явган цэргийн байлдааны машин байгаа аж. Эдгээр зэвсгээр 3000-5000 цэрэгтэй армийг бүрэн зэвсгээр хангах боломжтой гэсэн үг.
ОХУ энэ үйлдлийг 1997 онд зурсан Орос-НАТО-гийн харилцааны үндсэн бичиг баримтуудын гол заалтуудыг зөрчсөн хэмээн үзэж, удаа дараа эсэргүүцлээ илэрхийлж байсан бол энэ удаад цөмийн зэвсэг хөгжүүлж буй мэдээгээр дахин эсэргүүцлээ илэрхийлжээ.
Сэтгэгдэл (4)