Польшийн парламент Украйны хэт үндсэрхэг үзлийг сурталчилвал эрүүгийн хариуцлага тооцох туцай хууль баталсан. Украйн энэ хуулийг батлуулахгүй гэж янз бүрээр үзсэн ч аргагүй бяр нь хүрээгүй. Украйны 1 сая гаруй иргэн Польш улсад ажиллаж “халтур” хийн өөрсдийгөө болон ар гэрээ тэжээдэг. Тиймээс тэнд Украйны хэт үндсэрхэг үзэлт Бандерагийн үзэл бодлыг тээгчид, дэмжигчид, илэрхийлэгчид байж байгаа нь гарцаагүй. Польшийн шинэ хууль олон украйнчуудын хувьд тун таагүй байгаа нь ойлгомжтой.
Польшийн элитын хувьд оросыг л эсэргүүцсэн болгоныг, бүр тодруулбал оросуудад салаавч өгч байгаа украйны хэт үндсэрхэг үзэлтнүүдийг дэмжээд байдаг ч энэ удаад оросыг эсэргүүцэгч украйнчуудыг илэрхий шамшигдуулсан хууль батлах шалтаг, шалтгаан байсан. Дайны үеэр Бандерагийн талын баримтлагчид олон зуун мянган хүнийг судсаар нь польш цус урсаж байна гэж хэрцгийлэн хөнөөсөн байдаг. Иймд польшийн үндсэрхэг үзэлтнүүд оросыг үзэн яддаг хэдий ч украйны үндсэрхэг үзэлтнүүдийн гаргасан авирыг олон жил мэдэхгүй царайлаад явж чадахгүй гэдгээ харуулсан хэрэг.
Энэ мэдээг украйнчууд таатай хүлээж аваагүй. Ерөнхийлөгчөөс эхлээд цэргийн дарга нар хүртэл шат шатандаа янз бүрээр тайлбар өгч, Польшийг заналхийлж эхэлжээ. Тухайлбал, Украйны Батлан хамгаалахын сайд асан, армийн генерал цолтой Александр Кузьмук гэгч нь ТВ сувгаар ярилцлага өгөхдөө Польшд ажиллаж байгаа украйнчууд ногоон талбайн хашлага мод суга татан польшуудыг зодно гэжээ.
Украйн 1992 онд Зөвлөлт задрахад л тусгаар улс болж байсан болохоос өмнө нь түүхэндээ хэзээ ч тусгаар улс болж байгаагүй юм. Украйны үндсэрхэг үзэлтнүүд нэг жил ч тусгаар улс болж байгаагүйнхээ бурууг оросуудад тохож, дээд зэргээр үзэн яддаг. Польшийн хувьд Екатерина хааны үед Оросын колони болж гундах хүртэл Украйныг эзэлж дураараа дургиж байсан. Украйнчуудын Польшийг ч үзэн яддаг, Оросыг ч үзэн яддаг, өөрийн гэсэн тусгаар улс байгуулах гэсэн зуун дамнасан энэ хүслийг нацист Герман соргогоор мэдэрч их зүйл амлан украйнчуудаас СС-ийн дивиз хүртэл байгуулж эзэлсэн нутагтаа шоронгийн хуягийн ажлыг хийлгэх болсон юм. Харин германчуудын жигүүр доор орсон украйнчууд орос, польш хоёроос хариугаа яаж авахыг яруу тодоор харуулсан гэж болно. Тэд Украйны хот, тосгодод “цэвэрлэгээ” явуулж орос, польш, еврей үндэстнүүдийг тусгайлан хороох болсон. Тухайлбал, 1943 онд Волынь мужид польш үндэстнийг хомроглон устгасан явдал байна. Тосгоныг бүсэлж түгжээд бичиг баримтын шалгалт явуулж польш эсвэл еврей эсвэл орос гаралтай овогтой хүн бүрийг эр, эм, хүүхэд, хөгшин гэлтгүй хөнөөдөг байсан
аж.
1939 он хүртэл Польшийн мэдэлд байсан Волынь нутгийг дайны үеэр Украйны үндсэрхэг үзэлтнүүд эзэрхсний дараа тэнд олон арав, зуун жил амьдарч ирсэн польш, еврей үндэстнүүдийг түүн устгаж эхэлсэн байна. 1942 оны сүүлээр эхэлсэн яс үндсээр ялган хомроглон устгах энэхүү ажиллагаа 1943 оны сүүл хүртэл үргэлжилж 80 мянга, зарим тоогоор 100 мянга гаруй польш хүн украйны үндсэрхэг үзэлтнүүдийн гарт амиа алджээ. Иймд зүйлд польшчууд дуртай байх аргагүй нь мэдээж. Харин украйнчууд энэ тухай
мэдээг тараах, олонд ил болгохдоо дургүй.
Ийм нөхцөлд Польшийн парламент Украйны хэт үндсэрхэг үзлийг дэмжсэн, сурталчилсан хүнд эрүүгийн хариуцлага тооцох тухай хууль батална гэдэг хэт үндсэрхэг үзэлтнүүд рүү нулимсантай адил. Харин өнөөгийн Украйны Засгийн газар, улс төрийн өндөрлөгийг тогтоон барьж байгаа хүч бол Украйны хэт үндсэрхэг үзэлтнүүд. Нулимуулсан хүч зүгээр суухгүй. Украйны хэт үндсэрхэг үзэлтнүүд Ерөнхийлөгч Порошенко, Засгийн газраа сүрдүүлээд эхэлсэн. Польшийн эсрэг хариу арга хэмжээ ав гэж шаардаад байгаа.
Хэрээс хэтэдсэн үндсэрхэг үзлийн бас нэг илрэл бол дээр дурдагдсан Украйн генералын мэдэгдэл юм. Бодит байдалд нийцэж байгаа бол энэхүү мэдэгдэл Польшийн эрх баригчдын хувьд тун ч таагүй. Учир нь, Польшид албан ёсны зөвшөөрөлтэй ба зөвшөөрөлгүй 1 сая гаруй украйн хүн ажиллаж байдаг гэдэг. Тэд бүгд үндсэрхэг үзэлтэй байгаад энэ хуулийг эсэргүүцэн бослого үймээн дэгдээвэл тун таагүй нь мэдээж.
Сэтгэгдэл (1)