Малайзын Авлигын эсрэг хорооноос хууль бусаар валют сольж өгдөг газрууд мөнгө угаах болон авлигын гэмт хэргүүдийн хамгийн том хамсаатнуудын нэг хэмээн мэдэгджээ.
Тус хорооны хөрөнгө хураах, мөнгө угаахтай тэмцэх тасгийн дарга Фикри Абдул Рахим валют солилцооны газрууд хээл хахуулийн хэрэгт хэрхэн хамааралтай оролцдог талаар жишээ дурджээ. Түүний хэлснээр хэрэв төрийн албан хаагч хахууль авахаар шийдсэн бол өгөгч тал мөнгийг тус улс дахь валют солилцооны газарт өгөх бөгөөд хэсэг хугацааны дараа хахууль авагч уг мөнгийг өөр улс дахь тус газрын харьяа салбараас авдаг байна. Ийм замаар авлига авагч нь 3000 малайз ринггит (750 ам доллар) улсаас гадагш эсвэл дотогш шилжүүлэх бүрт нэрээ бүртгүүлэх ёстой шаардлагыг тойрч гардаг аж.
Хууль бус мөнгийг хөдөлгөх энэхүү арга нь мөнгө хаанаас орж ирсэн, хаашаа шилжсэн зэргийг тогтооход асар хүнд байдал үүсгэдэг байна. Иймд валют солилцооны газруудыг удирдах үүрэгтэй Малайз улсын банкыг илүү болгоомжтой ажиллах ёстойг сануулжээ.
Жил бүр дэлхий нийтийн дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувь буюу 1-2 их наяд ам доллар хууль бусаар угаагдаж байдаг байна. Малайзын Авлигатай тэмцэх хороо өнгөрсөн онд 2 сая орчим долларын хохирол бүхий 100 гаруй мөнгө угаах хэргийг мөрдөн шалгажээ.
Эх сурвалж: www.freemalaysiatoday.com