Их Британийн Оксфорд хотын нэгэн эмнэлгийн судлаачид зүрхний өвчин болон уушгины хорт хавдрыг эрт үед нь илрүүлэн оношлох боломжтой хиймэл оюун ухааныг (AI) зохион бүтээсэн тухай “Би-Би-Си” телевиз мэдээлэв.
Оксфордын их сургуулийн харьяа Жон Радклиффын нэрэмжит эмнэлгийн судлаачдын мэдэгдсэнээр, энэхүү хиймэл оюун ухаанаар зүрхний өвчин болон уушгины хорт хавдрыг эрт үед нь илрүүлэн оношилсноор олон хүний амийг аврахаас гадна их хэмжээний мөнгийг хэмнэх аж.
Их Британийн төрийн өмчийн эмнэлгүүдэд энэ зунаас уг технологио туршилтаар ашиглуулж эхлэхээр судлаачид төлөвлөжээ.
Их Британийн улсын эмнэлгүүд эмгэг судлалд жилд 2.2 тэрбум фунт стерлинг зарцуулдаг бол уг технологийг ашиглаж эхэлснээр энэ мөнгөний наанадаж 50 хувийг нь хэмнэх боломжтой гэж эмч Жон Белл ярьжээ.
Тэрбээр цааш нь ярихдаа “Одоогоор зүрх судасны ямар ч сайн эмч ойролцоогоор таван өвчтний нэгийг нь буруу оношилж байна. Өвчтэй хүнийг зүгээр байна гээд гэр рүү нь буцаах тохиолдол зөндөө гарч байна. Үүний улмаас нөгөө хүн нь зүрхний шигдээс тусах эсвэл өвчнөө хүндрүүлснээр хагалгаанд орж байна. Харин энэ хиймэл оюун ухаанаар илүү нарийвчлалтай, онож оношлуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, энэ хиймэл оюун ухаан нь эмч нарын харж чадаагүйг илрүүлж чадна. Ингэж чадах нь клиникийн туршилтаар ч батлагдаж нотлогдсон” гэсэн байна.
Эх сурвалж: BBC.COM