Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн томилгоо үргэлжилсээр. Засгийн газрын лхагва гаригийн ээлжит хуралдаанаар Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Х.Хэрлэнг томилжээ.
Хэн хүний сонирхлыг татдаг, болчих юмсан хэмээн зүтгэдэг эл сэнтийг үе, үеийн Засгийн газрын тэргүүнүүд хамгийн дотно хүндээ “бэлэглэдэг”. У.Хүрэлсүх ч энэ уламжлалаас ангид байж чадсангүй. Өвөг дээдсээс бидэнд бүрэн бүтнээр нь өвлүүлж үлдээсэн газрын хэвлийн баялаг Х.Хэрлэн болон түүний тойрон хүрээлэгчдийн гарт очих нь тодорхой боллоо. Тойрон хүрээлэгч хэмээсний учир мөдхөн тэр бусдын жишгээр халаа сэлээг хийж эхэлнэ. Олон нийт ч түүнийг таатай хүлээж авахгүй байгааг цахим ертөнцөд цацагдаж буй мэдээллээс харж болохоор. Цахим мэдээллийн дор бичигдсэн мэдээллүүдийг анзаарч байхад тухайн хүнийг хамгийн сайн танидаг хүмүүс нь эсвэл нэгэн цагт хамт ажиллаж байсан нөхөд нь өөрийн үзэл бодол, байр суурийг илэрхийлсэн байх нь олонтоо. Олонд хүрч буй мэдээллээс харахад мань хүн тийм ч сайн хүн биш бололтойдог.
Х.Хэрлэнгийн талаархи “24 баримт”-ыг хүргэж байна.
Баримт 1. Засгийн газрын ээлжит /2017.12.07/ хуралдаанаар Ашигт малтмал газрын тосны газрын дарга Д.Баатарцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Х.Хэрлэнг тус албан тушаалд томилов.
Баримт 2. Х.Хэрлэн нь 1967 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төржээ. Түүний намтарт бичигдсэнээр, 1993-2000 онд юу хийж байсан нь тодорхойгүй явж байснаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга хэмээх албан тушаалд шууд томилогдсон нь олны анхаарлыг татах үндэс болжээ. Намтрыг цааш үргэлжлүүлэх аваас 'Монгол Шуудан' компаний ТУЗ-ийн дарга, Монголын төмөр замын ТӨХК-ий дэд дарга, 'Дарханы төмөрлөгийн үйлдвэр' ХК-ий ТУЗ-ийн дарга, Монгол, Болгарын хамтарсан “Монголболгаргео” ХХК-ийн ТУЗ-ийн дарга зэрэг албан тушаалыг хашиж ирсэн байх жишээний.
Баримт 3. Х.Хэрлэн нь “Кадастр”-ын Хэрлэн гэдгээрээ уул уурхайн салбарт болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүсэл сонирхол бүхий хүмүүст танигджээ. Учир нь АМХЭГ-т Кадастрын алба байгуулагдах үеэс ажиллаж, даргын суудал руу өгссөн нэгэн.
Баримт 4. Х.Хэрлэнгийн талаар сайн гэхээсээ саар мэдээлэл дэндүү их юм билээ. Ганцхан жишээ хэлэхэд, АТГ-ынхан АМГ-ын дарга асан Д.Батхуягийг барьж, хорих үед дараагийн хүнээр түүнийг нэрлэж байв.
Баримт 5. Үнэндээ тэрбээр насан багийн андынхаа хүчээр өдий зэрэгтэй яваа. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болмоцоо түүнийг нэг биш нэлээд хэдэн албан тушаалд нэрийг нь дэвшүүлсэн гэх.
Баримт 6. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн шинэ захирлаар томилогдох яриа гарч байсан ч Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар томилогдоно гэх “бор шувуу” Засаг бүрдсэн цагаас хойш ниссэн.
Баримт 7. Мань хүн улс төрд хөл тавьсан цагаасаа л намын томчуудын итгэлийг хүлээсэн учраас Х.Хэрлэн төрийн өмч хөрөнгийг удирддаг, хувьчилдаг чухал суудалд заларсаар иржээ. Монгол, Болгарын хамтарсан “Монголболгаргео” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн ТУЗ-ийн дарга гэх мэт олон сонгуульт ажлыг хавсран гүйцэтгэж байсныг дээр өгүүлсэн.
Баримт 8. Түүний талаар “Дунд гарын суудлаа ашиглан том гарын бизнесмэн болж чадсан” гэх яриа байдаг.
Баримт 9. “Төрийн алба хашдаг хамгийн залуу ам.долларын саятан” гэх тодотголыг энэ эрхэм хэдэн жилийн өмнө хүртэж байжээ.
Баримт 10. Х.Хэрлэн АМХЭГ-ын Кадастрын албаны даргаар ажиллаж байхдаа лицензийн наймааг жинхэнэ утгаар нь цэцэглүүлж, хөлжсөн нэгэн гэлцэх нь бий.
Баримт 11. Тодруулбал, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байх үедээ Х.Хэрлэн төрийн мэдлийн Шивээ-Овоогийн лицензийг 2004 оны арванхоёрдугаар сарын 10-23-ны хооронд У.Хүрэлцоож захиралтай “Шинэ шивээ” компанид шилжүүлсэн байдаг.
Баримт 12. Х.Хэрлэн төрийн мэдлийн Шивээ-Овоогийн лицензийг ийнхүү шилжүүлснийхээ дараа “Шинэ шивээ” ХХК-д хувь эзэмшдэг болсон гэлцдэг.
Баримт 13. Ашигт малтмалын Хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн кадастрын албаны дарга Х.Хэрлэнгийн гарын үсэг бүхий 2002 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 441А тоот лицензээр “Алтан дорнод” ХХК-д Заамарын Ар наймганы 485 га газрыг 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж байжээ.
Баримт 14. Тэрбээр 2005 оны наймдугаар сард Улсын мөрдөн байцаах газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байжээ. Үндэслэл нь ашигт малтмал эрхлэх албан ёсны зөвшөөрлийг хууль бусаар өөр этгээдэд давхардуулан олгосон гэх үндэслэлээр.
Баримт 15. Түүнчлэн 400 сая төгрөгөөр хохирсон компаний зүгээс гаргасан гомдлын дагуу шалгахад Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн нь илэрч байжээ.
Баримт 16. АМХЭГ 2002-2004 онд 120 өргөдлийн төлбөрийг төлж, лиценз олгох ёстой байтал байгууллагын дарга нар нь эрх мэдлээ хэтрүүлж, энэ асуудлыг 2-3 жил нуун дарагдуулсан нь тогтоогджээ.
Баримт 17. Улсын төсвийн хөрөнгөөр /400-680 сая төгрөгөөр/ хайгуул хийсэн ордуудыг АМХЭГ-ын дарга асан Д.Жаргалсайханы тушаалаар Кадастрын хэлтсийн дарга Х.Хэрлэнгийн мэдэлд шилжүүлжээ. Х.Хэрлэн даргынхаа тушаал гарснаас 20 минутын дараа л нөгөө 120 өргөдлийг авч, бүгдийг хууль бус лиценз болгосон гэх.
Баримт 18. Мөн АМХЭГ-ын Кадастрын хэлтсийн дарга байхдаа ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр 2004 оны аравдугаар сарын таванд иргэн Б.Цогтсайханд дээрх талбайг өгчээ.
Баримт 19. Тус лицензийг эзэмшигч Б.Цогтсайхан нь дөрвөн жил талбайгаа дарсны дараа 2008 оны долдугаар сард АНУ-ын хөрөнгө оруулалттай “Гео инфо” ХХК-ийн захирал Л.Ганбаярт 1750 мянган ам.доллараар арилжсан байдаг.
Баримт 20. Ийнхүү түүнтэй холбоотой хууль бус үйлдлийг хууль хяналтын байгууллага шалгасан ч Х.Хэрлэн ял сонсох нь бүү хэл дарга болж дэвшив.
Баримт 21. Өнөөгийн УИХ-ын гишүүн Лу.Болд АМГТХЭГ-ын даргаар томилогдсоныхоо дараа түүнийг ажлаас нь чөлөөлсөн байдаг.
Баримт 22. Л.Болдын “буян”-аар гудамжинд лааз өшиглөж явсан тэрбээр 2008 оны сонгуулиар өдгөө УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн сонгуулийн менежерээр ажилласан.
Баримт 23. Шанд нь ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын даргын албан тушаалыг өвөртөлсөн. ТӨХ бужигнах үед Д.Сугарын оронд яригдаж байсан удаатай.
Баримт 24. Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалт удаа дараа хойшлоод байгаа нь Х.Хэрлэнг зүтгүүлж буй томчуудын “дохиур”-тай холбоотой байж ч мэднэ хэмээн тухайн үед хэвлэлийнхэн шуугиж байжээ.
24tsag.mn Б.Заяа
Сэтгэгдэл (20)