Хэдэн жилийн өмнө хүүхдийн төлөө “За” гэж хэлье хэмээх уриалга гарч, хүүхдийн эрхийг бүхий л талаараа зөрчихгүй байхыг бие биенээсээ хүсцгээсэн. Гэвч монголчууд өнөөдрийг хүртэл үр хүүхдүүддээ “За” гэж хэлэхгүй байна. Хүчирхийлэлд өртөж буй хүмүүсийн 60 хувь нь хүүхдүүд байна. Хамгийн ноцтой нь энэ динамек үзүүлэлт 18 жилийн турш хадгалагдаж иржээ. Зарим тохиолдолд 75 хувь болж өсдөг тухай мэргэжилтнүүд ярьж байна. Ингээд манай улсад хүүхдийн хүчирхийлэл ямар байгаа талаар “24 баримт”-аар дурдая.
Баримт 1. “Хүүхдийн тусламжийн 108” утсанд өдөрт дунджаар 500 орчим дуудлага ирдэг. Эдгээр дуудлагын ихэнх хувийг танин мэдэхүй, нөхөн үржихүйн боловсролтой холбоотой асуулт эзэлдэг.
Баримт 2. “Хүүхдийн тусламжийн 108” 2014 онд анх байгуулагдсан цагаас хойш бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой 503 дуудлага ирсэн байна.
Баримт 3. Үүнээс 2017 онд хүчирхийлэлтэй холбоотой 157 дуудлага иржээ
Баримт 4. Энэ нь нийт дуудлагын 30-40 хувийг эзлэж буй аж.
Баримт 5. Дээрх дуудлагыг авч үзвэл хойд эцэг нь хүчиндсэн 17 хувь байна.
Баримт 6. Ойр дотны хүмүүс нь хүчиндсэн тохиолдол 24 хувийг эзэлж байна.
Баримт 7. Мөн эдгээр 157 дуудлагын 122 нь хяналтад авчээ.
Баримт 8. “Цөлийн сарнай” гээд охидын асрах төвд одоогийн байдлаар 13 орчим бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд амьдарч байна.
Баримт 9. Хүчирхийллийн талаархи дуудлага мэдээллийн 23 хувийг тухайн хүүхэд өөрөө мэдээлсэн байдаг.
Баримт 10. 2010 онд манай улсад энэ оны эхний хагас жилийн байдлаар 5-14 насны таван хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон гэх тоон үзүүлэлт байна.
Баримт 11. 2011 онд хүчингийн гэмт хэрэг 284 бүртгэгдсэн бол 2013 онд энэ тоо 394 болж өссөн, эдгээрээс 109 нь бага насны хүүхэд байсан байна.
Баримт 12. 2013 онд насанд хүрээгүй 109 хүүхэд бэлгийн хүчирхийллийн золиос болжээ
Баримт 13. 2015 онд Нийслэлийн есөн дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн 16 тохиолдол бүртгэгджээ.
Баримт 14. 2016 оны нэгдүгээр улирлын байдалд 19 тохиолдол бүртгэгдсэн нь энэ төрлийн хүчирхийлэл эрс нэмэгдэж байгааг харуулсаар байна.
Баримт 15. Улсын ерөнхий прокурорын газраас ирүүлсэн мэдээлэлд дурдсанаар 2015-2016 онд улсын хэмжээнд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх албан мэдээлэл байна.
Баримт 16. Энэ нь зөвхөн хууль хяналтын байгууллагад бүртгэгдэж шалгагдсан бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо бөгөөд үүнээс гадна хичнээн хүүхэд бие сэтгэлээрээ хохирч байгааг тоолж, тодорхойлсон судалгаа өнөөдөр байхгүй байна.
Баримт 17. Манай улсын хэмжээнд хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг үйлдэгддэг гэмт хэргүүдийн 87,8 хувийг хүчиндэх гэмт хэрэг эзэлж байгаа гэмт хэргүүдийн дийлэнхийг хойд эцэг болон төрөл садангийн ах нар нь үйлддэг бол хохирогчид нь 5-17 насны охид байдаг аж.
Баримт 18. Хүчирхийллийн давтамжийн хувьд 20 хүүхэд (57.1 хувь) анх удаа, 15 хүүхэд (42.8 хувь) давтан эсвэл удаан хугацааны туршид хүчирхийлэлд өртсөн байна.
Баримт 19. Хүчирхийлэл үйлдэгч нь хамаарлын хувьд ураг төрөл, танил, хөндлөнгийн хүн байгаа бөгөөд нийт тохиолдлын 20 нь буюу 57.1 хувь нь ураг төрөл, 9 тохиолдол буюу 25.7 хувь нь танил, 9 тохиолдол буюу 25.7 хувь нь хөндлөнгийн хүн байна.
Баримт 20. Хүчирхийлэл үйлдэгдсэн газрын хувьд 21 тохиолдол буюу 60 хувь нь хохирогчийн гэрт, зургаан тохиолдол буюу 17.1 хувь нь хүчирхийлэл үйлдэгчийн гэрт үйлдэгджээ.
Баримт 21. Харин дөрвөн тохиолдол буюу 11.4 хувь нь айлд, гурван тохиолдол буюу 8.5 хувь нь тодорхойгүй, нэг тохиолдол буюу 2.8 хувь нь машинд үйлдсэн гэх судалгаа байна.
Баримт 22. Ураг төрлийн хүчин гэдэг нь хохирогчтой цусан болон ойрын төрөл садангийн хэн нэгэн этгээд түүнийг эрхшээлдээ оруулах зорилгоор эрх мэдэл, давуу талаа ашиглан, гэр бүлийн ариун журамт ёс, хайр, хүндэтгэл, итгэлийг эвдэж, хүний халдашгүй дархан байдал, эрх, эрх чөлөөг зөрчиж, бэлгийн харилцаанд оруулахаар завдсан, оруулсан, садар самууны шинжтэй бусад үйлдэлд уруу татсан, шаардсан гэмт үйлдлийг хэлнэ.
Баримт 23. Энэ төрлийн гэмт хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж, шийдвэрлэх явц удаан, хохирогчоос олон дахин мэдүүлэг авах, эмзэг асуудлыг нь удаа дараа сөхөх зэргээр сэтгэл санааны дарамтад оруулдаг, нөгөө талаас гэмт хэрэг үйлдэгчийн ихэнх нь гэр бүл, хамаатан, ураг төрлийн холбоотой хүмүүс байдаг учир янз бүрийн дарамт шахалтаас шалтгаалж хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад хүүхэд гомдлоосоо татгалзах, эсхүл шүүхийн шатанд хэргийг хэрэгсэхгүй болгох явдал их гарч байна.
Баримт 24. Сүүлийн хоёр жилийн судалгаанаас үзэхэд нийт бүртгэгдэн шалгагдсан гэмт хэргийн 49 нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (4)