"Уолмарт"-ын өв залгамжлагч Алис Уолтон дэлхийн хамгийн баян эмэгтэйгээр тодорлоо гэж "Бизнес инсайдер" цахим хуудсанд мэдээлжээ.
Тэрбээр дэлхийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтын 2 дугаар байрт бичигдэж байсан бөгөөд Францын гоо сайхны бүтээгдэхүүний тэргүүлэх үйлдвэрлэгч "Лореаль"-ын өв залгамжлагч Лилиан Бэттанкурт нас барсны дараа дэлхийн хамгийн баян эмэгтэй болсон байна.
Дэлхийн хамгийн баян гэр бүлийн гишүүн А.Уолтон 38.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ажээ. А.Уолтоны хоёр ах, Жим, Роб хоёр ч мөн дэлхийн супер баячуудын судалгааг хийдэг "Вуэлт-Икс" компаниас гаргасан жагсаалтыг тэргүүлдэг бөгөөд тэдний "Уолмарт"-аас эзэмшдэг хувьцаа нийлээд 101.5 тэрбум ам.доллар болдог ажээ.
66 настай А.Уолтон, өөрийн хоёр ахын адил 1962 онд аавынхаа анх эхлүүлж байсан худалдааны бизнест төдийлөн идэвхтэй оролцдоггүй нэгэн юм. Гэсэн хэдий ч дунджаас доогуур цалин хөлс авдаг "Уолмарт"-ын ажилчид түүнийг хэт тансаг амьдралдаа автан олон ажилчид маш хүнд байдалтай байгааг анхаарч хайхардаггүй хэмээн буруутгадаг байна.
"Уолмарт"-д цагаа өнгөрүүлэхийн оронд А.Уолтон залуу наснаасаа эхлэн уран зурагт хандив өргөдөг болсон нэгэн юм. Тэрбээр 10 настай байхдаа, Пикассогийн “Нүцгэн бүсгүйн зураг"-ийн хуулбарыг худалдаж авахын тулд мөнгөө цуглуулж байсан гэж "Нью Йорк" сонины сурвалжлагчид хэлсэн байна.
1970-аад оноос тэрбээр усан будгийн зургуудыг худалдан авч эхэлсэн ба одоо тэдгээр зургууд эдлэнгийнх нь байшингийн ханыг чимэглэж байдаг. Тэр үеэс эхлээд тэрбээр уран зургийн жинхэнэ эх хувилбаруудыг, тэр дундаа Америкийн сонгодог уран зураачдын бүтээлүүдийг сонирхож эхэлсэн байна. Түүний хувийн цуглуулганд Энди Уорхол, Норман Роквелл и Джорджия О'Киф болон бусад зураачдын бүтээлүүд багтдаг.
2011 онд тэрбээр өөрийн 500 сая долларын өртөгтэй цуглуулгыг байрлуулахын тулд Арканзас мужид 50 сая доллараар "Кристал Бридж" музейг нээсэн байна. Уг музей нээгдсэн даруйдаа Нью-Йорк хотын алдарт "Уитни" музейгээс 4 дахин илүү орлого олсон байна.
Х.Сарнай