Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын нэгний өдрийг “Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн түүхтэй. Энэ өдрийг дэлхийн 140 гаруй улс оронд хөдөлмөрчид өөрсдийн эрх ашгийг хамгаалахад эвлэлдэн нэгдэж, эрх баригчид болоод ажил олгогч нарт дуу хоолойгоо хүргэдэг уламжлалтай. Ингээд Май нэгний өдрийн талаарх "24 баримт"-ыг хүргэж байна.
Баримт 1. “Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр”-ийг анх 1886 оны тавдугаар сарын 1-нд Америк, Канадын социалист болон коммунист байгууллагууд олныг хамарсан жагсаал хийж, анх удаа ажлын найман цагтай байхыг шаардан тэмцэж байжээ.
Баримт 2. Чикаго хотод тэмцэгчдийн дундаас зургаан хүн амь vрэгдэж, жагсаалыг зогсоох гэсэн цагдаа нарын харгис үйлдлийн эсрэг ажилчдын дараа дараагийн тэмцэл улам ширүүсч, бөмбөг тэсэлснээс найман цагдаа амиа алдаж байжээ.
Баримт 3. Бөмбөг дэлбэлж, олон цагдаагийн аминд хvрч, олон нийтийн тайван байдлыг алдагдуулсан хэргээр энгийн дөрвөн ажилчныг баривчлан цаазалсан байна.
Баримт 4. 1889 онд Парисын конвенцоор тавдугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ажилчдын эрх ашгийг хамгаалах өдөр болгон зарласан байна.
Баримт 5. Ажилчдын баяр буюу “Майн баяр”-ыг Орост 1890 оноос тогтмол тэмдэглэх болжээ.
Баримт 6. Октябрийн хувьсгал ялснаас хойш энэ баярыг Орост албан ёсны баяр болгон зарлаж “Майн баяр”-ын анхны жагсаал 1918 онд Оросын Ходынскийн талбайд болж байсан байна.
Баримт 7. Монгол улсад "Майн баяр"-ыг анх 1922 оноос тэмдэглэдэг болсон тухай баримт ҮТА-ын сан хөмрөгт хадгалагдан үлджээ.
Баримт 8. Монгол Ардын Засгийн Цэргийн Яамнаас Майн нэгний баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай 1922 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн З-р дүгээр тушаалаар "Майн баяр"-ыг тэмдэглэж эхэлсэн түүхтэй.
Баримт 9. Мөн Монгол Ардын засгийн Цэргийн яамнаас “Майн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай 1922 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр гаргасан 31 дүгээр тушаал гаргаж байжээ.
Баримт 10. Тус тушаалд Нэгдүгээр зүйл. Европын таван сарын шинийн нэгэнд дэлхий дахины бүх хөдөлмөрчид ба тариачид өөрийн ажил үйлдвэрийн их баярын сайн өдөр болох бөгөөд энэ өдөр ажил үйлдвэрийн хүмүүс хүчнээ дахин бүртгэж, газар бүрийн матар, загас мэт шунахай, ховдог, капитал хөрөнгөтөнд дарлан боолчлогдох зэрэг гашуун зовлонгоос мултран гарч, дэлхий дахины эзэн болж чадахаа илэрхийлнэ...
Баримт 11. Хоёрдугаар зүйл. Европын таван сарын шинийн нэгний их баярын сайн өдөр нийслэл Хүрээг хамгаалах бүх цэргүүд ёслолын жагсаал үйлдэх бөгөөд Засгийн газрын олон яамны албан хаагчид ба эвлэл, нам зэрэг газрын гишүүд мөн нэгэн адил ёслон жагсана. Ёслолын жагсаалыг гурван зуун зургаадугаар хорооны даргаар эрхлэн захируулна.
Баримт 12. Гуравдугаар зүйл. Ёслолын жагсаалыг үйлдэхдээ Монгол цэргийн ангиудын өмсөх хувцас нь тэргүүн ба хоёрдугаар хорооны цэргүүд тэрлэг дээл, их бууны хороо, пулемётын сумангийн цэргүүд цэргийн цамц өмсөж гарахаас гадна даргын сургуулийн цэргүүд арьсан хувцас өмсөж бүрэн зэвсэгтэй гарвал зохино...
Баримт 13. Энэ баярыг тухайн үед албан байгууллага, ажилчид туга далбаа намируулан одоогийн Чингисийн талбайд цуглаж, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахын төлөө дуу хоолойгоо нэгтгэн, нижгэр тэмдэглэдэг байжээ.
Баримт 14. Зарим улсын түүхээс харахад Май нэгний баяр эртнээс улбаатай. Эрт дээр үед хүмүүс энэ баяраар газрын болон үржил шимийн бурханд мөргөдөг байж.
Баримт 15. Дундад зууны үед уг баярын мөн чанар нь өөрчлөгджээ. 18 дугаар зууныг хүртэл энэ баяр Улаан өндөгний баярт дарагдаж анзаарагдахгүй явж ирснийг Оросын нэгдүгээр Петр хааны үед өргөн олны хамарсан баяр болгож тэмдэглэж тухай Кокуй гэж нэрлэдэг байж.
Баримт 16. 1990 оны тавдугаар сарын 1-нд Зөвлөлт Холбоот Улсын удирдагчид, Коммунист Намын дарга нар сүүлийн удаа "Майн баяр"-ын арга хэмжээнд оролцож, үүнээс хойш 1992 онд уг баярыг хаврын бас хөдөлмөрийн баяр болгон өөрчилсөн байна.
Баримт 17. Манай хоёр хөрш болон Сингапур, Тайвань, Солонгос, Вьеьтнам, Тайланд, Герман, Франц, Итали, Испани, Финланд, Швед, Унгар, Австри зэрэг улсууд энэ өдрийг албан ёсоор амралтын өдөр болгон зарласан байдаг юм байна.
Баримт 18. Германд жил бvрийн тавдугаар сарын 1-нд хэт зүүний vзэлтнvvд, нацистуудын хооронд ширүүн мөргөлдөөн болдог аж.
Баримт 19. Өнөөг хүртэл БНХАУ, Куба, Венесуэл, Хойд Солонгос зэрэг орнууд энэ баярыг тэмдэглэж байна.
Баримт 20. Манай орны хувьд энэ өдрийг “Майн нэгний өдөр” гэдгээр нь сайн мэддэг бөгөөд 1989 оноос өмнө жил бүр Сүхбаатарын талбайд цуглан баяр ёслолын байдалтай тэмдэглэн өнгөрүүлдэг байжээ.
Баримт 21. Нийт 67 жилийн турш Монгол даяар энэ өдрийг тэмдэглэж, нэгэн үеийнхний зүрх сэтгэлд хоногшин үлдсэн юм.
Баримт 22. 1990 он гараад энэ баяр бол үзэл суртлын баяр хэмээн тас хориглож, мартаж орхисон.
Баримт 23. Сүүлийн жилүүдэд “Маян баяр”-ыг дурсах төдийд тэмдэглэж, олныг хамарсан томоохон үйл ажиллагаа болох нь улам цөөрсөөр байна.
Баримт 24. 1990 он гарсаар анх удаагаа 2008 оны тавдугаар сард "Майн баяр"-ын үйл ажиллагаа нийслэлд болов. Гэвч Майн баярын бус "Иргэний холбооны баярын өдөр, иргэн таны баярын өдөр" гэсэн уриа лоозон дор тэмдэглэсэн юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)