УИХ-ын чуулганы өчигдрийн худалдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Зөрчлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Зөрчлийн тухай хуулийг зарим заалдах хэвлэл мэдээллийнхэн эсэргүүцэж, тэмцэл хийсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы хуралдаанд оролцож, хэлсэн 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Хууль, шүүхийн байгууллагаас гардаг дутагдалтай зарим зүйлийг байхгүй болгох чиглэлд анхаарч ажиллая.
Баримт 2. Иргэд, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хөндөхгүй байхад анхаарах нь зүйтэй. Иргэдийг яллаж, буруутгах биш, эрхийг нь хамгаалах талд ажилла.
Баримт 3. Шүүхэд асуудал очсон бол заавал шийддэг байх ёстой. Нэмэлт мөрдөн байцаалтад буцаадаг, тодруулна гэж чирэгдэл учруулдгийг больё.
Баримт 4. Нэг бол хариуцлага тооцоод шийтгэ, эсвэл цагаатга.
Баримт 5. Мөрдөн байцаах байгууллагын дутуу хийсэн зүйлийг дахин буцааж, иргэд, аж ахуйн нэгжийг чирэгдүүлдэг байдаыг зогсооё.
Баримт 6. Ойрын өдрүүдэд иргэдийн мэдээлэл авах, үзэл боддоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй холбоотой асуудал нэлээд яригдлаа. Монголын өнөөгийн нийгэмд байгаа, бидний ололт гэж үзэхээр зүйл нь хэвлэлийн эрх чөлөө юм. Цаашдаа ч хууль тогтоох байгууллага шийдвэр гаргахдаа энэ үнэт зүйлээ хамгаалах хэрэгтэй.
Баримт 7. Иргэдийн нүд, чих болсон хэвлэл мэдээллийн байгууллагыг боомилсон заалт хуульд оруулахаасаа өмнө төрд хариуцдага бий болгох ёстой.
Баримт 8. Төрийн өндөр албан тушаалтнууд торгууль төлдөг үү, иргэдэд өгсөн амлалтаасаа буцвал хариуцлага хүлээнэ гэсэн заалт бий юү. Байхгүй шүү дээ.
Баримт 9. Эхлээд төрийн өндөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцдог Хариуцлагын хуулиа гаргах хэрэгтэй. Төрийн албан хаагчдын ёс зүйн дүрмийг баталж, мөрдүүлэх хэрэгтэй.
Баримт 10. Улстөрчид хэвлэлтэй маргалдаад очиход иргэний шугамаар асуудлаа бүрэн шийдүүлж чадаж байгаа шүү дээ. Иргэний хуулиар нэр төрийн хохирол, гүтгүүллээ гэх зэрэг гомдлоо шийдүүлэх нь бүрэн нээлттэй.
Баримт 11. Гэтэл хамгийн бүдүүлэг аргаар торгоно, шийтгэнэ гэх буруу. Тийм учраас албан тушаалтнуудын нэр төр, гүтгэлэг гэх мэт заалтыг Эрүүгийн болон Зөрчлийн хуулиас авч хаях хэрэгтэй.
Баримт 12. Сая торгууль нэмэх саналаа татаж авлаа. Гэхдээ 2-10 сая төгрөгөөр торгох үндсэн санал нь үлдэж байгаа. Үүнийг ч хасах ёстой.
Баримт 13. Улс төрийн албан тушаалтнуудын ийм гомдол гаргах эрхийг хүртэл хасах хэрэгтэй гэж би боддог. Өөрсдийнхөө үг, үйлдлийг л хичээгээд явах хэрэгтэй.
Баримт 14. Ухаалаг улстөрч бол өөрийнхөө үг, үйлдлийг хичээж явдаг. Улс төрийн алба хашиж байгаа бол чиний холгосон хөл дээр үргэлж хүн гишгэж, мөрийг чинь үргэлж харж байх болно гэдгийг мэдэх хэрэгтэй.
Баримт 15. Хэрэв буруу мэдээлэл гарсан бол өөрөө гарч ирээд залруулах боломжтой.
Баримт 16. Хөрөнгө оруулалтын банкны хуульд чинь Монголын хувь заяанд онц ноцтой аюул учруулах “хутга” далдуур оруулаад ирсэн юм биш биз дээ.
Баримт 17. Уг нь бид гадаадын банк, санхүүгийн байгууллагыг Монголд оруулж ирэхээр бол ҮАБЗ-өөр хэлэлцэнэ гэж ярьж тохирсон.
Баримт 18. Хөрөнгө оруулалтын банкны хуулийн төсөлд нэг юм хавчуулаад ороод ирж. УИХ-ын гишүүд их болгоомжилсон байдлаар асууж, ажлын хэсэг, санаачилсан улсууд нь тойруулж хариулаад яваад байна.
Баримт 19. Үүний цаана юу байгаа вэ гэвэл, Монгол Улсын газрыг, ашигт малтмалыг барьцаалах эрхийг л олж авч байгаа юм.
Баримт 20. Монгол Улсын тусгаар тогтнол, санхүү, эдийн засгийн бие даасан байдалд онцгой хохирол учрах эрсдэл байгаа. Үүнийг та бүхэн онцгой анхаараарай.
Баримт 21. Газар, үндсэн хөрөнгө барьцаалах гэх мэтийн зүйлийг энэ хуулиас бүрэн авч хаях шаарддагатай шүү.
Баримт 22. Шаардлагатай бол энэ хуулийг ҮАБЗ-өөр авч хэлэлцтэл хойшлуулах хэрэгтэй гэж бодож байгаа.
Баримт 23. Би энэ гурван асуудлаар санал оруулж байна. Ажлын хэсэг, Байнгын хороод, эцсийн хэлэлцүүлгээр миний саналыг заавал авч үзэж, санал хураалгаарай.
Баримт 24. Ерөнхийлөгчийн санал хэрхэн шийдэгдсэнийг бичгээр мэдэгдэх хуулийн заалт бий. Надад бичгээр мэдэгдээрэй.
Б.Энхжин
Сэтгэгдэл (17)