УИХ-ын өчигдрийн чуулганаар Зөрчлийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ хууль нэлээд маргаан дагуулаад байгаа юм. Тухайлбал сөрөг хүчнийнхэн бараг 80 хувь нь баривчлах ялтай байна, шоронжсон хууль боллоо хэмээн шүүмжлээд байгаа бол ХЗБХ-ны хурал дээр гаргасан Ц.Гарамжавын санал хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, өдөр тутмын сонин, сайтууд нүүрээ харлуулж, телевизүүд дохио дуулгаргасан. Зөрчлийн хуулийн талаар хэн, юу хэлснийг онцлон хүргэж байна.
- Монголын түүхэнд, тэр дундаа сэтгүүл зүйн түүхэнд байгаагүй хар толбо үлдээсэн, түүхэнд бичигдэх таагүй үйл явдлыг өнөөгийн парламентийн үед гаргалаа. Хэвлэлийн түүхэнд ийм зүйлүүд гарч байсан. Олон нийтийн телевиз, Үндэсний зөвлөл удирдлагаа эсэргүүцэж өлсгөлөн зарлаж байсан. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл ингэж олноороо эсэргүүцэл илэрхийлж байсныг би санахгүй байна.
- Улс төрчид бие биенээ хайцаалдаг. Тухайлбал “Чингис бонд”-оос хэн, хэдий хэмжээний зээл авсан, хугацаандаа эргэж төлөх гэж байгаа юм уу үгүй юу гэдгийг өнөөдөр бид бодитойгоор мэдэхгүй байна. Үүнийг хэвлэлийнхэн эрэн сурвалжилж, гаргаж тавьж байгаа. Энэ бодит мэдээллийг хаах, санхүүжилтээр нь боож хэвлэл мэдээллийн хэрэгслийг боомилох гэсэн санаархал гэж хэвлэлийнхэн дүгнэж байна.
- Эрүүгийн хуулиар зохицуулдаг байсныг Зөрчлийн хууль руу оруулж ирснийг дэвшил гэж үздэг. Гэхдээ өмнөх Эрүүгийн хуулинд торгуулийн хэмжээ 2-20 сая төгрөг байгаагүй. Үүнийг нь өнөөдөр 20-100 сая болгон нэмэгдүүлээд ороод ирж байгаа. Ямар их мөнгө вэ. Яасан том тоо хэлдэг юм. Ямар баян юм. Үүгээрээ хэнийг айлгах гээд байгаа юм. Олон нийтээ айлгах гээд байгаа юм уу.
- Бидний төрийн барьж байгаа гол бодлого бол аль болох яллах, буруутгах талдаа биш.
- Шүүх нэг бол хариуцлага тооцоод шийддэг, нөгөө бол цагаатгадаг байх. Ингэвэл мөрдөн байцаах байгууллага болоод шүүхийн өмнөх шатанд оролцож байгаа хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа сайжирдаг, хариуцлагатай болдог. Манай их хурал хууль тогтоох байгууллага энэ үнэт зүйлээ хамгаалсан байдлаар шийдвэр гаргах хэрэгтэй.
- Төрд эхлээд хариуцлага бий болгох ёстой. Төрийн өндөр албан тушаалтнууд торгууль төлдөг зүйл байгаа юу. Ард түмэндээ амлалт өгөөд амлалтаасаа буцах юм бол хариуцлага хүлээдэг хуулийн заалт байгаа юу. Байхгүй шүү дээ
- Иргэдийн нүд, чих болсон ямар нэгэн заалт оруулж болохгүй. Үүнийг онцгой анхаарах хэрэгтэй. Ялангуяа тэр олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, фэйсбүүкийн хүрээнд гарч байгаа асуудлыг хүртэл яриад байна. Хамгийн бүдүүлэг аргаар буюу шууд торгууль, шийтгэл гэдэг маягаар шийдэх нь буруу зүйл.
- Торгууль нэмсэн нь нэг арга байна уу гэж харлаа. Торгууль нэмэх саналаа татаж авлаа гэхээр үндсэн санал нь үлдэж байгаа. Тэгэхээр тэр үндсэн саналыг ч алга болгох ёстой. Улс төрийн албан тушаалтнуудтай холбоотой буюу өөрсдийгөө тойрсон ёс зүйн, хариуцлагын хуулиа батлаагүй байгаа хэрнээ энэ хэвлэл мэдээллийн байгууллага энэ чиглэлд ялангуяа иргэдийн нүд, чихийг боох ийм алхам хийж болохгүй.
- Монгол Улсад ардчилсан хувьсгалаар буюу бүхэл бүтэн нийгмийн хувьсгалаар бий болсон хамгийн том ололт болох хүний эрх, эрх чөлөө, хүний эрхийг хангах нөхцөлийг маш их дордуулсан хууль гарах гэж байна.
- Засгийн газар энэ хуулийг оруулж ирэхдээ дотор нь зарим нэг гэмт хэргийг зөрчил гээд зөрчил рүү оруулаад, уяад өгчихсөн. Гэтэл ажлын хэсэг үүнийг нь өргөжүүлээд 10 гаруй хэрэг болгочихсон. Бүх зөрчлийн 80 хувь нь баривчлах ялтай байна. Зөрчлийн хууль чинь зөрчлийн захиргааны хууль биш, шоронгийн хууль болчихлоо.
- Энэ хууль Зөрчлийн хууль нэртэй боловч жижиг гэмт хэргийн Эрүүгийн хууль болчихсон байна. Засгийн газрын оруулж ирсэн энэ хуулиар Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж бүр уг хуулийн хамааралтай этгээд болох нь. Тиймээс бүгдээрээ байнга прокурор, цагдаа гээд хуулийн байгууллагын үүдэнд уяатай байх юм байна.
- Энэ хууль АН-ын эсвэл МАН-ын хууль биш. Шинээр орж ирсэн хулгайлах, хөрөнгө завших, хүний эд хөрөнгө завших, гэмтээх гэдэг бол үндсэндээ зөрчил биш гэмт хэрэг. Гэтэл үүнийг зөрчил рүү Засгийн газар, ажлын хэсэг нь оруулж ирчихээд, бидний зөв гэж хамгаалаад байгаагаа л болиоч.
- Баривчлах гэдэг заалтыг цоо шинээр оруулж ирж байгаа нь Зөрчлийн хуулийн үзэл санааг бүр өөр тийш нь татаад аваад явчихлаа. Энэ хууль чинь Зөрчлийн тухай хууль биш. Харин жижиг гэмт хэргийн тухай хууль болчихлоо. Гишүүд минь Монгол хүнийхээ эрхийн зөрчил үүсгэхгүйгээр хэдүүлээ эрүүлээр ярьж болохгүй юм уу.
- Гүтгэлэг гэдгийг анхаарах ёстой асуудал юм. Өнөөдөр Эрүүгийн хуулиар гүтгэхийг гэмт хэрэг гэж тооцож байгаа бол Зөрчлийг хуулиар зөрчилд тооцож байгаа юм. Цаашлаад энэ асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой. Гүтгэхтэй холбоотой асуудал нийгмийг талцал хуваагдалд хүргэж байна. Энэ асуудлыг зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хамааруулж болохгүй. Гүтгэсэн гэсэн үндэслэлээр шалгагдсан хэргүүдийн тал нь хэвлэл мэдээлэл, тал нь иргэн аж ахуйн нэгж байсан.
- Хууль зүйн байнгын хорооны хурал дээр О.Баасанхүү гишүүн биднийг гүтгэсэн. Хууль байнгын хорооны хуралдаан 11 гишүүний ирцтэй, түүнээс 7 гишүүн суучихсан хуралдаж байхад О.Баасанхүү 4 гишүүн сууж байна хэмээн гүтгэсэн.
- Энэ хуулиар торгуулийн хэмжээний хувьд буурсан. Өмнө нь нэг нэгжийг 2000 төгрөгөөр тооцдог байсан бол 1000 төгрөг болж бууруулсан. Жишээлбэл, жолоочийн хариуцлагын даатгалаа төлөөгүй бол 500 мянган төгрөгөөр торгодог байсан бол одоо 25 мянга болсон.
- Газрын тосны тухай хууль зөрчих, Ирээдүйн өв сангийн тухай хууль зөрчих, Гаалийн тухай хууль зөрчих, Банкны тухай хууль зөрчих гэсэн цөөхөн тохиолдлуудад л 100 сая төгрөгөөр торгох зүйл, заалттай байгаа.
- Өмнө нь Захиргааны тухай хууль болон салбарын 240 орчим хуулиар хариуцлага хүлээдэг. Энэ нь хэтэрхий замбараагүй байсан тул цэгцэлсэн Зөрчлийн хуульд оруулсан. Салбарын хуульд ижил төрлийн зөрчлийг өөр өөр заасан байдаг.
- Хуурамч диплом гаргасан бол Боловсролын тухай хуульд үүнийг зөрчил гэж тооцдог байсан бол Эрүүгийн гэмт хэрэг гэмт хэрэг гээд заачихсан.
- Зөрчлийн хуульд хувь хүнийг хоёрхон сая төгрөгөөр гүтгэж болно гэдэг утга санаа орж ирээд байсан тул торгуулийн хэмжээг нэмсэн. Би гүтгэлгийг нийгмийн гамшиг гэж үздэг. Тиймээс энэ үзэл бодлоо л илэрхийлсэн. Батлах эсэх нь гишүүдийн хэрэг.
- Энэ заалтыг зөвхөн нэг салбарыг чиглэсэн гэж ойлгож болохгүй. Эрүүгийн хуульд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалсан чухал зүйл заалт байдаг. Баривчлах хүртэл арга хэмжээ авдаг юм билээ. Санал гаргаснаас хойш олон иргэд надтай уулзсан. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагуудыг ирж уулзаж, санал бодлоо солилцохыг хүссэн. Гэхдээ цөөн хүн уулзсан.
- Баривчлах байр нийслэл болон хөдөө орон нутагт байгаа. Баривчлах гэдэг нэрийг томъёо нь хамгийн оновчтой гэдэгт тогтсон. Жилд 5300 хүн баривчлах шийтгэлийг ногдуулдаг.
- Зөрчлийг эрүүгийн хэргээр зохицуулдаг хууль өнөөдөр үйлчилж байна. Бага гэлтгүй хүний хохирлыг барагдуулдаг болгоё гэж хуульд заасан. Зөрчлийн хууль нь хулгай, хулгиан хоёртой тэмцэх зорилго тавьж байгаа. Жижгээр танхайрсан хүмүүст хариуцлагыг нь чангаруулъя. Хулгай хийж, үүнийгээ амьжиргааныхаа арга хэлбэрээ болгоод байгаа хүмүүст хариуцлага тооцдог болгох хуулийн үндсэн зарчимтай.
- Баривчлах шийтгэл өмнө нь 14 зөрчил дээр байсан. Харин Зөрчлийн хуулиар 4 зүйл дээр баривчлахаар оруулсан. Торгуулийн хэмжээ өссөн зүйл байхгүй. ААН дээр 100 мянган төгрөгөөс 100 сая төгрөг торгууль, хувь хүнийг 10,000-20 сая торгуультай болсон. Харин ч эсрэгээрээ торгууль буурсан.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
- Энэ хуулийн 5.8.5-д сэтгэцийн өвчтэй эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жагсаал цуглаанд оролцуулсан бол зөрчил тооцно гэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг эрхийг хязгаарласан зүйл болж байна.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
- Нэг зөрчлөөр ажилтан болон аж ахуйн нэгжийг давхар торгоно гэдэг дэмий зүйл. Ажилтныг бус аж ахуйн нэгжийг нь л торгочихсон дээр. Дөнгөж компани байгуулж байгаа хүн зөрчил гаргалаа гэхэд давхардуулж торгуулбал тун хүнд тусах байх.
ХЗБХ-ны дарга Ш.Раднаасэд:
- Хулгай хийгээд 30 хоног баривчилж, төр тэжээчихээд суллаад явуулчихаж болохгүй байх.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
- Л.Болд өөрөө энэ хуулийг өргөн барьж батлуулж байсан. Гэтэл түүнийгээ шоронжсон гэж хэлээд байх юм. Зөрчлийн тухай хуулиас улс төрийн ашиг хонжоо битгий хай. Энэ хуулийг нийгмийн зөвшилцлөлөөр батлах ёстой. Амьдрал баян. Цаашид олон зүйл гарч ирнэ.
УИХ-ын гишүүн М.Билэгт:
- Энэ хуулийг өмнөх парламентийн үед баталсан. Ард түмэнд дарамт болохуйц хууль байсныг энэ парламент засч байна. Өөрийн намынхаа нэр хүндийг ч бодолгүйгээр ард түмэндээ чичлүүлэн, байж засах гээд байж байна. Д.Эрдэнэбат Зөрчлийн хуулийг хойшлуулъя гэдэг санал гаргачихаад өөрөө кнопоо дарсангүй. Ард түмэн үнэнийг ялгадаг шүү Д.Эрдэнэбат аа
Сэтгэгдэл (16)