Хуульзүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хууль зүй дотоод хэргийн яам 220 орчим хуулиас хариуцлагатай холбоотой заалтуудыг төрөлжүүлэн нэгтгэсэн байсныг 240 хууль болгож Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулж УИХ-д оруулж ирсэн билээ. Ингэхдээ Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хамтад өргөн барьсан юм. Зөрчлийн тухай хуульд торгуулийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцдгийг болиулж, нэгжээр тооцохоор болсон байна. Зөрчлийн тухай хуульд торгуулийн хэмжээг хэрхэн тусгасныг 24 баримтаар хүргэж байна.
Баримт 1. Зөрчлийн тухай хуульд 600 гаруй зөрчил байгаа аж. Үүний дийлэнх нь аж ахуй нэгжтэй холбоотой зөрчил байгаа гэдгийг ажлын хэсгийнхэн онцолсон.
Баримт 2. Зөрчлийн тухай хуульд торгуулийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцдогийг болиулж, нэгжээр тооцохоор болсон байна.
Баримт 3. Нэг нэгжийг хуульд 1000 төгрөгөөр тооцохоор төсөлд тусгажээ.
Баримт 4. Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хувь хүнийг 100 мянган төгрөгөөр торгоно.
Баримт 5. Харин хуулийн этгээдийг нэг сая төгрөгөөр торгох юм байна.
Баримт 6. Хот, суурин газарт биедээ хутга, эсвэл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж тухайн хүнийг 25 мянган төгрөгөөр торгох аж.
Баримт 7. Зөрчлийн хуульд олон нийтийн газар, автозам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсвэл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг 10 нэгж буюу 10 мянган төгрөгөөр торгоно.
Баримт 8. Жагсаал цуглаан зохион байгуулахдаа тэсэрч дэлбэрэх бодис, хүний биед аюул учруулах хорт бодис, аливаа зүйл, амьтан авч явсан бол баривчлахаар заасан заалт унаж, торгох заалт хэвээр үлдэв.
Баримт 9. Хуулийн төсөлд “Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан тооцоолох боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, эсвэл тоглосон бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Баримт 10. Харин хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж хуульд заажээ.
Баримт 11. Архи, согтууруулах ундаа хэрэглэхийг зөвшөөрөөгүй газар хэрэглэсэн бол 25 нэгжээр буюу 25 мянган төгрөгөөр торгоно.
Баримт 12. Зөрчлийн хуульд тусгаснаар мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсвэл ажиллуулсан бол хүнийг хоёр сая төгрөгөөр торгоно гэж заажээ.
Баримт 13. Тэгвэл хуулийн этгээдийг хорин сая төгрөгөөр торгох юм байна.
Баримт 14. Өмнө нь хэвлэл мэдээлэл хэн нэгнийг гүтгэсний төлөө Эрүүгийн хуулиар ял эдэлдэг байсан бол энэ удаад зөрчлийн гэмт хэрэгт тооцож, улмаар 20 сая хүртэл төгрөгөөр сэтгүүлч болон редакцийг торгохоор оруулж иржээ.
Баримт 15. Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг 50 мянган төгрөгөөр торгох юм байна.
Баримт 16. Зөрчлийн тухай хуульд хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 30 мянган төгрөг торгоно.
Баримт 17. Харин хуулийн этгээдийг 300 мянган төгрөгөөр торгоно гэж тусгажээ.
Баримт 18. Хог хаягдлыг ил задгай шатаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 50 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 мянган төгрөгөөр торгоно.
Баримт 19. Тамхи татахыг хориглосон газарт тамхи татсан, эсхүл татах боломж олгосон бол хүнийг 25 мянган төгрөгөөр торгох юм.
Баримт 20. Тэгвэл хуулийн этгээдийг 500 мянган төгрөгөөр торгоно.
Баримт 21. Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд эсвэл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зургийг авч бичлэг хийсэн бол торгох заалт мөн хуульд оржээ.
Баримт 22. Зөрчлийн хуульд торгох ял байгаагаас гадна баривчлах шийтгэл гэж нэмэгдэн орж ирсэн байна.
Баримт 23. Зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхээс баривчлах ял оногдуулна.
Баримт 24. Ингэхдээ 7-30 хоногийн хугацаагаар тусгай зориулалтын байранд саатуулах аж. Энэ үедээ зөрчил үйлдсэн хүнийг албадан сургалтанд хамруулж албадлагын арга хэмжээг хэрэглэж болно гэсэн заалт ч орсон байна.
Б.Энхжин
Сэтгэгдэл (11)