Монгол Улсын Төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг хаврын чуулганы эхний өдөр хийлээ. Чуулганаар уг асуудлыг гишүүд хэдэн талаас нь “хэмлэсэн” ч дийлэнх нь зоригтой алхам хийж байгаад нааштайгаар хандаж байсан юм. Учир нь энэ удаагийн төсвийн тодотголын гол зорилго нь ОУВС-гаас хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах. “Extended fund facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” нь ОУВС-гаас олгодог дөрвөн төрлийн зээл, хөтөлбөрөөс хамгийн хүнд нөхцөлтэй нь. Гэхдээ энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлбэл сахилга баттай санхүүгийн дэглэмийг хэвшүүлж, сектор нь эрүүлждэг. Ингэснээр тухайн улс орны эдийн засгийн тогтолцоо нь зөв голдиролд ордог байна.
Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг ач холбогдолтой талыг цөөн үгээр хэлбэл авч болох зээлийн хэмжээ ахиу, эргэн төлөх хугацаа урт, хүү харьцангуй хямд байдаг. Манай улс ОУВС-д гишүүнээр элссэнээс хойш бага орлоготой орнуудад зориулсан 2 төрлийн хөтөлбөрийг нийт 5 удаа авч амжилттай хэрэгжүүлсэн байдаг. Тухайлбал, “Стэнд-Бай хөтөлбөр”-ийг 1991, 2009 онуудад 2 удаа, “Өргөтгөсөн зээлийн хөтөлбөр”-ийг 1993, 1997, 2001 онуудад 3 удаа авч хэрэгжүүлсэн бөгөөд нэг хөтөлбөр дунджаар 30 сар үргэлжилсэн. Нийт амласан зээлийн 70.3 хувийг ашигласан бөгөөд хамгийн сүүлийн буюу 2009 оны “Стэнд-Бэй” хөтөлбөрийн ашиглалт 80 хувьд хүрсэн нь өндөр үзүүлэлт юм. Энэ бүхний дараа Монгол улсын эдийн засаг сэргэдэг. Мөн нөгөө талдаа Төсвийн салхилга бат эрс сайжирсан түүх бэлхэн байна.
Манай улс ОУВС-д гишүүнээр элссэнээс хойш бага орлоготой орнуудад зориулсан 2 төрлийн хөтөлбөрийг нийт 5 удаа авч амжилттай хэрэгжүүлсэн
Хэрэв та санаж байвал 2008 оны сүүлээр дэлхийн эдийн засгийн ужгирсан хямрал Монгол улсад нөлөөлж эхэлсэн. Мөн манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ огцом буурч байв. Үүнээс үүдэлтэйгээр төсийн алдагдал нэмэгдэж, гадаад худалдааны тэнцлийн хэмжээ асар их зөрүүтэй гарах болов. Улмаар төгрөгийн ханш гурван сарын дотор 40 хувиар унаснаар улсын гадаад өр огцом нэмэгдэж байлаа. Үүнээс гаргасан гол хүчин зүйл бол ОУВС-ын “Стэнд-Бай” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн явдал юм. Тэр үед ОУВС манай талын хүсэлтийг хүлээн авч 18 сарын хугацаатай 229 сая ам.долларын зээл олгох болсон бөгөөд бид богино хугацаанд үр ашиг багатай хөрөнгө оруулалтын зардлыг танаж, төсвийн зарлагыг илүү оновчтой болгож чадсан бөгөөд “Төсвийн тогтвортой байдлын тухай” хууль батлагдсан нь төсвийн төлөвлөлт, зарцуулалтын механизмыг шинэ шатанд гаргаж, гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг татах эрх зүйн шинэ орчин бүрдсэн юм.
Тэгвэл яг өнөөдөр бидэнд төсвийн тогтовортой байдал үгүйлэгдэж байна. Улс төрчид дотоод хүчин чадлаараа энэ асуудлыг шийдэж чадахгүйгээ нэгэнт хэлчихсэн. Үүнийг өнгөрсөн хугацаанд ч хангалттай харсан. Иймээс л Олон Улсын Валютын сантай хамтарч уг асуудлыг шийдэхээс өөр гарцгүй юм.
Монгол Улсын Засгийн газар уг хөтөлбөрийг авсанаар 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн боломж нээгдэж байгаа юм. Үүнээс эхний хэсгийг нь авах яриа хэлэлцээр амжилттай болоод байна. Тухайлбал УИХ-ын дарга М.Энхболдын Япон улсад хийсэн айлчлалаар 850 сая ам долларын зээлийг нааш нь эргүүлсэн. Үүнийг бүтээх гол хүчин зүйл нь Монгол улсын ОУВС-ын өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаар болсон явдал байлаа. Мөн үүнээс гадна Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, БНСУ-аас зээл авахаар яригдаж буй. Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн “ОУВС-аас 440 орчим сая ам.долларыг жилийн 2 хувиас ихгүй хүүгээр 10 жилийн хугацаатай авна. Валютын нөөц нэмэгдүүлэхэд ашиглана. Азийн хөгжлийн банк 900 сая ам.долларын зээлийг 3 жилийн хугацаатай олгоно. 600 сая ам.доллар нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд, үлдсэн 300 сая ам.доллар нь нийгмийн шинж чанартай бодлогуудыг хэрэгжүүлэхэд зарцуулна. Дэлхийн банк 600 сая ам долларын зээл олгоно. 440 сая ам.доллар нь төсвийн алдагдал. 160 орчим сая ам.долларыг хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулна. Япон улсаас 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар ярилцаж байна. Үүнийг 2017 , 2018 оны төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулна. БНСУ-аас 200 сая ам.доллар авахаар тохирсон үүн дээр нэмж 500 сая ам.долларын зээл авна. Төсвөөс хийх хөрөнгө оруулалтын ажлуудыг санхүүжүүлэхэд энэ зээлийг зарцуулна. Үүнийг 2018, 2019 онд авч ашиглана” хэмээн мэдэгдсэн.
Түүнчлэн ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх тохиролцоонд ажлын хэсгийн түвшинд хүрч, тус хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх бодлогын өөрчлөлтүүдийг тодорхой болгосноор олон хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэл эргэн сэргэсэн. Тухайлбал, тус хөтөлбөрийн тохиролцоонд ажлын хэсгийг түвшинд хүрэхээс өмнө Хөгжлийн банкны бондын үнэ огцом унаж, хүү нь 22.45 хувьд хүрч өсч байв. Харин хөтөлбөрийн урьдчилсан тохиролцоонд хүрснээр Монгол Улсын зээлжих зэрэглэл одоогийн түвшинд хэвээр үлдэж, БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг 3 жилээр сунгах болж, Хөгжлийн банкны 580 ам.долларын бондын 82.07 хувь буюу 475 сая.долларыг Засгийн газрын бондоор солих, үлдсэн хэсгийг хөрөнгө оруулагчдад төлөх зорилгоор 600 сая ам.долларын жилийн 8.750 хувийн хүүтэй “Хуралдай” бондыг олон улсын зах зээлд амжилттай арилжаалсан. "Хуралдай" бондын хүүг 2016 оны 4 сарын 06-ны өдөр Монгол Улсын засгийн газрын гаргасан 500 сая. Долларын “Мазаалай” бондын 10.875 хувийн хүүтэй харьцуулахад даруй 2.125 нэгж хувиар доогуур байна. Энэ нь олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улсын ирээдүйн төлөв 2016 оны 4 дүгээр сартай харьцуулахад илт сэргэсэн байгааг илтгэж байгаа юм.
Тиймээс УИХ-ын гишүүд төсвийн тодотголоо хурдан батлаж, хөтөлбөрөө аль болох хурдан хэрэгжүүлэх шаардлага тулгараад байна. Энэ талаар улстөрчид ч нэгдсэн байр суурьтай байгаа. Тухайлбал УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "ОУВС-д хамрагдахаас өөр арга байхгүй. Бусад улс оронд өндөр орлоготой нь өндөр татвар төлдөг. Энэ байдлаа бид зөв ойлгуулах хэрэгтэй. Дэлхийн бүх улс энэ жишгээр явдаг. Тэгэж байж бид сургууль цэцэрлэг нэмж барина. Архи, тамхи гээд тансаг хэрэглээндээ татвар тавих нь зөв. Яг энэ гараандаа гарах гэж байхад Их хурал нь унагаах асуудал үүсгэж болохгүй" хэмээн мэдэгдсэн нь цаг үеэ олсон үг байлаа.
24tsag.mn
Сэтгэгдэл (5)