Манай улс Олон Улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд банкны салбарт хяналт шалгалт хийх үүрэг аваад байгаа юм. Тэгвэл Монгол банк арилжааны банкнуудын активын чанарын үнэлгээг энэ онд багтан Олон улсын байгууллагуудаар хийлгэхээр болсон байна.
Учир нь арилжааны банкуудын зээлжих чадварыг үнэлэхдээ гадны нэр хүндтэй, туршилгатай байгууллагаар хийлгэх нөхцлийг ОУВС-аас тавьжээ. Тиймээс Монгол банкны хувьд дээрх үнэлгээг хийх Олон улсын байгууллагыг сонгон шалгаруулахад анхаарч ажиллаж байгаа юм байна. Шалгалтаар арилжааны банкууд санхүүгийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжтой эсэхийг шалгана. Энэ нь цаашлаад банкны салбарт хийх бүтцийн өөрчлөлт тодорхой болгох юм байна.
Манай улсын санхүүгийн зах зээлийг бүхэлд нь авч үзвэл арилжааны банк 96 хувь, бусад нь ердөө 4 хувийг нь эзэлдэг. Монгол банкнаас өгсөн мэдээллээр арилжааны банкнуудын нийт актив өмнөх оноос 15.1 хувиар өсчээ. Зээлийн өсөлт нь жилийн 8.1 хувьтай гарчээ.
ОУВС-ийн тавьж байгаа шаардлага нь санхүүгийн зах зээлийн тэнцвэртэй байдлыг бий болгоход чиглэж байгаа. Энэ нь ирээдүйд манай улсад үр өгөөжөө өгч эдийн засгийн тогтвортой хүртээмжтэй өсөлт бий болно гэдгийг шинжээчид, эдийн засагчид онцолж байгаа юм.