Ард иргэдийн нуруун дээр ачаа болж, үндэслэлгүйгээр үнээ нэмдэг шатахуун импортлогчид “Засаг”-аасаа давсан эрх мэдэлтэй болоод удаж байна. Ганцхан л таалагдахгүй шийдвэр гаргавал “гайгүй сайн үнээ нэмчихнэ шүү” хэмээн занадаг тэд сурсан зангаараа шатахууныхаа үнээ нэмээд 14 хоножээ. Шалтгаан нь нөгөөх л ам долларын өсөлт, дэлхийн зах зээлд нэмэгдсэн газрын тосны үнэ ханш. Мэдээж манайх шиг шатахуунаа гаднаас 100 хувь импортлодог улсын хувьд дээрх үнийн өсөлт шууд хамааралтай. Энэ утгаараа дэлхийд үнэ нь буурвал буурна, өсвөл өсөх учиртай. Өнгөрсөн онд дэлхийн зах зээлд газрын тосны үнэ урьд өмнө байгаагүйгээр унасан. Гэвч манайд шатахууны үнэ буураагүй. Засгийн газар болоод шатахууныхан татвартай холбож тайлбарласаар таатай үеийн өнгөрөөчихсөн. Гэтэл сар шинийн баяртай зэрэгцэж шатахуун импортлогчид үнээ 80-150 төгрөгөөр нэмсэн нь ачаа дээр ачаа болж байна. Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, такси үйлчилгээнийхэн км-ыг нь 1000 төгрөгөөр яваад эхэлчихжээ.
Шатахууны үнээ дур мэдэн нэмсэн “том толгойт”-нуудыг шалгахаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ажлын хэсэг томилогдсон. Тэгвэл тус ажлын хэсгийнхэн “Компаниудыг үндэслэлгүйгээр шатахуунаа нэмсэн” гэх дүгнэлтийг гаргажээ. Улмаар шатахууны үнээ буцааж буулгах үүргийг компаниудад өгсөн байна. "Байцаагчдын энэ шийдвэр албажвал удахгүй 80-150 төгрөгөөр нэмэгдсэн шатахууны литр тутмын үнэ буцаад буурна" хэмээн албан эх сурвалж мэдээлж байна.
Засгийн газраас өнгөрсөн хугацаанд авто бензин, дизелийн түлшний онцгой албан татварыг тодорхой хэмжээгээр үе шаттайгаар бууруулсан. Үүний үр дүнд 2016 оны хоёрдугаар сард тонн тутамд 520 мянган төгрөгийн татвар ногдуулж байсан бол энэ оны хоёрдугаар сард 70 мянган төгрөг болж буурчээ. Энэ нь шатахууны үнэ өсөхөөс сэргийлэх арга хэмжээ гэдгийг ч салбарын яамнаас онцолж байгаа юм.
Ямартай ч шатахууны үнэ тун удахгүй буурах бололтой. Тэгвэл энэ хугацаанд өндөр үнэтэй шатахуун авч байсан иргэдийн хохирлыг хэн төлөх вэ гэх асуулт хариултаа нэхнэ. Үндэслэлгүйгээр, үгсэн хуйвалдах замаар үнээ нэмсэн шатахуун импортлогчид уу эсвэл үнээ барьж чадаагүй Засгийн газар уу. О.Магнай Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын дарга байхдаа үндэслэлгүйгээр үнээ нэмсэн эдгээр компаниудад ихээхэн хэмжээний мөнгөн торгууль оногдуулсан ч барагдуулахгүй байсаар дараагийн Засагтай золгосон. Харин энэ удаа үнээ бууруулчихлаа гээд л толгойг нь илээд өнгөрөх үү, чангахан шиг арга хэмжээ авч дахин үгсэхгүй байх арга хэмжээ авах уу.
Ер нь шатахуун импортлогчид үе үе давардаг. Засгийн газар болоод холбогдох байгууллагууд нь “75-аар” бууж өгөн байж үнээ тогтворжуулдаг байдал энэ мэт хэвийн үзэгдэл мэт болжээ. Гэтэл үүний цаана иргэдийн амьдралаас илүү шатахуун импортлогчид л хууль бусаар завшсаар байна.
Наанаа аргагүй байдалд орсон мэт харагдаж цаанаа иргэдийн халаасыг хууль бусаар ухаж эдгээр даварсан компаниуд даруулга хэрэгтэй байгааг олон жишээ харуулж байна. Төр төмөр нүүртэй гэдэг. Хатуу чанд хуулийн заалтаа мөрдлөгө болгож, “монополь”-дож байгаа шатахуун импортлогчдын тусгай эрхийн цуцлах хүртэл хариуцлага тооцохгүй бол үе үе толгой дээр гарч суудаг эдгээр эрхэмүүдийн эрх нь дэндэж, эдлэх нь хариуцлага нь хөнгөдөөд байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (13)