Норвегийн Засгийн газар зэрлэг байгальд амьдарч байгаа 68 саарал чонынхоо 47-г устгах шийдвэрийг гурван сарын өмнө гаргасан билээ. Энэхүү шийдвэр нь байгаль хамгаалах олон улсын байгууллагууд болон олон нийтийн хүчтэй шүүмжлэлд өртөөд байсан юм. Тэгвэл Норвегийн Засгийн газар энэхүү шийдвэрээ цуцалсан талаар Норвегийн Байгаль орчны сайд Видар Хелгесен албан ёсоор мэдэгдлээ.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар энэ шийдвэрийг цуцлуулах санаачилгыг анхлан гаргаж Норвегийн Засгийн газарт хамгийн түрүүнд албан захидал илгээсэн төдийгүй байгаль хамгаалах бусад байгууллагыг энэ асуудалд анхаарал хандуулахыг уриалж байжээ. Байгаль хамгаалах байгууллага, иргэдийн хүчтэй дэмжлэгийг авсан энэ санаачилгыг олон улсын хэвлэл мэдээллийнхэн ч дэмжиж Норвегийн Засгийн газрын шийдвэрийг эрс шүүмжилсний ачаар ийнхүү цуцлуулжээ.
Махчин амьтад ялангуяа чоно өвсөн тэжээлт амьтны тоо толгойг хянадаг, байгалийг цэвэрлэгч онцгой үүрэг гүйцэтгэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Идэш тэжээлийн гэж нэрлэдэг пирамидын оргилд нь байдаг учраас тухайн эко системийн тэнцвэртэй байдлыг чоно хянадаг юм. Жишээ нь, өвчтэй амьтан хурд, хүчээр бусдаасаа дутуу байдаг. Чоно тэдгээр өвчтэй амьтдыг идэж байгалийн цэвэрлэгээ хийдэг. Үүнээс гадна өвсөн тэжээлт амьтны тоо толгойг ч тодорхой хэмжээнд хянаж байдаг чухал үүрэгтэй билээ. Хэдийгээр мал сүрэгт хохирол учруулдаг хэдий ч Монголын Засгийн газар чоныг устгах биш харин ч тал хээрийн бүсэд агнахыг хориглосон шийдвэр гаргасан нь одоо ч хүчинтэй хэвээр байгаа билээ.