Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган өнөөдөр болж байна. Энэ сарын 23-24-ны өдрүүдэд үргэлжлэх тус чуулган Чингис хаан зочид буудалд болж буй юм.
Чуулганыг МУИС-ийн Бизнесийн сургууль, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Хүнс, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам (ХХААХҮЯ), Мэдээллийн Технологийн Шинжлэх Ухааны Парк, Шинэ Монгол Дээд Сургууль, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), Монголын Бизнесийн Зөвлөл, Хөгжлийн Шийдэл, Стартап Монгол зэрэг байгууллагууд зохион байгуулж байна.
Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган нь Монгол Улсад энтрепренершипийг хөгжүүлэх, гарааны бизнес, энтрепренершипийн таатай орчин-экосистемийг бий болгох, иргэд, аж ахуйн нэгжүүдийн энтрепренерлэг сэтгэлгээ, урам зоригийг өдөөх, тухайн талбар дахь ололт, амжилтыг тэмдэглэхэд чиглэсэн жил бүр зохион байгуулагддаг үйл ажиллагаа юм. Энэ үеэр
МУИС-ийн доктор, эдийн засагч Ч.Хашчулуун "Монгол Улсад Инновацийн сан байгуулахын ач холбогдол" илтгэл тавилаа.
Тэрбээр илтгэлдээ "Монгол Улсын сүүлийн жилүүдийн инновацийн түвшинг авч үзвэл боловсролын үзүүлэлт сайжирсан бөгөөд яг одоо дэлхийд 55-р байрт бичигдэж байна.
Харин бидний шийдэх ёстой асуудал юу вэ гэвэл эдийн засгийн үр ашигтай дэмжлэг бүрдүүлэх, энэ тал дээр манай улс 93-р байранд явж байна. Манай улсын Их сургуулийн хэрэггүй юм хийдэг байдлыг засч залруулах хэрэгтэй.
Мөн засгийн газар өөрөө инновациа дэмжихгүй бол ямар ч урагштай зүйл байхгүй. Хамгийн түрүүнд засгийн газраас инновацийн бодлогын төслүүдийг батлах ёстой" хэмээн дурьдлаа.
Мөн энэ үеэр Wellspring LLC-ийн үүсгэн байгуулагч Paul Lee үг хэлэв. Тэрбээр
“Гадаадад бүтээгдэхүүн худалдаалах гэж байгаа бол тухайн улсынхаа бараа бүтээгдэхүүний борлуулалт, сонирхлыг хамгийн түрүүнд судлах шаардлагатай.
Израйль бол 100 хувь цагаачлалын улс. Энэ улсын хувьд энтрепренершипийг хөгжүүлэх нь нэг номерийн асуудал байдаг. Тиймээс маш олон технологи, инновацийг хөгжүүлэх алхам хийж байсан. Энэ улсаас манай Сингапур улс маш их зүйлийг сурсан.
Монгол Улсын хувьд байгалийн нөөц бий боловч далайд гарцгүй зэрэг зарим асуудал байна. Гэхдээ үүгээр хязгаарлагдахгүйгээр сэтгэх хэрэгтэй гэж уриалмаар байна.
Израйль болон Сингапурт цагаачлал, олон улс орноос хүмүүс орж ирснээр гадныхнаас суралцах боломж гарч ирсэн. Гаднаас орж ирсэн улсыг дэмжих, дэмжихгүй янз бүрийн байр суурьтай байдаг боловч гадны улстай харилцаж, гадны соёлыг сурталчилна гэдэг маш чухал” гэснээр эхний хэлэлцүүлэг өндөрлөлөө.
Чуулган "Монгол Улсад Инновацийн сан байгуулахын ач холбогдол" илтгэлээр үргэлжилж байгаа юм.
Сэтгэгдэл (2)