Хэрэглээний үнийн индекс сүүлийн 24 сар дараалан буурч, жилийн өөрчлөлт 2009 оноос хойш анх удаа дефляцитай гарлаа хэмээн Монголбанк мэдэгдлээ.
Тодруулбал инфляцийн жилийн өөрчлөлт тайлант сард -0.2-оос -0.6 хувьд хүрч, дефляцитай гарсан байна. Өмнө нь 2009 оны 9 дүгээр сард улсын болон Улаанбаатар хотын инфляци -1.9 хувьд хүрч байсан удаатай. Дефляци буюу стагфляци нь инфляцийн эсрэг үзэгдэл бөгөөд мөнгөний худалдан авах чадвар нэмэгдэхийг хэлдэг.
Хүнсний ногооны үнэ 18.6 хувиар буурсан нь тухайн сард дефляцитай гарахад гол нөлөө үзүүлжээ. Улаанбаатар хотын сарын инфляци -0.6 хувь байгаагийн -0.55 нэгж хувийг хүнсний ногооны үнийн өөрчлөлтөөр тайлбарлагдаж байна. Өөрөөр хэлбэл ургац хураалттай холбоотойгоор манай улсад хүнсний ногооны үнэ жил бүрийн намар буурах хандлагатай байдаг. Гэхдээ энэ оны хувьд хүнсний ногооны үнийн бууралт өмнөх онуудаас өндөр байгааг Монголбанкны тайлант мэдээнд дурджээ. Түүнчлэн энэ жил сургалтын төлбөр 2.6 хувиар өссөн нь өмнөх жилүүдтэй харьцуулбал бага өсөлттэй байгаа аж.
Улаанбаатар хотын сарын инфляци өнгөрсөн сарын байдлаар -0.6 хувь, оны эхнээс 1.0 хувь, жилийнх -0.6 хувь байна. Хэрэглээний сагсны 30.0 орчим хувийг эзэлж буй хүнсний барааны үнэ өмнөх сараас 2.7 хувиар, өмнөх оны мөн үеэс 3.2 хувиар буурсан аж. Махны үнэ 2.4 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ 1.8 хувиар буурч, сахар, чихрийн үнэ 2.4 хувиар өсчээ. Хүнсний барааны бүлэг сарын инфляцийн -0.8 нэгж хувийг эзэлж байгаа бөгөөд үүний -0.55 нэгж хувийг хүнсний ногооны үнийн өөрчлөлт бүрдүүлсэн байна.