Сангийн сайдын ажлыг саяхан хүлээж авсан Б.Чойжилсүрэн улс орны эдийн засгийн бодит нөхцөл байдлын талаар олон нийтэд мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр “Монгол улс олсон 5 төгрөг тутмын 4-ийг өрөндөө төлж, үлдсэн 1 төгрөгөөр нь бусад бүх зардлаа санхүүжүүлэхээр байна. Өөрөөр хэлбэл, Монгол улсын дархан хил, аюулгүй байдлыг хамгаалдаг цэрэг эрсээс эхлээд, хүн ардынхаа эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг спортыг хөгжүүлж байдаг нийгмийн салбарт ажиллагсдын цалин хөлс, үйлчилгээний урсгал зардлуудыг ч санхүүжүүлэх боломжгүй болох нөхцөл байдалтай болжээ” гэж хэлэв. Үүнээс үзвэл Монголын эдийн засгийн нөхцөл байдал гүн хямралд орсон нь тодорхой байгаа гэж ойлгогдож байгаа юм. Харин эдийн засаг хямарсаныг илэрхийлэх тоон мэдээллийг 24 баримтаар онцолж байна. /Сангийн сайдын мэдээлэлд үндэслэв/
Баримт 1. Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өнгөрсөн 4 жилийн хугацаанд тасралтгүй унаж, 2012 онд 17.3 хувийн өсөлттэй байсан эдийн засаг энэ оны эцэст 1,3 хувьтай гарах нөхцөл үүсчээ.
Баримт 2. Мөнгөний нийлүүлэлт 2011 оныхоос 66 хувиар өссөн бөгөөд 2015 оноос эхлэн буурч, энэ оны нэгдүгээр сард 9,85 их наяд төгрөг болж буурчээ.
Баримт 3. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө энэ оны хоёрдугаар сард хамгийн доод түвшиндээ буюу 655 тэрбум төгрөг болж буурсан бөгөөд өнгөрсөн 4 сарын дотор 839,2 тэрбум төгрөг болж 183,7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь бэлэн мөнгөний хомсдолыг бий болгожээ.
Баримт 4. Банкны системийн чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл 1,9 их наяд төгрөг буюу нийт олгосон зээлийн 15,5 хувьд хүрчээ.
Баримт 5. Төгрөгийн зээлийн дундаж хүү 2011 онд 15,5 хувь болж буурсан байсан нь энэ оны 6 сарын байдлаар 21,2 хувьд хүрч 5,7 хувиар өссөн байна.
Баримт 6. Эдийн засгийн хямрал, банкны системийн эрсдэл нэмэгдсэнээс шалтгаалан арилжааны банкнууд цаашид хөрөнгийн эх үүсвэр шинээр татахын тулд, ялангуяа хадгаламжийн хүүгээ жилийн 19 хувь хүртэл өсгөөд байгаа ББСБ-ууд болон Хадгаламж зээлийн хоршоодтой өрсөлдөн хадгаламжийн хүүгээ өсгөхөөр байна.Банкны системийн эрсдэл эрс нэмэгдсэн болон банкнуудын татаж буй санхүүгийн эх үүсвэрүүдийн хүү нэмэгдсэн тул зээл олголтыг цаашид хумиж, үүнтэй уялдуулан зээлийн хүү мөн өсөхөөр байна.
Баримт 7. Зээлийн хүүг бууруулахын тулд Засгийн газар, Монголбанкны хувьд олон улсын байгууллагууд болон түншлэгч улс орнуудаас хөнгөлөлттэй, урт хугацаатай зээл авч, дотоодын банкны системд нийлүүлэхээс өөр боломж харагдахгүй байгаа аж.
Баримт 8. Гадаад худалдааны эргэлт 2015 оны эцэст 8,46 тэрбум ам.доллар болж 2011 оныхоос 2,95 тэрбум ам.доллараар буурчээ.
Баримт 9. Энэ оны эхний хагас жилийн байдлаар экспорт 2,2 тэрбум доллар, импорт 1,5 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 13 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Баримт 10. 2016 оны эхний 6 сарын байдлаар төлбөрийн урсгал тэнцэл -93,6 сая ам.доллар, нийт тэнцэл -46 сая ам.долларын алдагдалтай гарчээ.
Баримт 11. Энэ оны зургадугаар сарын байдлаар 1 тэрбум 296.6 сая ам.доллар болсон байна. Бодит байдал дээр гадаад валютын цэвэр нөөц -429 сая ам.доллар болсон талаар шинээр томилогдсон Монголбанкны удирдлагууд мэдэгдэв.
Баримт 12. Төгрөгийн ханш гол худалдааны валютуудын эсрэг өнгөрсөн 4 жилийн хугацаанд 58 хүртэлх хувиар суларсан бөгөөд ялангуяа валютын зээлтэй иргэд ААН-үүд ханшийн зөрүүнээс жилд 850 тэрбум гаруй төгрөгийн алдагдал хүлээсэн гэдэг тооцоо гарч байна.
Баримт 13. Эдийн засгийн хямралын сүүдэр хөрөнгийн зах зээлд нөлөөлж хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2011-2015 оны хооронд 40 хувиар буурч, 900 орчим тэрбум төгрөгийн алдагдлыг хувьцаа эзэмшигчид хүлээсэн байна.
Баримт 14. Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар 134813 ААН-үүд бүртгэлтэй байгаагаас 66388 нь ААН-үүд үйл ажиллагаагаа зогсоосон буюу ажил эрхлээгүй байна. Өөрөөр хэлбэл үндэсний 2 компани тутмын 1 нь үйл ажиллагаагаа зогсоожээ.
Баримт 15. Энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсын нийт гадаад өр 23,5 тэрбум ам.доллар буюу өнөөгийн ханшаар тооцвол 49,7 их наяд төгрөг буюу энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 210 хувийг давжээ.
Баримт 16. Эхний долоон сарын байдлаар нэгдсэн төсвийн алдагдал 2 их наяд төгрөгт хүрчээ.
Баримт 17. 2016 оны баталсан төсвийн орлого 7,013 их наяд төгрөг 1,8 их наяд төгрөгөөр тасарч, өнгөрсөн оныхоос 760,3 тэрбум төгрөгөөр бага төвлөрөхөөр байна.
Баримт 18. 2016 онд 1 их наяд 85 тэрбум болж, өнгөрсөн 4 жилд 29 дахин нэмэгдсэн байна.
Баримт 19. Ирэх оноос эхлэн бондын төлбөрийг төлж эхлэх ба валютын нөөц хангалтгүй, дэлхийн зах зээл дээрх эрдэс баялагийн түүхий эдийн үнэ унасан, манай улсын зээлжих зэрэглэл –В2 болж буурсан, 2016 оны төсвийн алдагдал 1 их наяд орчим төгрөг байхаар төсөвлөгдсөн зэрэг нь дээрх бондуудыг эргэн төлөхөд их хүнд болохыг анхааруулж байгаа гэнэ.
Баримт 20. Засгийн газрын өр энэ онд 17их наяд 311 тэрбум төгрөг байхаар батлагдсан ч, оны эцэст 21,3 их наяд төгрөгт хүрч, энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 78 хувьтай тэнцэхээр байна.
Баримт 21. Энэ онд нэгдсэн төсвөөс гадаад, дотоод зээлийн өрийн төлбөрөө графикийн дагуу, шинээр зээл авахгүйгээр эргэн төлвөл, Монголын төрд бүхий л үйл ажиллагаагаа санхүүжүүлэхэд дөнгөж 1 их наяд 130 тэрбум төгрөг үлдэж байна.
Баримт 22. Дээрх мөнгө нь төрийн албан хаагчдын цалинг тавихад ч хүрэлцэхгүй юм.
Баримт 23. Засгийн газарт үйл ажиллагаа явуулахад дахин 5,8 их наяд төгрөг шаардлагатай аж. 2017, 2018 онуудад Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого нь Засгийн газрын өр, зээлийн эргэн төлөлт, хүүний төлбөрийг төлөхөд ч хүрэлцэхгүй гэнэ.
Баримт 24. Эдийн засгийн хямрал, банкны системийн эрсдэл нэмэгдсэнээс шалтгаалан арилжааны банкнууд цаашид хөрөнгийн эх үүсвэр шинээр татахын тулд, ялангуяа хадгаламжийн хүүгээ жилийн 19 хувь хүртэл өсгөөд байгаа ББСБ-ууд болон Хадгаламж зээлийн хоршоодтой өрсөлдөн хадгаламжийн хүүгээ өсгөхөөр байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (4)