Б.ТҮВШИН
(НИТХ-ын төлөөлөгч)
Эдийн засгийн хямрал, өрийн дарамт, дампуурал мэтийн муу үг сүүлийн үед их дуулдах боллоо. Бүх юм сайн сайхан байгаа юм биш ч гэсэн Монгол Улс маань арай ч дампуурахдаа тулаагүйг сануулмаар байна. Учир нь, хямралын хамгийн хүнд үеийг бид даваад гарчихлаа. Нүүрс, зэсийн үнэ огцом унаж, хажуугаар нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт хойшилсон 2013 он л хамгийн хэцүү байсан. Тэр жил Монгол Улсын төлбөрийн тэнцэл түүхэндээ байгаагүй буюу 1.9 тэрбум ам.долларын алдагдалтай гарч байв. Харин түүнээс хойш нүүрс, зэсийн үнэ ч нэмэгдээгүй, Монголд орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт ч өсөөгүй боловч төлбөрийн тэнцлийн алдагдал өнгөрсөн жил 268 сая ам.доллар болсон нь 2013 оныхтой харьцуулахад долоо дахин багассан үзүүлэлт юм.
Эх сурвалж: Монголбанк
Ам.долларын ханш дөрвөн жилийн дотор 1300-гаас 2000 төгрөгт хүртлээ өссөн энэ хэцүү үетэй дасан зохицохын тулд монголчууд импортын хэрэглээгээ маш их танасан. Харин одоо Оюутолгойн далд уурхайн санхүүжилт эхнээсээ орж ирсэн учраас төлбөрийн тэнцэл энэ жилээс алдагдалгүй, ашигтай гарах нь тодорхой боллоо. Энгийнээр бол, төгрөгийн ханш сэргэх нөхцөл бүрдэж байна. Тиймээс одоо эдийн засаг хямраад, дампуурах гээд байгаа тухай сенсаац дэгдээхийн оронд хямралаас ямар сургамж авах тухайгаа эргэцүүлэн бодох хэрэгтэй. Үүний тулд эхлээд энэ удаагийн хямрал юунаас үүдсэнийг эргэн саная. Миний харж байгаагаар энэ нь гадаад, дотоод хоёр шалтгаантай байв.
Гадаад шалтгаан нь Хятадын эдийн засгийн өсөлт саарсантай холбоотой. Тус улсын барилгын салбар, гангийн үйлдвэрлэл хямарснаас дэлхий даяар түүхий эдийн (тэр дундаа нүүрс, зэс, төмрийн хүдрийн) эрэлт буурч, үнэ хямдарсан. Энэ нь Монгол Улсын гадаад валютын орлого буурахад шууд нөлөөлсөн. Учир нь манай улс экспортын орлогынхоо 10 ам.доллар тутмын наймыг Хятад руу ашигт малтмал гаргах замаар олдог.
Харин манай дотоод шалтгаан гэвэл ердөө л үрэлгэн байдал. Олсныхоо хэрээр үрдэг зангаасаа болж бид 2009 онд хямарч, эдийн засгийн уналтад орсон. Хамгийн харамсалтай нь, үүнээсээ сургамж авч чадаагүй. 2010-2012 онд нүүрс, зэсийн үнэ түүхэнд байгаагүйгээр өсөхөд Монгол Улс гэнэтийн их орлогоо эх орны хишиг, эрдэнийн хувь гэж тараагаад дууссан. Үр дүнд нь, 2009 онд 2.3 их наяд төгрөг байсан төсвийн зарлага 2012 онд зургаан их наяд төгрөгт хүрсэн байв. Харин түүний дараах дөрвөн жилд нүүрс, зэсийн үнэ буурч, орлого багассан учраас хүссэн, хүсээгүй илүү зарлагаа тэвчих, хэмнэх шаардлагатай тулсан. Тэгвэл олсныхоо хэрээр үрдэг, хуримтлал бүрдүүлж чаддаггүй муу зуршлаас болж эдийн засаг ямар хохирол хүлээснийг харцгаая.
ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ: 17.5%-2.3%
Эх сурвалж: Дэлхийн банк
2011 онд Монгол Улс ДНБ-ий өсөлтөөрөө дэлхийд толгой цохиж байлаа. Гэвч тухайн үед тонн нь 10 мянган ам.долларт хүрч байсан зэсийн үнэ одоо хоёр дахин, нүүрсний үнэ бүр гурав дахин хямдарчихаад байна. Үүнийг дагаад манай улсын ДНБ-ий өсөлт дөрвөн жилийн хугацаанд 17.5-аас 2.3 хувь (2015 онд) руу бууж ирсэн. Хэрвээ бид 2009 оны хямралаас сургамж аваад, ашигт малтмалын үнэ өндөр байхад зарлагаа тэвчиж, хуримтлал бүрдүүлсэн бол ийм хохирол хүлээхгүй өнгөрч болох байв.
Эерэг талаас нь харвал, энэ удаагийн хямрал 2009 оныхтой ижил лавширсангүй. Тухайн үед эдийн засаг маань огцом уналтад орж байсан бол энэ удаад алгуурхан газардлаа. Харин энэ оны эхний улиралд ДНБ-ий өсөлт 3.1 хувьд хүрснээс үзэхэд эдийн засаг сэргэх хандлагатай болсон байна.
АМ.ДОЛЛАРЫН ХАНШ: 1320-2000 ТӨГРӨГ
Эх сурвалж: Монголбанк
Дөрвөн жилийн өмнө 1320 төгрөг байсан ам.доллар өнөөдөр 2000 төгрөгт хүрчихээд байна. 2012 оноос экспортын орлого хумигдахын хажуугаар гадаадын шууд хөрөнгө оруулалт ч огцом буурсан. Энэ нь Оюутолгойн эхний шатны бүтээн байгуулалт дуусаж, далд уурхайн санхүүжилт зогссонтой холбоотой байв. Ийнхүү Монголд орж ирэх гадаад валютын урсгал багассанаар төлбөрийн тэнцлийн хямрал нүүрлэсэн. Харин одоо бид айдгаа авдартаа хийчихээд байна. Сүүлийн жил гаруйн хугацаанд манай гадаад худалдаа ашигтай гарч, гадаад валютын нөөц тогтвортой байлаа. Үүний үр дүнд төлбөрийн тэнцлийн алдагдал ч хумигдсан тухай дээр дурдсан. Оюутолгойн хоёр дахь шатны бүтээн байгуулалт өрнөснөөр төгрөгийн ханш сэргэх хүлээлт бий болоод байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН ГАДААД ӨР: 1.9-3.6 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР
Эх сурвалж: Монголбанк
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Засгийн газрын гадаад өр бараг хоёр дахин ихэссэн нь багагүй шүүмжлэл дагуулдаг. Гэвч 2012 оны эцэст (тухайн үед нүүрс, зэсийн үнэ өндөр байсныг үл харгалзан) төсвийн алдагдал 1.2 их наяд төгрөг, гадаад худалдааны алдагдал 2.4 тэрбум ам.долларт хүрч, рекорд тогтоож байсан юм. Иймээс “Чингис” бонд гаргаж, улсын өрийг зузаалахаас өөр сонголт байгаагүй. Гэхдээ өртэй байна гэдэг нь дампуурахын эхлэл биш. Дэлхийн номер нэг эдийн засаг АНУ өрийн хэмжээгээрээ ч номер нэг л байгаа. Гол нь өрөө ухаалгаар удирдах нь чухал. Улсын хувьд ч тэр, хувь хүний хувьд ч тэр.
ИНФЛЯЦ: 12.3% (2012 ОНД)-2.1%
Эх сурвалж: Монголбанк
ДНБ хоёр оронтой тоогоор өсөж байсан 2011-2012 онд инфляц ч мөн хоёр оронтой тоогоор хэмжигдэж байв. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өндөр өсөлтийн дарамтыг энгийн өрхүүд үүрч байж. Харин одоо өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ тогтворжсон нь нэг талаас хямралтай холбоотой. Нөгөө талаас Засгийн газар, Төвбанкнаас хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөр ч тодорхой үр дүнгээ өгсөн болов уу. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар инфляц 2.1 хувьтай гарснаар Монголбанк мөнгөний бодлогоо зөөллөж, эдийн засгийн өсөлтийг дэмжих нөхцөл бүрдэж байна.
ДҮГНЭЛТ
“Хүний амьдралын хамгийн том алхам бол унасны дараа босох” гэж сургаал бий. Гэвч юунаас болж унаснаа ухаарч, сургамж авахгүй бол ахиад л унах болно. Тиймээс энэ удаагийн хямрал Хятадын эдийн засаг, нүүрс, зэсийн үнийн уналт гэхээс илүүтэй биднээс өөрсдөөс маань шалтгаалсныг эхлээд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид дэлхийг, Хятадыг өөрчилж чадахгүй. Харин өөрсдийн буруу зуршлыг ялан дийлж, хуримтлал бүрдүүлж сурч чадна. Тэгж байж л эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох юм.
Сэтгэгдэл (9)