Энэ жилийн эдийн засгийн чуулган улс төрийн чуулган болж өнгөрлөө. Тэгэхдээ бүр дарга нар нь гадныханы өмнө Монголоо доромжилсон чуулган боллоо. Үүнийг олон нийт шүүмжлэн ярьж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадныханы өмнө нэг хэсэг хүмүүсийг далд утгаар шүүмжилсэн бол УИХ-ын дарга З.Энхболд "Манайд мэдрэлийн өвчтэй хүмүүс байдаг" гэж зарлав. Харин Ерөнхий сайд хоёр хөршөөсөө эхлээд улс төрийн өрсөлдөгч намууд, улс төрчдийг нэр заан доромжлов.
Хөрөнгө оруулагчдыг урьдаг чуулган дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон сюрприз барив. Тэрээр шууд л ярианыхаа өнгийг УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг нар руу чиглүүлэв. Ямар ч байсан Монгол Улсын Ерөнхийлөгч улс орны эдийн засаг, ард түмний амьдрал маш хүнд болсныг хүлээн зөвшөөрөв. Тэгээд буруутныг хайв. Тэрээр "Улс төрд орсон хүн бүхэн муу биш байх. Гэхдээ заримдаа харж байхад бизнест хүний итгэлийг алдсан улсууд улс төр рүү зүтгэх юм. Бизнест хүний итгэлийг алдаад, өөрийгөө хүндэлдэг ямар ч хөрөнгө оруулагч өөрт нь итгэхгүй болоод, бүх итгэгчдээ алдсан хүн улс төр рүү зүтгэж байгаа юм. Улс төрд тэгж орсон хүн эргээд олны итгэлийг хүлээж, олны итгэлийг дааж явна гэж байдаагүйг бид нар харж байгаа. Бизнесийг хулгайн аргаар хийх гэсэн хүмүүс улс төрийг тийм л аргаар хийх гэж оролддог юм байна... Яг үнэндээ ингэж ард түмний амьдрал доройтсон. Ийм байдалд оруулсан улсууд нь зүгээр л уснаас хуурай гарах гэж янз бүрийн арга саам зохиож байгаа" гэж хэлсэн юм. Түүний энэ үгийг Х.Баттулга гишүүнд зориулсан гэж тайлбарлан тайлах хүмүүс ч байна. Мөн "Үнэхээр улстөрчид хариуцлагагүй байгаа. УИХ-ын нэг гишүүн мэдэгдэл хийж байсныг санаж байна. “Би том төсөл зогсоосноороо бахархдаг” гэж. Эм, тарианы мөнгөгүй болоод явж байгаа иргэд, сонгогчдоо тэр УИХ-ын гишүүн бодоогүй л юм байх даа. Иргэд, сонгогчид маань эм, тарианы мөнгөгүй болно. Аягүй бол эмийн санд ирээд “Тэтгэврийн дэвтрээ өгье. Надад миний эмийг өгөөч” гэж өвгөчүүд гуйна. Хүүхэд нь өвдсөн эмэгтэй ирээд халамжийн дэвтэр, төрсний гэрчилгээг нь бариад “Хүүхдийн минь тариаг өгөөч. Илүүчлээч” гэж гуйна. Ингэтлээ мөнгөгүй болчих юм биш биз дээ гэж бодоогүй л байх даа" хэмээн ярьсан юм. Энэ бол УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгт дайсан үг. Учир нь Л.Эрдэнэчимэг гишүүн нэгэнтээ "Би Тавантолгойг зогсоосондоо бахархдаг" гэж яриа өгөөд бөөн шүүмжлэлийн бай болсон. Энэ удаа Ерөнхийлөгчийн үгийн бай боллоо.
Энэ бүхнээс дүгнэж үзвэл Ерөнхийлөгч өнөөгийн эдийн засгийн хямралын гол буруутнууд бизнес эрхлэгчид биш, улс төрчид гэж шууд зарлаж байна. Бас Ц.Элбэгдорж улс төрч нь улс төрөө, бизнес нь бизнесээ хий. Энэ хоёрыг салгах ёстой гэж шууд зарлав. Үүгээрээ бизнестэй байсан, бизнес эрхэлдэг, хувьцаа эзэмшдэг олон улс төрчийг "чимх"-ээд авлаа.
Учир нь өчигдөр УИХ-ын дарга руу АН-ынх нь гишүүн Л.Наранбаатар гэгч оймс шидэж "Монголын ард түмнийг та нар ядууруулж, өрөнд оруулсан биз дээ" гэж орилжээ. Түүний хариуд нь УИХ-ын дарга З.Энхболд "Манайд ийм мэдрэлийн өвчтэй хүмүүс зөндөө байдаг" гэж хэлсэн нь ихээхэн шүүмжлэл дагууллаа. Учир нь төрийн гурван өндөрлөгийн нэг, УИХ-ын дарга хүн гадны хөрөнгө оруулагчдын өмнө "Манайд ийм мэдрэлийн өвчтэй хүмүүс зөндөө байдаг" гэж хэлсэн нь олон салаа утга дагуулж байна. Нэгдүгээрт, монголчуудаа мэдрэлийн өвчтэй гэж хэлсэн үү? Хоёрдугаарт, манай намд мэдрэлийн өвчтэй хүмүүс зөндөө байдаг гэж хэлсэн санаа юу? Гуравдугаарт, эдийн засгийн чуулган дээр манайд мэдрэлийн өвчтэй хүмүүс байдаг гээд байхаар манай улсад хөрөнгө оруулах улс олдох уу? Дөрөвдүгээрт, УИХ-ын дарга өөрөө мэдрэлийн өвчтэй хүмүүсийн өмнө үг хэлээд байгаа нь юу гэсэн үг вэ? гэх мэт олон асуултыг дагууллаа.
Жирийн бизнес эрхлэгч яаж ч бухимдсан байж болно. Гэхдээ түүнийг, монгол улсын бизнес эрхлэгч залуугаа гадныхны өмнө мэдрэлийн өвчтэйгээр нь зарлаад байх нь төрийн гурван өндөрлөгийн хийх ажил мөн үү гэдэгт хэн ч хариу өгнө. Ер нь Л.Наранбаатар гэгч нь удахгүй бид мэдрэлийн өвчтэй биш гэж заргалдаад шүүх эмнэлэгээр яваад өвчингүй гээд тогтоолгочихвол УИХ-ын дарга нэр төрд нь халдсан болох уу? гээд ээлжит асуулт ч гарна. Өнөө өглөө цахим ертөнцөд идэвхитэй байдаг УИХ-ын дарга руу оймс шидсэн хэргээр баригдсан Л.Наранбаатар "Ардчилсан Монгол Улсын иргэн би төрийн хуулиа дээдэлнэ. Оймсны хэргээр өнөөдөр үргэлжлүүлэн байцаалт өгнө. Санаа тавьсан та бүхэнд баярлалаа" гэж жиргэсэн байна Тэгэхээр тэр гадуур байцаагдаж байгаа аж.
УИХ-ын даргын дараагийн сюрприз нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байлаа. Бас үндэсний аж ахуйн нэгжүүд байлаа. Тэдэнд зориулж хатуухан үг хэллээ. Тухайлбал тэрээр "Шенхуа компанийн удирдлагууд авилгын хэргээр шоронд орсон бол ММС компани нь дэфолтоо зарлаад удаагүй байна. Ийм компаниудад Таван толгойн лицензийг 60 жилийн хугацаатайгаар, хоёрхон хувийн роялтитайгаар зүгээр шахуу өгөх гэсэн Засгийн газрын үйлдлийг хууль бус гэж үзэн Улсын Их Хурал зогсоосон нь хуулиа дээдэлсэн хэрэг мөн. Энэ бол хуулийн засаглал. Энэ бол ардчилал юм. 1990-ээд оноос өмнө Улс төрийн товчооны 9 гишүүн суугаад бүх шийдвэрийг ард түмнээсээ асуулгүйгээр гаргадаг байсан. Энэ цаг өнгөрсөн. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд гурав сууж байгаад “тэр толгойг түүнд өгье” гэдэг шийдвэр гаргах боломжгүй. Өнөөдөр энэ чуулган дээр Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг би сонссон. Ерөнхийлөгч маань Шенхуа, ММС компаниудад Таван толгойг өгөхийг хүссэн зарим нэг хүний буруу тайлбарт итгэсэн байна. Тэр хүмүүс Ерөнхийлөгчийг буруу мэдээллээр хангаж байсан байна" гэж олон нийтийн өмнө зарлав. Эндээс дүгнэж үзвэл тэрээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрыг буруутгав. Дампуурсан аж ахуйн нэгжүүдэд Тавантолгойг өгөх гэсэн гэж шууд яллав. Зас Засгийн газрыг нэр заан шүүмжлэв. УИХ-ын дарга З.Энхболд анх удаа Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг буруутган тайлбар хийв. Урьд өмнөх УИХ-ын дарга нар Ерөнхийлөгчийнхөө үгэнд гадныханы өмнө ингэж тайлбар хийж байгаагүй. Бас ММС-г дефолт болсон гэж УИХ-ын дарга хүн зарлаад байх сайхан зүйл биш. Үндэсний аж ахуйн нэгж хүнд байдалд орсонд баярладаг УИХ-ын дарга байж болох уу? гэж асуувал эргэлзээтэй байдал үүснэ.
Ерөнхий сайд гадныханы өмнө "Хоёр хөршийн оролцоогүйгээр бид шийдвэрээ гаргадаг болоод 26 жил болж байна" гэсэн агуулгатай үгийг элчин сайдуудын өмнө хэлчихсэн гэсэн шүүмжлэл саарал ордноор түймэр шиг тарж байна. Үүнд дипломатууд л үнэн зөв хариу өгөх байх. Түүний үгийг харвал МАН, МАХН, ХҮН намууд руу дайрсан өнгө аястай зүйлийг ярив. Ялангуяа МАН, МАХН-ын бодлогыг ихэд шүмжлэв. Хөрөнгө оруулагчдын өмнө улс төрийн үг хэлж өрсөлдөгч намуудаа муулаад зогсох Ерөнхий сайдыг гадныхан юу гэж ойлгосныг мэдэхгүй. Монголчууд, бизнес эрхлэгчид шүүмжилж л байна лээ.
Ерөнхий сайдын дараагийн цохилтын бай нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр, О.Содбилэг нар байлаа. Тэдний компаниуд их өртэй гэж зарлав. Ер нь сүүлийн үед өрийн асуудал ихээхэн дуулиан дэгдээхээр байна. Ерөнхий сайдын хэлсэн үнэн байж болох ч их өрийн нэг хэсэг нь энэ гишүүдийнх гэж Ерөнхий сайд хэлэх нь зохимжгүй л харагдсан.
Үүнээс гадна Ерөнхий сайд далд утгатай үгээрээ МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Х.Баттулга нарыг дайрч доромжилсон гэж ярих хүмүүс байна. Ерөнхий сайдын хэлсэн далд утгыг гадныхан ойлгоогүй байж болно. Монголчууд амархаан тайлаад уншчихсан зарлаад явна. Ялангуяа "Босоо Ганбаа хэвтээд өглөө" гэж хэлсэн нь олны инээдийг барав. Нэг УИХ-ын гишүүнийг хэвтүүлсэнээ хөрөнгө оруулагчдын өмнө зарлах бахархах зүйл мөн үү? Эсвэл хөрөнгө оруулагчид босоо Ганбааг хэвтүүлэхийг Ерөнхий сайдаас хүссэн болоод түүнийг биелүүлсэнээ зарласан юм болов уу? Энэ мэтээр Ерөнхий сайд өөрийн намынхаа гишүүдээс эхлээд хүний намын гишүүд рүү, өөрийн намаас эхлээд өрсөлдөгч намуудаа, хөршүүдээсээ эхлээд үндэсний аж ахуйн нэгжүүд рүүгээ гадныханы өмнө дайрч довтлох сайхан зүйл байсангүй. Улсын Ерөнхий сайд шиг харагдсангүй. С.Баярын хэлдэгээр "хов баздаг" хүн шиг харагдав.
Энэ жилийн эдийн засгийн форум кинон дээр гардаг шиг "харах юмтай, хариад ярих юмтай боллоо". Гэхдээ сайнаар биш. Төрийн гурван өндөрлөг нь зөрчилтэй байгааг гадныхан ч, дотныхон ч харлаа. Шууд л хөрөнгө оруулагчдын өмнө бие, биерүүгээ дайрч байна. Төрийн өндөрлөгүүдийн зарим нь үндэсний аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүс, өрсөлдөгч намуудаас халиад хоёр хөршрүүгээ чичлэх нь хэрээс хэтэрлээ. Тийм ч учраас саяхан "Эм Си Эс" холдингийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал яриа өгөхдөө "Төр барьж байгаа улс төрчдийн зүгээс дотоодын аж ахуйн нэгжүүдээ үгүйсгэсэн, гүтгэсэн, доромжилсон зүйлсийг байнга ярих нь хэрээс хэтэрч байна" гэж хэлэхэд хүргэсэн биз. Төрийн гурван өндөрлөг нь ийм зөрчилтэй байхад Р.Амаржаргал гишүүний хэлдэгээр "доогуураа ямар байх нь ойлгомжтой". Бас УИХ-ын дарга руу нэгэн залуу оймс шидэж хурлыг "чимэв". Хүмүүс форумын бодлого шийдлийг биш энэ асуудлыг л ярьж байна. Монголчууд өнөөдрийг болтол төрийн гурван өндөрлөг рүүгээ ингэж дайрч байгаагүй. Тэвчээрийн хүлээс алдагдаж байна. Ард түмэн мөнгөгүй ядуу байна. Хүнд байдалд орсон байна. Энэ байдал нь ийм алхам хийхэд хүргэв гэж ярих иргэд ч олон болов. Ерөнхийдөө энэ жилийн эдийн засгийн форум улс төрийн форум болоод дууслаа. Дараа жилийнх ийм битгий болоосой. Төрийн гурван өндөрлөг нь бие биерүүгээ түмний өмнө дайрдаг ийм форумыг ирэх жил эсвэл битгий хийгээсэй. Монгол муухай харагдаж байна.
Ингээд форумын үеэр хэлсэн хэн хэн юу хэлсэнийг хүргэж байна.
Т.Хулан
Сэтгэгдэл (44)