UBS телевизийн бүтээл "Содура" уран сайхны кино 2016 оны 5 сард болох Каннын кино наадамд оролцож дэлхийн өнцөг булан бүрт бүтээгдсэн уран сайхны, баримтат, богино хэмжээний кинонуудтай 69 дэх удаагийн наадамд мөр зэрэгцэн өрсөлдөх боллоо. Цаа буга маллан үе дамжин тайгад амьдарч буй уйгар угсааны тува цаатан иргэдийн аж байдалд орж буй өөрчлөлт, өдөр өдөрт л өөрчлөгдөж буй ахуй соёл, ёс уламжлалын тухай, монгол хүн байгаль эхтэйгээ шүтэлцээтэй, онгон дагшин байгаль, ан амьтнаа хэрхэн хайрлаж хамгаалдгийг дэлхийн хүмүүс үзэж мэдэрч болох боломж ийнхүү нээгдэж байна.
Каннын кино наадам нь олон улсын түвшинд кино театр, кино урлагийн хөгжилд хувь нэмэр оруулж, дэлхий даяар кино үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх болон хөгжүүлэх, дэмжих зорилгоор зохион байгуулагддаг томоохон нөлөө бүхий наадам билээ. Наадамд өрсөлдөх киноны тоонд багтах албан ёсны шалгаруулалт бүхий олон удаагийн үзлэг, шалгуур өндөр даваанууд бий.
Каннын кино наадам зохион байгуулагдах тэр л өдрүүдэд дэлхийн киночдын сүлжээнд орж, мэдээлэл солилцох, гэрээ хэлэлцээр хийх, харилцаа хамтын ажиллагаа нээх, шинэ боломжуудыг олж авах ажил хэрэгч үйл ажиллагаа тасралтгүй зохион байгуулагддаг нь наадмын салшгүй хэсэг. Ийм нэр хүндтэй наадмын тэргүүн дээд шагнал Palme d Or буюу "Алтан далдуу мод"-ны төлөө монгол киночид өрсөлдөнө гэдэг соёл урлаг, тэр дундаа үндэсний кино үйлдвэрлэлийн салбарт тохиох том үйл явдал мөнөөс мөн.
Хүний сэтгэлийн илэрхийлэл, хайр, хүндлэл, хар шунал, өшөө авалт, уугуул амьдралын гунигт хувь тавилан, соёл иргэншлийн зөрчил, тэмцэл энэ кинонд бий. Мөн харь орныхонд бол үлгэрт л гардаг болов уу гэмээр онгон байгаль. Тухайлбал, дэлбээлсэн цэцэгсээр дүүрэн Цэцэгт нуурын цагаахан мандал, малгайлан малгайлан буух шинэ цас, хөр цасны хүр хүр хийх чимээ, тэнгэр эрхэстэй зэрэгцэх сарьдаг өндөр уулсын оройд нэвсийн хүүдэгнэх манан будан, үүрийн гэгээнээр усаа зорин ирэх хангайн эзэн сүрлэг хандгай, буга, намрын өглөө өвсний толгойд шүүдэртэх мөнгөн хяруу, зайрмагтах усны уур, цэвэр цэнгэгийн дээд болор тунгалаг урсгал ус ... Мөн нүүдэлчдийн ахуй, уламжлалыг амилуулах уран аяз уянгалаг хөгжим. Энэ бүхэн нийлээд тайгын киноны чимэг гоёо.
Бээжингийн ОУ-ын кино наадам, Хонг Конгийн ОУ-ын кино наадам, Кайрын ОУ-ын кино наадам, Берлинале буюу Берлиний кино наадам, БНСУ-ын Чонжугийн, Торонтогийн гээд олон олон наадмаар дамжин дэлхийн киноны тоонд зүй ёсоор бүртгэгдэх, дэлхийн киноны тэргүүлэх зах зээлд хөл тавих, сүлжээнд нь орсноор олон улсын кинотеатруудын дэлгэцэнд уригдан залагдах, хүндтэйгээр морилох цаг ойрхон байна. Гагцхүү сайн бүтээл төрүүлэх л онцгой үүрэг, бас зорилго Монголын киночдод үлдлээ.
Иймд, Монголын соёлын өвөрмөц хэсэг цаатны ахуй амьдралын онцлог, нүүдэлчин соёл иргэншил, Улаан тайгын дархан цаазат газар, Тэнгис-Шишгэд голын ай сав, үзэсгэлэн төгөлдөр онгон дагшин байгаль, Монголын хөх тэнгэрээ нартад гайхуулцгаая. Таван тивийн хүмүүсийг уулга алдуулж, оргилсон сэтгэлийг нь тал нутаг руугаа, хөвч хангай руугаа даллацгаая. Бөмбөрцгийн сод уран бүтээлчидтэй өрсөлдөх Монголын залуу киночдын том амбиц, хүсэл зоригийг нь урмаар мялаацгаая.
/UBS/
Сэтгэгдэл (4)