Эхний найман сарын байдлаар улсын төсөв -769.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан талаар ҮСХ-оос зарлалаа.
Энэ бол эдийн засаг улам хүндэрсний илрэл. Гадаад өр гэхэд л 21 тэрбум гаруй төгрөг болж долларын ханш 2001 төгрөгийг сэтлээд байна. Эдгээрээс хамгийн хүндрэлтэй асуудал нь гадны хөрөнгө оруулалт юм. Сардаа 100 тэрбум төгрөгийн төсвийн алдагдал хүлээх болсон, гадаадын хөрөнгө оруулалт нь ДНБ-ийн дөнгөж нэг хувьтай буюу 44 сая доллартай тэнцсэн манай улсын хувьд энэ янзаараа байвал гадаад өрөө төлж, барагдуулах ажил эдийн засагт дааж, давшгүй дарамт учруулж магадгүй байна. Уг нь гадаад худалдаа 8 дугаар сарын байдлаар 705 сая ам.доллар, төлбөрийн тэнцэл 6 дугаар сарын байдлаар 83 сая ам.долларын ашигтай гарчээ. Харин улсын төсөвт үлэмж нөлөөтэй зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр базаахгүй байгаа нь улсын төсвийн алдагдлыг улам тэлэх эрсдэлтэй гэж харагдаж байна. Дээрээс нь Оюутолгой, Тавантолгой гэх мэт уул, уурхайн томоохон төслүүд нь улс төрийн хорзогнолоос болж гацаанд орчихсон тул гаднаас мөнгө олно гэж хэсэгтээ горьдолтгүй болж байна.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нь гадагшаа явж “Манайд хөрөнгө оруулаач” гэж янз бүрээр гуйж гувшаад ч гадны хөрөнгө оруулалт өсөх шинжгүй байгааг эдийн засагчид ярьж байна. Гадны хөрөнгө оруулалт ингэж буурах болсон шалтгаан юу вэ? Энэ тодорхой. Дөрвөн жилд хэдэн ч удаа Засаг төрөө самарч чаддаг улс төрчдийн увайгүй зан л биднийг ийм байдалд орууллаа.
Уг нь улс төрдөө бужигнаан багатай байвал эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарах боломж байгаа юм. Цөөн жишээ дурдахад, 2015 оны 5 дугаар сарын сүүлийн хагас, 6 дугаар сарын эхний хагаст Монгол Улсын эдийн засагт итгэх итгэл нэмэгдэж, зах зээлийн хүлээлт алгуур боловч сайжирч байсан. Худалдаа хөгжлийн банкны олон улсын зах зээлд арилжаалсан 500 сая ам.долларын бондын эх үүсвэр Монголын эдийн засагт бодитой орж ирж, Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт 2015 оны эцсээс эхэлж 2016-2018 оны туршид үе шаттай орж ирэхээр байлаа. Энэ хугацаанд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1960 түвшнээс 1860 түвшинд хүртлээ буурч, олон улсын зах зээлд Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасны үнэ 80-аас 90 гартлаа өсч, эдийн засагт эерэг хүлээлт бий болж байсан. Ямар сайндаа л сарын дотор валютын хадгаламж 170 саяаар багасаж, төгрөгт хөрвөх нь тэр. Гэтэл эдгээр бүх эерэг хүлээлтийг улс төрийн тогтворгүй байдал эвдэж орхилоо. Мөн “Монгол Улс удахгүй дампуурлаа зарлана”, “Монгол Улс яг Грек шиг өрийн хямралд гүн нэрвэгдэнэ”, “Засгийн газар огцрох ёстой”, “УИХ тарах хэрэгтэй” гэх мэт бор шувуу нисгэсэн нь ч эдийн засагт сөргөөр нөлөөлсөн гэдгийг ч дурьдах ёстой. Энэ бүх зүйл нь эцэстээ ханшийг дахин сулруулах уршиг дагуулсан гэж хэлж болно. Энэ үед төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1860 түвшнээс 1990 түвшинд ирсэн. Гадаадын шууд хөрөнгө оруулалт ч сэргэсэнгүй, үндсэндээ тэг (0.0) утгыг заах болсон. Улс төр нь итгэл даахгүй, улсын төсөв нь алдагдлаа даахгүй болсон цөвүүн цагт гадаад, дотоодын зах зээлийн тоглогчид, арилжааны банкууд ам.доллар-төгрөгийн хослол дээр түр зуурын спекуляци (ашиг хонжоо хайсан арилжаа) хийж ханшийг зохиомлоор хөдөлгөөд байна уу даа. Чоно борооноор гэдэг биз дээ.
Энэ жилийн Монголын эдийн засгийн форумын уриа "итгэлцэл". Гэтэл тэр итгэлцэл нь хаана байна вэ?
Гадны хөрөнгө оруулагчид аливаа улсад мөнгө өгөхдөө нэг л зүйлийг хардаг. Тэр нь төр, засгийн тогтвортой байдал. Гэтэл манай товарищиуд өөрсдийн эрх ашгийн төлөө увайгүй улс төр хийж Засгийн газраараа "хүүхэлдэй" мэт тоглож сууна.
Өнгөрсөн гурван жилд л гэхэд хоёр засгийн газрын нүүр үзэж, нэг удаа бүтцийг нь өөрчилж "тоглолоо". Ирэх арваннэгдүгээр сард ч дахин Засгаа огцруулж мэдэхээр байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. УИХ-ын даргын Засгаа, намтайгаа авах их хүсэл Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг унагаж байж л ханаж мэдэх гэнэ. Ийм эрх мэдлийн их шуналтай байж бид гаднаас хөрөнгө оруулалт горьдоод ч хэрэггүй. Гадны хөрөнгө оруулалтыг авч эдийн засгаа өргөе гэвэл эхлээд төр, засгаараа аль болох оролдохгүй байх юм.
Аргаа барахдаа Ерөнхийлөгч нь төр засаг ийм тогтворгүй байхад би гадагшаа явж мянга мөнгө гуйгаад яахав дээ гэж хэлж байхав дээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын өчигдрийн чуулганы хуралдаан дээр “Популистүүд Оюутолгойн төслийг явуулаагүй учраас 3.2 тэрбум доллар орж ирэх боломжийг хаасан, үүнээс болж долларын ханш 2000 төгрөгт хүрсэн” гэж хэлсэн.
Үнэхээр л бид хоосон улс төр хийхээ больж төр засгаа тогтвортой, залгамж халаатай байлгах дээр анхаарах шаардлага нэн тэргүүнд үүсээд байна. Тэгэж чадахгүй бол гаднаас хөрөнгө оруулалт горьдоод ч хэрэггүй. Эхлээд дотроо өөрсдөө учраа олчихоод дараа нь гадны хүмүүсийг гэртээ урина шүү дээ.
Т.Энхэлээ