Японы эдийн засгийн байгууллагуудын холбоо (Кэйданрэн)-ны Ерөнхийлөгч С.Сакакибарагийн айлчлалын хүрээнд “Монгол Японы эдийн засгийн форум” өнөөдөр ГХЯ-нд боллоо.
Форумаар Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал болон хоёр улсын хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцэж байна.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн форумыг нээж хэлсэн үгэндээ хоёр орны хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг бодит ажил хэрэг болгох үйлсэд бизнесийн байгууллага, хүмүүсийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болохыг онцлон тэмдэглэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Токио хотноо зохион байгуулсан Монгол, Японы Бизнес форумын үеэр хэлсэн “Хамтарч судлая, хамтарч үйлдвэрлэе, хамтарч борлуулъя” гэсэн уриаг ажил хэрэг болгож, хамтарч ажиллахыг уриалав.
ГХЯ-ны Эдийн засгийн хамтын ажиллагыын газрын дарга Ё.Манлайбаяр, Монгол Улс Японыг гуравдагч хөрш гэж үздэг. Монгол, Япон улс хоорондын улс төрийн харилцаа өндөр түвшинд хүрч, хөгжиж чадсан. Өнөөдөр Японы эдийн засгийн байгууллагуудын холбооны Ерөнхийлөгч С.Сакакибара тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын төрийн гурван өндөрлөгтэй уулзалт хийлээ. Эдгээр уулзалтын үр дүнг харахад Монгол, Японы эдийн засгийн харилцааг улам бүр тэлэх боломжтой гэдэг нь харагдсан.Өнөөдрийн форумаар Япон Улсын зүгээс Монголын аль салбарт хөрөнгө оруулалт хийх нь илүү ашигтай вэ гэдгийг танилцуулах зорилт тавьсан.
Японы тэргүүлэгч компаниуд Хөшгийн хөндийн барьж буй шинэ нисэх буудлаас эхлээд олон томоохон төсөлд хөрөнгө оруулалт хийж байгаа. Үүнээс цаашлаад уул уурхай, зам тээвэр, эрчм хүч, ХАА-н зэрэг салбарт хамтран ажиллах боломжийг танилцуулах болно.
Япон улс бол санхүүгийн чадавхи, технологийн дэвшлээрээ дэлхийд тэргүүлдэг. Тиймээс уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах технологийг оруулж ирэх, энэ чиглэлийн хөрөнгө оруулалт татах нь чухал юм” гэлээ.
Кэйданрэн нь дэлхийд танигдсан 1329 компани, үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын төрөлжсөн 109 холбоо, орон нутгийн эдийн засгийн 47 холбоог эгнээндээ нэгтгэсэн Японы эдийн засгийн 3 том холбооны нэг юм. Тус холбоо нь Японы үндэсний хэмжээний компани, аж ахуйн нэгжийг дэмжих, японы эдийн засгийн хөгжил, хүн ардын аж амьдралыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор байгуулагдсан. Худалдааны чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, бизнес орчныг сайжруулахад орон нутгийн төрийн захиргааны байгуулагуудтай хамтран ажиллах, хувийн хэвшлүүдийн харилцаа, хамтын ажиллагааг дэмжих, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зохих хувь нэмэр оруулж ирсэн нэр хүндтэй байгууллага юм.