Улаанбаатарын эдийн засгийн хурал нь энэ сарын 2-3 нд МУИС-ын дэргэдэх Монгол-Япон төв дээр болж байна. Улаанбаатарын тодотголтой энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал нь 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд өмнө нь 2010, 2013 онуудад болж байжээ.
Уг олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монголын Эдийн Засгийн Холбоо зохион байгуулж байна. Энэ жилийн хурал нь залуу эдийн засагчдын чадавхийг нэмэгдүүлэх, ялангуяа эдийн засгийн боловсролыг дээшлүүлэхэд давхар анхаарал хандуулж байгаагаараа өмнөх жилүүдийнхээс онцлогтой. Энэхүү олон улсын xуралд дотоод, гадаадын их дээд сургуулиуд болон Монголбанк, Сангийн Яам зэрэг байгууллагуудын мэргэжлийн эдийн засагчид оролцоно.
1990 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш Монгол Улс эдийн засгийн шинжлэх ухааны судалгааны чадавхийн хувьд чамгүй амжилтанд хүрчээ. Эдийн засаг, санхүүгийн судалгааны чадавхийг эрэмбэлдэг ИДEАС (IDEAS) байгууллагын жагсаалтаар бидэнтэй хамт түүхэн шилжилт хийсэн, биднээс олон хүн амтай Беларус, Гүрж, Казахстан, Серби, Киргизстангэх мэт хуучин социалист улсууд нэгэнт бидний ард хоцорчээ.
Энэхүү чадавхиа улам бүр хөгжүүлэх, Монголын нийгэм, эдийн засаг дахь хүртээмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор эдийн засгийн шинжлэх ухааны ололт амжилтыг олон нийтэд түгээн сурталчлах зайлшгүй шаардлагатай байгаа билээ. Хурлын хүрээнд уламжлал ёсоор эдийн засгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх сэтгүүлүүдэд Монголын нэрийг гаргах судалгааны ажлуудыг хэлэлцэх болно. Өмнөх хурлуудад хэлэлцсэн судалгааны ажлууд нь “Европын эдийн засгийн тойм”, “Америкийн эдийн засгийн холбооны онолын сэтгүүл”, “Мөнгөний эдийн засаг” зэрэг дэлхийн шилдэг сэтгүүлүүдэд хэвлэгдсэн байна.
Монгол эдийн засагчид зөвхөн дотоодын нийгэм эдийн засгийн асуудлуудаар хязгаарлагдахгүй, бүс нутаг, дэлхийн хэмжээний эдийн засгийн асуудлуудыг судлан шинжилж буйг хурлын хөтөлбөрөөс харж болно.
Монголын Эдийн Засгийн Холбооноос зохион байгуулж буй энэ удаагийн хурал эдийн засгийн боловсролд өндөр ач холбогдол өгөн, их дээд сургуулиудын хөтөлбөрийг өндөр хөгжилтэй улсуудын хөтөлбөртэй харьцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Тухайлбал, уг хурлаар эдийн засгийн боловсролын гол төвүүд болох МУИС, СЭЗДС, ХААИС зэрэг сургуулиудад мөрдөж байгаа сургалтын хөтөлбөрийн бүтэц агуулгыг АНУ, Их Британи, Канад, Франц, Япон зэрэг орны сургалтын хөтөлбөрүүдтэй харьцуулж хэлэлцэнэ. Гаднын өндөр хөгжилтэй улсуудын дээд болон дунд боловсролын хөтөлбөрүүдийг биечлэн мэдэх багш, профессор, оюутнууд, төгсөгчид өөрсдийн бодит туршлагаа хуваалцаж байгаа нь илүү ач холбогдолтой гэж хурлыг зохион байгуулагчид үзэж байна.
Хуралд оролцогчид oлон нийтийн эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх арга зам, түүнд хэрхэн хувь нэмрээ оруулах талаар бас хэлэлцэнэ. Хурлын энэ хэсэгт дунд сургуулийн сурагчдад олгох эдийн засгийн боловсролын агуулгын талаарx гадаад улсын туршлага болон олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн талаар ярилцаж хэлэлцүүлэг хийнэ.
Хурлын үеэр эдийн засгийн мэргэжлээр төгсөгчдөд ажил олгогчдын төлөөлөл болох Монголбанк, Сангийн яамны зүгээс мэдээлэл хийнэ. Хурлaaр эдгээр байгууллагад ажиллaдаг эдийн засагчдын ажлын онцлог, мэргэжлийн шаардлагуудыг хэлэлцэх зорилготой юм. Хэлэлцүүлгийн үр дүнд их дээд сургуулиуд өөрдсийн эдийн засгийн сургалтын хөтөлбөрөө ажил олгогчдын хэрэгцээтэй илүү нийцтэй болгох боломж нэмэгдэнэ.