Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч дунд хугацаандаа өрийн дарамтанд орох эрсдэл нэмэгдсээр байна. Энэ оны эхний улирлын байдлаар гадаадын хөрөнгө оруулалт -72 сая ам.долларын дүнтэй гарсан бол төсвийн орлого 88 тэрбум төгрөгөөр тасалдсан байна. Энэ онд эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай гарна гэж Сангийн яам тооцоолж байгаа бол ОУВС, Дэлхийн банк 4.4 хувь, Азийн хөгжлийн банк 3.0 хувь байна гэсэн урьдчилсан таамаг дэвшүүлээд байна.
"Улс орон юу, юугүй дампуурах нь. Цалингаа ч тавьж чадахгүй байна" гэх мэт үнэн худал нь мэдэгдэхгүй мессеж гадуур тарж энэ хэрээрээ нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж байна.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат "Нөхцөл байдал хүнд байгаа ч цалингаа тавьж чадахгүй хэмжээнд хүрэхгүй" гэдгийг мэдэгдсэн. Харин сангийн сайд ингэж мэдэгдэж байхад, цалингаа тавьж чадахгүй, 07 сар гэхэд дампуурлаа зарлана гэх мэт бор шувууг хаанаас ч юм их нисгэж, эртхэн "Стэнд бай" хөтөлбөрт орьё гэсэн санаачлага үе цухалзах боллоо. Ялангуяа "Тавантолгой" явахгүй бол "Стэнд байд"-д орохоос өөр замгүй гэж ярих болсон нь "Тавантолгой"-н төслийг ямар ч хамаагүй үнэ цэнээр хөдөлгөх, үгүй бол "Стэнд бай"-д орно шүү гэж сүрдүүлэгч улстөрийн бүлэглэл бүрдэж байгаа нь өдрөөс өдөрт тодорхой болж байна.
Олон Улсын валютын сангаас гишүүн орнуудынхаа төлбөрийн балансыг тэнцвэржүүлэх зорилгоор 1952 оноос хойш "Стэнд бай" хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Манай улс 1991 он, 2009 онуудад тус хөтөлбөрт тус, тус хамрагдаж байсан түүхтэй. Хэдийгээр "Стэнд бай" хөтөлбөр нь богино хугацааны буюу 1-2 жил хэрэгждэг ч заримдаа 3 хүртэл жилээр сунжрах тохиолдол бий. Товчхондоо ОУВС-ын өмнө үүрэг хүлээж зээл авч, эдийн засагтаа маш хатуу бодлого явуулна гэсэн үг.
Монгол Улс үнэхээр "Стэнд бай"-д орох шаардлага бий юу? нэг хэсэг нь эдийн засагт хатуу бодлого явуулах замаар хямралаас хурдан гарах хамгийн энгийн шийдлийг дэмжиж байна. Харин энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр нэгэнт орлогогүй байгаа ард иргэдийн нуруун дээр бүр хүнд ачаа үүрүүлнэ гэдгийг хашир бурхинууд тооцоолж туйлын хянуур хандаж байгаа.
Хэрвээ "Стэнд бай" хөтөлбөрт хамрагдвал дараах нөхцөл байдал үүснэ гэдгийг тооцоолох ёстой.
1.Хүүхдийн мөнгө, амаржсан эхчүүдийн тэтгэлэг зогсоно
2.8% хувийн хүүтэй орон сууцны зээл зогсоно
3.Төсвийн хөрөнгөөр хийгдэж байсан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хумигдана
4.Бусад нийгмийн хамгаалал, халамжийн хөтөлбөрүүд зогсоно
5.Улс орны санхүү эдийн засгийн бодлого гадныханы гарт орно
Дээрхи нөхцлүүд бий болбол иргэдийн амьжиргаанд хүнд тусч, орлоггүй болсон аж ахуй нэгжүүдийг төсвөөс дэмжих боломжгүй болох юм. Гэтэл үүнийг сайн хувилбар гэж ярих, хурдан түргэн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүмүүсийн тоо өдрөөс өдөрт олширсоор байна. Ялангуяа "Тавантолгойг дэмжихгүй бол stand by-д орох кноп дарна шүү" гэж айлгагчид олширсоор байгаа нь анхаарахгүй орхиж болохгүй сэдэв юм.
Т.Хулан
Сэтгэгдэл (3)