Баялаг бүтээгчид болон Монголын бизнесийн төлөөллүүд Худалдаа аж, үйлдвэрийн танхимтай хамтран УИХ-ын гишүүдэд хандан уриалга гаргалаа. Тэд “Тавантолгой”, “Оюутолгой” төслийг урагшлуулж, эдийн засагт ногоон гэрэл асаах ёстой гэж буй. Ингээд бизнес эрхлэгчид болоод Монголын Үндэсний худалдаа аж, үйлдвэрийн байр суурийг хүргэе.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав: Өчигдөр бид Монголын топ 100 аж, ахуй нэгжийг шалгаруулсан. Топ 100 аж, ахуй нэгжийн нийт борлуулалт өнгөрсөн 2014 онд 17 их наяд төгрөг болж. Энэ нь манай ДНБ-ний 70-80 хувь гэсэн үг. Харин төлсөн татварын хэмжээ нь 2.1 их наяд төгрөг байгаа юм. Мөн 53 мянган ажлын байрыг бий болгосон. Компаниудын нийт хөрөнгө нь 9 их наяд. 2014 онд олсон ашиг нь 461 тэрбум төгрөг байгаа юм. Манай компаниуд зах зээлд өөрийн орон зайг бий болгон ажиллаж байна. Гэхдээ улсад төлсөн татварын хэмжээ болон тухайн компанийн ашиг нь тав дахин багассан байгаа юм. Энэ нь компаниуд өөрийнхөө нөөцийг шавхаж байна гэсэн үг. Хэрвээ орлогыг нэмэгдүүлэхгүй, зах зээлийг тэлэхгүй, гадаад, дотоод хөрөнгө оруулалтыг дэмжихгүй, технологи оруулж ирэхгүй бол энэ тоо буурах магадлалтай. Тиймээс үүнээс сэргийлж уриалга гаргаж байна. Одоо эдийн засагт “Улаан”, “Шар” гэрэл асчихсан байна. Санхүүгийн эх үүсвэр, мөнгө зээлийн бодлого цаашлаад макро түвшинд улаан, шар гэрэл асчихсан байна. Үүнийг ногоон гэрэл болгох эрх нь 76 гишүүнд байгаа юм. Нөгөөтэйгүүр мега төслүүдээ нэн яаралтай Монгол улсын эрх, ашиг, хуулийн дагуу явуулах нь чухал байна. Энэ том төслүүд явагдсанаар эдийн засгийн том тэлэлтүүд явагдана. Санхүүгийн хямралаас гарахад төслүүдээс орж ирэх санхүүгийн мөнгөний эргэлт нэн яаралтай хэрэгтэй байна. Бид өнөөдөр маргалдаж, мэтгэлцэж аливаа зүйлийг хойшлуулж болно. Гэхдээ 2017, 2018 онд Монголын бүх татвар төлөгч нар 5 тэрбум долларыг төлөх үүрэгтэй. Бид тэр мөнгийг аваад идчихсэн. Хоёр жилийн дараа төлөх өрүүдийг төлөхийн тулд өнөөдөр макро түвшиндээ ажлуудаа эхлүүлэх ёстой. Тэгэж байж хуримтлал бий болж цааш явна. Үүнд шийдвэр гаргах гардан оролцох бүх зүйлийг хийх эрх зүйн талын эрх нь УИХ-д байгаа. Тавантолгойн хувьцааг монголчуудад өгсөн. Анх удаа газрын хэвлийн баялагаа ард иргэдэд хувьцааны хэлбэрээр өгөх гэсэн оролдлого. Гэхдээ энэ хувьцааг хэн хянах юм. Хувьцааг хамгаалж хэн ТУЗ-д орох юм. Энэ бүх асуудал манай өнөөдрийн хууль эрх зүйн орчинд байхгүй байгаа. Өнөөдөр Тавантолгойг дээр нь ажиллаж байгаа оперотер л шийдэж байгаа. Өмч нь 100 хувь байна. Эрдэнэс Тавантолгойд эрх нь байгаа. Гэхдээ бид асуудлаа зөв хараад шийдээд явах ёстой. Монголд 95 мянган аж, ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Өнөөдөр аж, ахуй нэгжүүдийн нэр хүндийг унагахгүйгээр эдийн засгийн хүндрэлийг давж гарах хэрэгтэй байна.
“Энержи Ресурс” компанийн дэд ерөнхийлөгч н.Баяржаргал: Бид анх ажлаа эхлүүлээд цахилгаан станц, баяжуулах үйлдвэрээ барьж байхад манай уурхайн талбайд 10 мянган хүн зэрэг ажиллаж байсан. Яг одоо манай “Энержи Ресурс” дээр 1920 хүн ажиллаж байна. Бид уурхайг ажиллуулж, үйлдвэрийг мөн барьж чадаж байгаа. Мөн бид оперотерийг нь хийгээд явж чадаж байна. Бүгдээрээ үндэсний компанийхан. Энержи ресурсын төсөл дээр 2500 туслан гүйцэтгэгч ажилладаг. Дэм, дэмэндээ дээс ирчиндээ хөгжих ёстой. Нэгдмэл нэг бодлоготой байх ёстой. Өнөөдөр нийт 161 мянга 900 аж ахуй нэгж регистерт бүртгэлтэй байна. Түүний 51,8 хувь үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бусад нь түр хугацаагаар зогссон. Үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байна. Бүр зогсоосон компани ч байна. 1-9 ажилтай аж, ахуй нэгж 85.3 хувийг эзэлж байгаа юм. Харин гурван хувь нь 50-иас дээш ажилчидтай байна. Тэгэхээр мега төслийг хэрэгжүүлж эхэлснээр аж, ахуй нэгж хувь хүмүүс ажилтай орлоготой болно гэдэг нь ойлгомжтой. Монголчууд чадаж байна. Түүнийгээ ухаа худаг дээр харуулчихсан. Хүсэл байна. Тэгэхээр ногоон гэрэлээ асаач өгөөч. Бид чадна.
Мобиком корпорацийн хууль эрх зүй, бодлого зохицуулалтын газрын захирал Ц.Энхбат: Эдийн засаг улс төрөөс ангиад баймаар байна. Эдийн засгийн асуудлыг улс төрийн өнцгөөс бага хараач ээ. Эдийн засаг бол сонгуультай, сонгуульгүй хүмүүсийн ажилтай, орлоготой байх эх үндэс юм. УИХ-ын гишүүд уг асуудлыг зөв өнцгөөс хараасай. Мэдээж улс төрчид эдийн засгийн ашигтай гэрээ байгуулахаар ажиллаж байгаа байх. Гэхдээ үүнийгээ урт хугацаагаар шийдэхгүй яваад байх нь Монголын ард иргэд, эдийн засагт их муугаар нөлөөлж байна. Тиймээс энэ асуудлыг шийдэх ёстой. Маш түргэн хугацаанд шийдэх ёстой. Эдийн засгийг хөдөлгөөч. Хоёр том төслөө явуулаач гэсэн саналтай байна. Уг хоёр том төслийн нэг нь нилээн идэвхтэй байж байгаад зогсчихлоо. Харин нэг нь хөдөлж чадахгүй 5-6 жил болчихлоо. Энэ бол зөвхөн улс төрчдөөс шалтгаалж байгаа асуудал гэж би харж байгаа. Бизнесмэнүүд бол төслөө явуулъя гэсэн бодолтой байна. Бид улс төрчдөөс ажлаа түргэн хийгээ чээ. Богино хугацаанд зөв арга замыг нь олооч гэж хүсч байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (18)