Сэтгэлзүй, бие махбодийн хүчирхийллийн нуугдах боломжтой хамгийн сайн халхавч бол яах аргагүй “хайртай” гэдэг үг, бодол, нэг тийм мэдрэмжүүд...
Хүчирхийллийн хохирогчид ихэвчлэн биеэ хамгаалах чадваргүй эсвэл сул дорой хүмүүс байдаг. Гэхдээ энэхүү сул дорой байдал хайр сэтгэл гэх зүйлээс болох нь бий. Уучилсан ч, хамт байсан ч сэтгэлзүйн хувьд их, бага хэмжээгээр гэмтэл авч, зарим нь цаг хугацааны аясаар ангижирч, зарим нь цаг хугацааны эрхээр улам ужигирдаг байна. Энэ талаар сэтгэл засалч эмч Б.Жаргалтай яриа өрнүүлж байснаа энд сийрүүллээ.
-Хайртай бол бүхнийг хүлцэж, хайртай бол тэрсэлнэ гэж үү?
-Тэр хүний багаас нь дадсан хайрын тухай ойлголтод өссөн орчин чухал нөлөөтэй. Эцэг эхийн харилцаанаас тухайн хүүхэд хайрын хэлтэй болдог. Мөн өсвөр насны үерхэл, нөхөрлөлөөс үлдсэн дурсамжууд ч нөлөөлж болно. Нэг удаагийн явдал дээр уучлаад өнгөрөх биш ярилцаж сурах хэрэгтэй. Ер нь ихэнхдээ
чиний ард хэн ч байхгүй, чи үүнийгээ хүлээн зөвшөөр, чамд хэн ч туслахгүй, надаас өөр чамд ямар ч хүн байхгүй гэдгийг нөгөө хүнийхээ тархинд нь маш гүнзгий шингээчихсэн байдаг.
-Хувийн орон зай дутагдаж эхлэхэд юу болдог вэ?
-Хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүсийн дийлэнхэд эхний үеийн шинж тэмдэг гэж байдаг.
Хувийн орон зайгүй , хувийн орон зайг нь өөр хүн эзэлчихсэн, бүх л цаг хугацаа, мөч бүрийг нь хянаж байдаг. Энэ бол хэвийн зүйл биш. Хил хязгаар гэж байхгүй болсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэглээ гээд бүх харилцаа заавал салалтаар дуусах албагүй.
Аль аль нь харилцаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Амьдрал гэдэг аливаа зүйлийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол дандаа эсэргүүцэн тэмцэх үйл явц юм шиг.
-Ер нь ийм асуудалтай хосууд танд хэр их ханддаг вэ. Эвлэрээд, асуудлаа ойлгоод гарсан тохиолдол байна уу?
-Өөрөө өөрийгөө олж харахын хажуугаар нөгөө хүнтэйгээ харилцах аргаа олж авдаг. Ойлголцоод гэр бүл, зүрх сэтгэлээ аварч үлдэж байгаа хос олон байгаа.
Эцсийн эцэст юун дээр асуудал үүсдэг вэ гэхээр ойлголцлын хэл гэж байхгүйгээс болоод харилцаанд дандаа зөрчил үүсэж, зөрчил нь даамжирсаар хүчирхийлэл болчихдог.
-Тодруулбал?
-Хамгийн анхдагч зүйл нь бол хосууд хоорондоо ярилцаж сурах хэрэгтэй. Юунд гомддог вэ, юунд уурладаг вэ, юунд баярладаг вэ, би ямар хүн бэ, чи ямар хүн бэ гээд ойлголцож мэдрэх хугацаа хүнд хэрэгтэй байдаг. Мэдээж эхний хэдэн сар, нэг жил буюу дурлалын үедээ бие биедээ аль болох өөрийн сайн сайхан зүйлсээ харуулах гэж хичээдэг. Хоёр дахь үе бол эсэргүүцлийн үе. Яг энэ үеийг даван туулж чадахгүй бол сална. Цаашлаад хүчирхийлэл болох магадлалтай. Тэгэхээр хайр дурлал, шохоорхол энэ нөхцөл байдал бүгд тодорхой хугацаатай, үе шаттай.
Хайр болоод хамтын амьдрал эхлэх хүртэл тодорхой үе шат байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд зөрчил эхэлж байгаа тэр үедээ зөрчлөө өөр өөрийн туршлага, аргаараа шийдэх гээд байх биш, үнэхээр хоорондоо ойлголцож чадахгүй бол гуравдагч хүнээс тусламж ав гэдэг нь энэ юм л даа.
Гэр бүл судлаач, гэр бүлийн сэтгэл засалч байж болно, зөвлөгөө өгдөг хүмүүсээс байж болно. Харилцааны хэлийг заалгана гэсэн үг.
Өөрсдийн гэсэн ойлголцлын хэлтэй болчихвол сайхан хайр бий болно.
М.ЖАРГАЛ