Тамхи татдаг хүмүүст мөнгөн урамшуулал өгөх нь хорт зуршлаас нь салгах хамгийн сайн арга болохыг судалгаагаар тогтоожээ. Зүүн Английн Их Сургуулийн (UEA) удирдсан судалгаагаар урамшуулал олгох нь хүмүүст тамхинаас гарахад тусалдаг бөгөөд удаан хугацааны дараа үр дүнгээ өгч болохыг баталсан аж.
Тэд судалгаагаа жирэмсэн боловч уг хорт зуршлаа хаяж чаддаггүй эмэгтэйчүүд дээр тулгуурласан аж. Энэ талаар "Cochrane Review" сэтгүүлд нийтэлсэн бөгөөд уг судалгааг UEA, Оксфордын их сургууль, Эдинбургийн их сургууль, Массачусетсийн Амхерстийн их сургуультай хамтран хийж байгаа гэнэ.
Судлаачид 21,900 гаруй хүнийг 48 төрлийн судалгаанд хамруулж, тэдгээрийг тамхинаас гарахад нь туслах урамшууллын янз бүрийн схемүүдийг туршиж үзсэн байна.
Тамхийг хаяж оронд нь санхүүгийн урамшуулал авсан 100 хүн тутамд 10 хүн зургаан сар ба түүнээс дээш хугацаанд тамхинаас гарах магадлалтай байсан бол санхүүгийн урамшуулал аваагүй 100 хүн тутмын долоо нь тамхи татахаа болих магадлалтай байгаа аж.
Мөн мөнгөн урамшуулал олгохыг зогсоосон ч үр дүнгээ өгнө гэж судлаачид үзэж буй. Тухайлбал, мөнгөн урамшуулал авсан 100 жирэмсэн эмэгтэй тутмын 13 нь зургаан сар ба түүнээс дээш хугацаанд тамхинаас гарах магадлал өндөр байсан бол санхүүгийн урамшуулал аваагүй 100 жирэмсэн эмэгтэй тутмын зургаа нь тамхинаас гарч чаджээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)