Боксын хүнд жингийн дэлхийн хошой аварга Тайсон Фьюри их спортоос зодог тайлж буйгаа зарлалаа. Фьюри хамгийн сүүлд арванхоёрдугаар сард WBA, WBC, WBO-ын аварга Александр Усиктай хийсэн хариу тулаандаа ялагдсан юм.
Өдгөө 36 настай Фьюри өмнө нь 2022 оны дөрөвдүгээр сард Диллиан Уайтыг хожсоныхоо дараа зодог тайлж буйгаа зарласан ч зургаан сарын дараа эргэн ирсэн юм. Их Британи гаралтай тэрбээр хоёр удаа дэлхийн аварга болсон бөгөөд 34 ялж, хоёр хожигдсон, нэг тэнцсэн амжилтыг эзэмшиж байна.
Тэр 2015 онд дэлхийн аварга Владимир Кличког ялж, WBA (Super), IBF, WBO, IBO, The Ring-ийн хүнд жингийн аварга цолыг хүртсэн юм. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаа шийдэж, рингэнд гараагүй байсаар хоёр жил хагасын дараа Фьюри 2018 онд эргэн ирж, 2020 онд WBC бүсийг авахын тулд Деонтей Уайлдерыг хожиж хоёр дахь удаагаа аваргалсан.
Л.Баяр